Утаагүй зуух авах иргэдийн бүртгэл эхэллээ

Twitter Print
2014 оны 09-р сар 22-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд иргэдэд утаагүй, сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр худалдах болсон. Энэ жил албаныхан нийт 16000 гаруй өрхөд шинээр зуух тараахаар бэлтгэл ажлаа базааж байна. Улмаар 16000 гаруй өрхөд шинэ зуух тарааснаар нийслэлийн гэр хорооллын иргэд үндсэндээ 100 хувь сайжруулсан зуухаар хангагдах боломжтой гэж үзэж байгаа аж. Утаагүй зуухыг нийслэлийн зургаан дүүргийн 25-35 хороогоор дамжуулан түгээнэ. Өнгөрсөн хугацаанд хотын төв орчмын гэр хорооллын өрхүүд сайжруулсан зуухаар 100 хувь хангагдсан. Харин энэ удаад 15000 гаруй өрх нь ихэвчлэн нийслэлээс алслагдсан, хотын захад амьдарч буй өрхүүдэд хуваарилагдах аж. 

Өмнө нь иргэд гурван төрлийн сайжруулсан зуухнаас сонголт хийдэг байсан бол энэ жилээс сонголт нэмэгдэж байгаа юм байна. Тодруулбал, найман төрлийн зуухнаас сонгох боломжтой. Шинэ зуухыг иргэд 66 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. Ингэхдээ түрүү жил захиалгаа өгөөд зуухаа хараахан авч чадаагүй иргэд эхний ээлжинд авах аж. Мөн захиалгаа өгсөн ч мөнгөө төлөөгүй байсан иргэд мөнгөө өгвөл зуухаа хүлээж авах боломжтой юм байна.

Иргэд утаагүй зуух худалдан авчихаад, цааш дамлан борлуулах үзэгдэл олонтаа гардаг. Өнгөрсөн жил үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гарч, шалгалт хийсэн. Уг шалгалтаар багагүй хэмжээний зөрчил, дутагдал илэрч, торгуулийн арга хэмжээ авсан байдаг. Тэгвэл энэ жилээс эхлэн ажлын хэсгийг илүү өргөжүүлж, өргөн хүрээнд шалгалт хийхээр болсон байна. Шалгалтаар тухайн айл өрх утаагүй зуухаа ямар нэгэн байдлаар худалдан, борлуулсан, ашиг олсон нь тогтоогдвол зуухны үндсэн үнийг төлүүлэх хүртэлх арга хэмжээ авах юм.

Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харьяалалтай өрхүүд энэ сарын 22-ноос буюу өнөөдрөөс эхлэн харьяа дүүрэг, хороондоо бүртгүүлэх боломжтой. Бүртгэл энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ. Иргэд захиалгаа харьяа хороондоо биеэр очиж өгөх боломжтойгоос гадна онлайнаар өгч болно. Үүнтэй холбоотойгоор хороодод цахимаар хэрхэн захиалгаа өгөх талаар зөвлөх ажилтнууд ажиллахаар болжээ. Сайжруулсан зуухны зах зээлийн үнэ 272-484 мянган төгрөгийн үнэтэй. Харин иргэд зуухаа 66 хувь хөнгөлүүлснээр 16-228 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой.   

Дашрамд дурьдахад, “Цэвэр агаар” төслийн зүгээс иргэдэд утаагүй зуух худалдан борлуулахтай холбоотойгоор энэ сарын 18-нд нийслэлийн зургаан дүүргийн 92 хороодын Засаг дарга, зохион байгуулагчдад сургалт хийсэн байна. Хороодын зохион байгуулагч нар хөтөлбөрт хамрагдах иргэдийг онлайнаар бүртгэх боломжтой болсон нь тэдний ажлыг чамгүй хөнгөлж байгааг онцолжээ. “Цэвэр агаар” төслөөс ийнхүү хороодын Засаг дарга нар, зохион байгуулагчдад сургалт хийснээр иргэдэд аль болох төвөг чирэгдэл багатайгаар үйлчлэх, утаагүй зуухыг илүү богино хугацаанд, түргэн шуурхай иргэдэд хүргэхэд үр дүнтэй гэж үзэж байгаа юм.

Л.Дэлгэр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.