
Эрхэм Та доорх зургийг сайтар ажиглаарай. Энэ бол Африк тивийн зүрхэнд буй алдарт Климанжеро уулын ноён оргил мөнх цасны дээрээс нь авсан зураг.
Эхний зураг 1993 оных, хоёр дах зураг 2000 оных. Харамсалтай байгаа биз. Шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт, мөн газар тариалан эрхлэх зорилгоор ойг устгасаны гай.
Тээр жил Кени улсад явж байхад Климанжеро 2020 онд мөнх цасгүй болно, цас нь хайлж дуусна гэж, АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон цас нь хайлж дуусахаас өмнө Климанжеро ууланд очихыг хүсдэг гэж хэлсэн зэрэг харамсалтай мэдээнүүд сонсож байсан.
Одоо бид 2022 он гэж бичиж байгаа ч азаар Климанжеро уулын мөнх цас бүрэн алга болчихгүй, амь голтой шиг өдөр хоногийг өнгөрүүлсээр. Хэдхэн 10 жилийн өмнө халуун Aфрик тивд, экваторын шугамнаас 400 хан км-ын зайд байх мөнх цаст уулын оргилд (5800 метр) гарна гэдэг амь дүйсэн хэрэг байсан бол одоо бараг л цасгүй болоод байна.
Энэ бүхнийг бичихийн учир юу хэмээвээс Монголчууд бид Мөнх цаст хайрхануудаараа гайхуулах боломж бүхий дэлхийн цөөхөн хэдэн улсын нэг төдийгүй Мөнх цаст олон оргилуудаа үеийн үед хайрлан дээдэлж, шүтэн биширч ирсэн билээ.
Дэлхий дахинд уур амьсгал 1 градусаар дулаарахад мөнх цаснй зузаан 1 метрээр багасана гэсэн тооцоо байдаг юм билээ. Монголд уур амьсгал 1,7 градусаар дулаарсан учраас мөнх цаснууд багасаар л байгаа. Хэр зэрэг багасаж байгаа судалгаа хомсхон ч 2012 онд манай нэрт судлаач Г.Даваа ах 450км2 мөнх цасаар бүрхэгдсэн талбай байна гэсэн бол энэ тоо 1998 онд 655км2, 1981 онд 702 км2 байсан байх юм.
Гэтэл хамгийн сүүлийн судалгаагаар 2019 онд 360 км2 гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл 40 жилийн дотор мөнх цаснй эзлэх талбай 2 дахин буурсан буюу тал нь байхгүй болоод урсаад явчихсан гэсэн үг.
Дахиад 40 жилийн дараа юу болох бол? Жирийн нүдээр харахад ч мэдэгдэж буй энэ өөрчлөлт үнэхээр аймшигтай байгаа юм. Зүүн талаасаа буюу Отгон тэнгэр хайрханаас эхлээд их хайрханууд маань буурал тэргүүнээ гээж мөнх цас нь хайлах аюул нүүрлэсээр...
Үүний эсрэг бид юу хийх вэ? миний бодлоор хамгийн түрүүнд мөнх цасны хайлж буй усыг тогтоон барьж Монгол улсын баруун хэсэгт буй бүхий л нуур, голуудын усны тэжээл болгон хадгалж усны хуримтлал бий болгох. Үүний төлөө боломжит бүх л газар том жижиг усан сан, усны нөөцийн хуримтлал, хиймэл нуур, хөв цөөрмийг олноор барих хэрэгтэй. Алтайн нурууны хавцал, жалга бүр дээр том жижиг усан сангууд байгуулж, мөнх цасны хайлж буй их усыг хуримтлуулаад байвал үлдсэн жаахан мөнх цасыг сэлбэх хур тунадас бий болно, бас дээр нь мөнх цаснаас эхтэй бүхий л гол нуурууд, том зургаараа Их нууруудын хотгорын байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах боломжтой болно гэсэн үг юм. Хамгийн түрүүнд Эрдэнэбүрэнгийн гэж нэрлэгдээд буй Сэжигтийн хавцалд усан сан үүсгэх ажлаа нэн яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. Мэдээж энэ бүхний хажуугаар хур тунадасыг нэмэгдүүлэх зорилгоор мод тарих, асар их мод тарих, ургуулах, ойжуулах шаардлагатай юм. Мөнх цасаа, мөрөн голоо, ус нуураа аврах нь миний, таны, бидний амь нас, ирээдүй хойч үр хүүхдүүдийн минь хувь заяа учраас зайлшгүй хийхээс өөр аргагүй юм.
Мөнх цаст их хайрханууд, мөрөн гол, ус нуурууд маань үр хүүхэд биднийгээ өршөөх болтугай.
Зэнээмядарын Батбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.