Энэ сард 23 хүн осгож, 26 иргэн архинд хордож нас баржээ

Twitter Print
2019 оны 12-р сар 27-нд 15:56 цагт
Мэдээний зураг,

Арванхоёрдугаар сар гарч, ялангуяа шинэ жил дөхөхтэй зэрэгцэн албан байгууллагууд баяраа тэмдэглэдэг.

Үүнтэй зэрэгцэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, архинд хордох, согтуу явж байгаад осгох, бусдад дээрэмдүүлэх зэрэг хэрэг зөрчил эрс нэмэгддэг. Цагдаагийн байгууллага энэ сарын 10-наас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Уг арга хэмжээний үр дүнгийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээлэл хийлээ.

Арванхоёрдугаар сар гарснаас хойш Улаанбаатар хотод 2623 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 630 буюу 19.4 хувиар буурсан үзүүлэлт. Мөн энэ сар гарснаас хойш 23 хүн осгож, 26 иргэн архинд гүн хордсоны улмаас нас баржээ. Тиймээс гудамж талбайд ухаангүй байдалтай хэвтэж байгаа хүнтэй таарвал яаралтай эмнэлэг болон цагдааагийн байгууллагад мэдээлэл өгөхийг зөвлөв. Мөн хамт олноороо баяр тэмдэглэчихээд нэгнээ хүргэж өгдөггүй, хоорондоо зодолдож маргалддаг, харих замдаа осгож нас барах тохиолдол бүртгэгдсээр байгааг цагдаагийн байгууллага анхаарууллаа.

Улаанбаатар хотын эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг. Харин шинэ жилийн баярын өдрүүдэд энэ тоо 300 гаруй болж өсдөг. Цэнгээний газрууд шөнө хаах цагаар замын түгжрэл үүсэж байгааг мөн онцлов.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.