
Нэгэн өвгөн өөрийн эхнэргүй болоод өөр эмгэнтэй суув. Өвгөн нэг охинтой, эмгэн нэг охинтой гэнэ. Хойт эхийн гарт амьдарна гэдэг ямар хэцүүг цөм мэднэ, тоглон гүйлээ гэж зодуулна, томоотой суулаа гэж балбуулна, илүүдүүллээ гэж нудруулна, дутуудууллаа гэж дугтчуулна.
Өөрийнхөө охиныг юу ч хийсэн магтан ухаантай сайныг нь гайхан уруул цорвойн үнсэж үгийн сайныг хэлнэ, үс толгойг нь илнэ.
Өвгөний охин үүрээр босон үнээгээ саана, ус түлээгээ оруулна, зуух пийшингээ галлана, гэр орноо шүүрдэнэ... Харин хойт эх хашгиран хараан загнана, юу ч хийсэн муу гэнэ, муухай гэнэ.
Дэгдсэн салхи намддаг байхад дэндсэн эмгэн харин улам давардаг байлаа. Тэгээд бүр хөөрхий охиныг хөөж, энэ хорвоогоос тонилгох гэж шийдээд,
- Энэ охиныг хоёр нүдэнд минь харагдахгүй холын хол аваачиж хая! Харанхуй хар ойд хага хөлдөөх жаварт аваачиж хая! гэж өвгөндөө үглэх болжээ.
Өвгөн гашуудан гунихран уйлж уйлж арга чаргаа баржээ. Авгайн үгнээс зөрөхийн арга байхгүй байлаа. Тэгээд морио тэргэндээ хөллөн,
- Охин минь, чарганд суу гээд авч яваад харанхуй ойд аваачаад хунгар их цасан дунд том гачуур модны доор орхичихоод явчихжээ.
Хөөрхий охин гачуурын доор суун дааран бөндгөнөтөл чичрэн байв. Тэгээд чих тавин чагнавал Жавар өвгөн хажууханд нь гачуураас гачууранд үсрэн ороолгож чахран исгэрэх нь дуулдав. Жавар өвгөн охины байгаа гачуурын дээр ирээд суув.
Охин минь, дулаахан байна уу, даараагүй биз дээ?
- Даараагүй ээ, даараагүй, Жавар өвөө минь!
Жавар доошлон тас няс хийтэл үлээн,
- Хөөрхөн охин минь, дараагүй биз дээ? Дулаахан байна уу? гэж асуухад охин бээрч хөшсөн эрүү амаа арай ядан эвлүүлэн,
- Даараагүй ээ, даараагүй, Жавар өвөө минь!
Жавар бүүр ч доошлон охиныг ороолгон тас няс хийтэл эсгэрэн үлээв.
Охины хамаг бие нь хөшин хөлдөж эхэллээ, тэгсэн ч улаа хөдөлгөн,
- Даараагүй ээ, даараагүй, Жавар өвөө минь! гэлээ.
Тэгэхэд Жавар өвгөн охиныг өрөвдөн дулаахан дээлээр хучин, өдөн хөнжлөө нөмөргөв. Хойт эх охиныг оршуулах юм бэлдэн хуймаг бин хайрч өвгөнийг хашгиран загнан,
- Алив, хөгшин зөнөг толгой чи яваад охиноо аваад ир, оршуулах болсон биз! гэлээ.
Өвгөн ой руу явж нөгөө газраа ирвэл том гачуурын доор охин нь халууцан хацар нь улайчихсан, булган дээл, алт мөнгөн гоёл өмсөж зүүчихсэн, хөгжилтэй хөөртэй зогсож байв гэнэ. Охиных нь хажууд үнэт бэлэг дүүрэн хайрцаг сав өрөөстэй гэнэ.
Өвгөн баярлан охиноо чаргандаа суулган бэлэг сэлтийг нь ачин гэрийг зүг давхижээ.
Хойт эх гэртээ хуймаг бин хайрна, ширээн доорхи нохой нь,
- Хав, хав! Өвгөний охин алт мөнгөнд хучигдан ирж явна, эмгэний охиныг эр нөхөр авахгүй дээ гэх юм гэнэ.
Хойт эх нохойд бингээсээ шидэж өгөөд,
- Худлаа хуцаад байх юм! "Эмгэний охиныг эр нөхөр авна, өвгөний охины ясыг авчирч явна" гэж хуцаач! гэв. Тэгтэл нохой ахиад л,
- Хав хав! Өвгөний охин алт мөнгөнд хучигдан ирж явна, эмгэний охиныг эр нөхөр авахгүй дээ! гэх юм гэнэ.
Хойт эх бингээсээ шидэж өгсөн ч нохой нөгөө л хэлдгээ хэлнэ гэнэ, нохойгоо гуядаж шавхуурдаж үзэж гэнэ, нохой нөгөө л хэлдгээ хэлээд хуцах юм гэнэ.
Гэтэл хаалга дуугаран үүд нээгдэн гэрэл гэгээ цацарсан алт мөнгөн гоёлтой булган дээлтэй сайхан охин орж ирсэн нь өвгөний охин байв. Хойноос нь үнэт их бэлэгтэй том том хайрцаг сав оруулж ирэв. Хойт эх гараа алдлан уулгалж...
- Хөөе, хөгшин толгой чи морио хөллө! Миний охиныг тэр газраа аваачаад орхи...
Өвгөн чаргандаа эмгэний охиныг суулган ойд аваачин нөгөө том гачуурын дор гүн их хунгар дээр буулгаж орхиод буцаж ирэв гэнэ. Эмгэний охин дааран эрүү ам нь хавиран сууна.
Жавар өвгөн гачуураас гачууранд үсрэн тас няс хийтэл ороолгон исгэрэн, эмгэний охиныг харж байснаа,
- Охин минь, даараагүй биз дээ? гэхэд эмгэний охин,
- Яасан хүйтэн юм бэ! Тас няс хийтэл бүү үлээгээч! орилов гэнэ.
Жавар улам доошлон бууж улам ширүүн шууран үлээгээд
- Даараагүй биз дээ, охин минь, даараагүй биз дээ? гэлээ.
- Хөл гар хөлдлөө хөлдлөө, хүйтэн Жавар чи холд холд... гэж дахиад л орилов. Жавар модны ёроол руу буун тас няс хийтэл үлээн исгэрэн,
- Хөөрхөн охин минь, даараагүй биз дээ? Даараагүй биз дээ? гэв.
- Аах оох, хөлдөж үхлээ! Хараал идсэн хар Жавар чи далд орооч! гэж эмгэний охин хашгирав.
Жавар уурлан хилэгнэж улам ширүүнээр шуурахад эмгэний охин хөлдөж үхжээ. Гэгээ ормогц эмгэн өвгөнөө загнан,
- Хөгшин толгой, морио хөллө! Алив хурдал, алт мөнгөнд хучигдсан охиныг минь аваад ир!... гэжээ. Өвгөн яваад өгөв. Ширээн доороос нохой,
- Хав хав! Өвгөний охиныг эр нөхөр авна, эмгэний охины ясыг шуудайд хийгээд авчирна даа гэв. Эмгэн нохойд боов шидэж өгөөд,
- Худлаа хуцаад байх юм! "Эмгэний охин алт мөнгөнд хучигдан ирж явна" гэж хуцаач! гэхэд нохой нөгөө л хэлдгээ хэлээд хуцаад байв гэнэ.
- Хав хав! Эмгэний охины ясыг шуудайд хийгээд авчирч явна...
Гадаа чимээ гарахад эмгэн охиноо угтахаар гүйн гараад хаалга үүдээ нээвэл хөлдөж үхсэн охин нь чарган дээр хэвтэж байлаа. Эмгэн халаглан уйлав, гээд өнгөрсөн хойно яах ч билээ!
Орчуулсан: Ж.Оюунцэцэг, "Үүлэн бор" номноос
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үүрийнтуяа
(103.212.117.170) 2022-11-24 22:44Хүүхэд байхдаа уншиж байсан яг тэр үүлэн бор номон дээрх шигээ гоёороо байна. Орчуулга их гоё байна. Хүүхэд насандаа очсон юм шиг л санагдаад. Баярлалаа.
Хариулах