Ойчид хөгжил дэвшлийн 90 жилтэйгээ золголоо

Twitter Print
2014 оны 09-р сар 22-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн өдрүүдэд ой, модны салбарынхан түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Эх орныхоо дөрвөн зүг найман зовхисоос ойн салбарын 600 гаруй зочид төлөөлөгчид хуран чуулсан “Хөгжил дэвшлийн 90 жил” баярын хурал өнгөрсөн ням гарагт Монголын хүүхдийн ордонд боллоо. БОНХ ийн сайд С.Оюун баярын хурлыг нээж, Ой, модны салбарын үе үеийн хамт олон, ажилчид, бизнес эрхлэгчид, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, алдар гавьяатнууд, ахмадуудад Монгол Улсад Ой, модны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргээд ой, модны салбарынхан хөгжил дэвшлийн 90 жилийн ойтойгоо золгож байна гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Хөгжил дэвшлийн 90 жилд бүтээсэн ололт амжилтын талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайд,Ой, модны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Б.Тулга илтгэсэн юм. Тэрбээр, “1924 оны 9 дүгээр сард хуралдсан Ардын засгийн газрын 39 дүгээр хурлаар Аж ахуйн явдлын яамыг 6 хэлтэстэйгээр байгуулж, түүний “Ой, модны хэлтэс”-т ой, мод, ан, амьтаныг хамгаалах, зохистой ашиглах асуудлыг хариуцуулж, улмаар Аж ахуйн явдлын яамны сайдын1924 оны 10 дугаар сарын 4-ны өдрийн 05 тоот тушаалаар уг хэлтсийн харъяанд Улаанбаатар хот болон Ерөөгийн эх Ходоод, Дорнодын Онон харуул, Хөвсгөл аймгийн Хатгалд анхны 4 ойн анги байгуулах шийдвэр гаргаснаар Монгол Улсад орчин цагийн ой, модны салбар үүсэн байгуулагдах үндэс суурийг тавьсан бөгөөд эдүгээ энэ салбар хөгжил дэвшлийнхээ 90 жилийн ойтой золгож байна.

Түүхэн энэ хугацаанд монгол уламжлалт гар мужааны аргаас машинжиж, үйлдвэржсэн ой, модны салбарыг бий болгож чадсан ахмад ойчдынхоо хөдөлмөр зүтгэлийг 90 жилийн өндөрлөгөөс бахдан тэмдэглэхэд таатай байна... гээд Өнөөдөр аймгуудын Байгаль орчны газруудын дэргэд ойн асуудал эрхэлсэн 5 алба, сумын болон сум дундын ойн анги 36 ажиллаж, ойн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг орон нутагт зохион байгуулан ажиллаж байна.

Улсын хэмжээнд 5.8 мянган өрхийн 21 мянга гаруй гишүүнтэй 1062 нөхөрлөл 2310663 га, 111 аж ахуйн нэгж 677737 га талбай бүхий ойн санг гэрээгээр эзэмшиж, хариуцан хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа ба улсын хэмжээнд 323 ойн мэргэжлийн аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна. Өөрөөр хэлбэл “Ойн анги---Ойн нөхөрлөл----ойн мэргэжлийн байгууллага” гэсэн бүтэц бүхий ойг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах тогтолцоо үйлчилж байна.

Ойжуулалтын ажлын улсын төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, энэ ажилд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх бодлого явуулсаны үр дүнд Монгол улсын иргэд тарьсан ойгоо хувьдаа өмчилж, эсвэл төрдөө худалддаг боллоо.

Ойжуулалт, ой хамгааллын ажлын норм үнэлгээг 2.0-3.0 дахин нэмэгдүүлж, эдгээр ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн нь ойн аж ахуйн салбарт ажиллагсадыг дэмжсэн чухал ажил болж, энэ салбарт ажиллах сонирхол нэмэгдэж байна. Төмөр замын дэрэнд мод хэрэглэхийг хориглосны зэрэгцээ импортоор оруулж ирэх зарим модон материалын гаалийн татварыг тэглэсэний үр дүнд импортоор орж ирсэн зүсмэл 2013 оны эхний хагас жил 4.9 мянган шоометр байсан бол 2014 оны эхний хагаст 89.7 мянган шоометр болж өссөн байна. Тухайлбал эдгээр арга хэмжээний үр дүнд 200.0 мянган шоометр мод бүхий байгалийн ойг огтлохгүйгээр үлдээж, бодит хэрэгцээгээ хангажээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63, 2013 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 178 дугаар зарлигуудын хэрэгжилтийг хангах зорилгоор бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулж, улсын чанартай авто замын дагуу ойн зурвас байгуулах “Дөрвөн зүг, найман зовхис” төслийг эхлүүлж, 10 км ойн зурвас байгуулан, цаашид эхний ээлжинд аймаг бүр төвийн цэцэрлэгт хүрээлэнгээс автозам дагуу хүндэтгэлийн өндөрлөг хүртэл мод тарьж ургуулан, арчлан хамгаалах, ойн зурвас байгуулах, аймаг, сум бүр цэцэрлэгт хүрээлэнтэй болох, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлуудыг зохион байгуулж эхлээд байна.

Ойн хөнөөлт шавж, өвчний тэмцлийн ажилд химийн бодисын хэрэглээнээс бүрэн татгалзах бодлого барин биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргыг хэрэглэх замаар ногоон технологид шилжүүлэх зорилт тавин ажиллаж 2012-2013 тэмцлийн ажлын 40%-г, дээрх аргаар хийсэн ба 2014 онд 70%, 2016 он гэхэд 100% байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологид шилжүүлэхээр ажиллаж байна..

Oй, хээрийн түймрийн аюулын зэрэг өндөртэй аймаг, сумуудад түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах орон нутгийн Зөвлөл байгуулагдан ажиллаж ой бүхий аймаг, сум бүр байгаль хамгаалах төлөвлөлгөө, хөтөлбөртэй болж, цаг уурын горимоор түймрийн аюулыг урьдчилан мэдээлэх бүс нутгийн мониторингийн сүлжээний эхлэл тавигдлаа.

Улсын хэмжээнд 17 аймгийн 170 суманд нэн хэрэгцээт 7 нэр төрлийн багаж, техник хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулж, Улсын хил дагуу 400 км урт түймрээс хамгаалах зурвас гаргаж, Улсын хил болон хил дамнан гарч байгаа ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх зорилгоор ХХЕГ-тай “ Санамж бичиг” байгуулан хамтарч ажиллаж байна.

2014 онд Ойг түймрээс хамгаалах тухай хэлэлцээрийг Монгол Улс ОХУ-н Засгийн газрын түвшинд байгуулсан нь Монгол орны ойн нөөцийг хамгаалахад нэгэн шинэ алхам боллоо.

Ойн салбарт мэргэжилтэй ажилчид бэлтгэж байсан тогтолцоог сэргээж, шинэ шатанд гаргах зорилгоор сургалтын шинэ хөтөлбөрийг боловсруулж, Зүүнхараа болон Хөвсгөл аймаг дахь МСҮТөвүүдийн материаллаг баазыг сайжруулж, сургагч багш нарыг гадаадын өндөр хөгжилтэй оронд бэлтгэсний зэрэгцээ Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Хөдөлмөрийн сайдын хооронд санамж бичгийг байгуулж 2014-2016 онуудад 1000 ойн мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг эхлүүллээ.

Улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор нь авч үзсэн ногоон хөгжлийн бодлоготой уялдсан, ой модны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх менежменттэй холбоотой асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, үйл ажиллагааг чиглүүлсэн ойн бодлогын зорилго, баримтлах зарчим, хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлсон “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлж УИХуралд өргөн мэдүүлээд байна.

Хэдийгээр бидэнд 90 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн зүйл олон байгаа ч цаашид бидний өмнө шийдвэрлэх олон асуудал байна.

Өнөөдөр Ойн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 72 чиглэлийн ажлын хэрэгжилтийн байдалд дүгнэлт хийж үзэхэд 16 чиглэлийн ажил нь 90-100 хувийн биелэлттэй, 27 чиглэлийн ажил 60-80 хувийн биелэлттэй, 7 чиглэлийн ажил 50 хувийн биелэлттэй, 15 чиглэлийн ажил хангалтгүй, 7 чиглэлийн ажил огт хэрэгжиж эхлээгүй, ерөнхий дүнгээрээ ойн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 80 хувийн биелэлттэй байна.

“Ногоон хэрэм” хөтөлбөрийн нэгдүгээр үе шат /2005-2015 он/-д эрх зүйн зохион байгуулалт, үндэсний чадавхийг бүрдүүлсний үндсэн дээр нийт ажлын 20-иос доошгүй хувийг гүйцэтгэж хэрэгжүүлэх арга технологийг эзэмшсэн байх зорилт тавьсанаас /47806 га талбай бүхий 940 км ойн зурвас байгуулахаас 6288.9 га талбай бүхий 108 км ойн зурвас тарьж/ төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 13.0 орчим хувь, таримал ойн амьдралт туйлын хангалтгүй байна.

Тухайлбал. Ойг нөхөн сэргээх ажилд 200 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож байна. Гэвч ойг нөхөн сэргээх ажлын дүнгээс үзэхэд улсын хэмжээнд 44788 га талбайд нөхөн сэргээх ажил хийснээс 66.9 хувь нь 40-өөс дээш хувийн амьдралтай, 15 хувь нь 25-40 хувийн амьдралтай, 11 хувьд амьдралтын хувь хангалтгүй байна.

Ой, модны салбарын өмнө тулгамдаж байгаа эдгээр олон асуудлыг бид хамтдаа шийдвэрлэж чадна гэдэгт итгэл төгс байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна. Тухайлбал, бид эхний ээлжинд хувийн хэвшилд суурилсан ойн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг оновчтой үр ашигтайгаар зохион байгуулж ойгоо эрүүлжүүлэх, мод бэлтгэлийн үлдэгдэл, хаягдлыг иж бүрэн боловсруулж иргэдийнхээ мод, модон материалын хэрэгцээг хангах, говь, тал, хээрт цөлжилтөөс хамгаалсан агро-ойн аж ахуйг хөгжүүлэх, ойжуулалтын ажилд улирлын хамаарлыг багасгасан дэвшилтэт технологи нэвтрүүлэх, шилмэл ойн үрийн аж ахуйг хөгжүүлэх, зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглээд амьд өв болсон ойгоо ургуулж амьдрахыг уриаллаа.

90 жилийн түүхэн хуудсаа бичин тэмдэглэж байгаа байгаа ой, модны салбарынханд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар болон хамтран ажилладаг байгууллагуудаас баярын мэндчилгээ илгээсэн юм. Мөн Дундговь аймгийн сум дундын ойн ангийн дарга Ш.Галбадрах, өндөр настан Ж.Баатарсүрэн,ОБЕГ ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга С.Залуухүү, ХХЕГ ын дэд хурандаа Л.Ууганбаяр, Ой судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Ариунболд нарын 100 гаруй ажилтан, албан хаагчид “Байгаль тэргүүний ажилтан “ цол энгэрээ мялаалаа.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.