Томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв ч түүгээр өр тэглэх нь буруу

Twitter Print
2020 оны 01-р сар 08-нд 09:00 цагт
Мэдээний зураг,
  • Монголын төр мөнгөний удирдлагыг зөв хийж чадахгүй байгаа тохиолдолд нэг ч гэсэн иргэний зээлийг хааж, өрийн дарамтаас гаргасан нь дээр гэсэн аргаа ядсан хувилбараар зөвтгөж болох юм

  • Томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ирээдүйд хөрөнгө оруулах салбарт ашиглаж, иргэдийн амьжиргааг урт хугацаанд нь сайжруулах бодлого барих хэрэгтэй 

ЭЗИС-ийн багш, профессор, судлаач, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар ярилцлаа. Тэрбээр эдийн засгийн хувьд эвлэрч боломгүй шийдвэрийг зөвтгөх арга ядсан ганц гарцыг хэлснээс гадна тэтгэврийн тогтолцоог хэрхэн өөрчилж болох саналаа хуваалцсан юм. 

-Тэтгэврийн зээлийг тэглэх нь эдийн засагт үр өгөөж бүхий шийдвэр мөн үү?

-Энэ шийдвэрийг олон талаас нь харах хэрэгтэй. Орлого багатай тэтгэврийн хөгшдөө бодохоор тэглэх нь зөв. Харамсалтай нь улстөрчид ард түмний амьдралыг дордуулсан шийдвэр гаргаж, ядуу дорой байдал дээр тоглолт хийж байгаа нь ойлгомжтой байна. Эдийн засгийн хувьд сайн шийдвэр биш. Нэг талдаа тэтгэврийн зээл авсан иргэд өрөө тэглүүлж байгаа боловч, нөгөө талдаа гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээтэй дүйцэхүйц мөнгө дансанд бичигдэх нь байна.Өнгөрсөн онд мөнгөний нийлүүлэлт 10 хүрэхгүй хувиар өссөн. Манай мөнгөний нийлүүлэлтийн нийт хэмжээ 20 их наяд орчим төгрөг байна. Гүйлгээнд байгаа мөнгө нь 800 тэрбум төгрөг байна. Ерөнхийдөө бол тэтгэврийн зээл цаашдаа орших эсэх нь эргэлзээтэй. Нэг удаагийн үйлдлээр тодорхой хэсгийг аварч халамжилж байгаа боловч цаашдаа энэ хүмүүс зээлийн гэх  тодотголтой санхүүгийн эх үүсвэргүйгээр амьдрах болж байна.

-Тэтгэврийн зээл хэр үр дүнтэй санхүүгийн механизм вэ?

-Тэтгэвэр авагч ихэнхдээ өөрийнхөө төлөө зээл авдаггүй. Тухайлбал, үр хүүхдийнхээ төлөө ч юм уу эсвэл бусдын хэрэгцээг хангахын төлөө зээл авдаг гэж МУИС-ийн хийсэн судалгаанд дурдсаныг эшилсэн байна лээ.Бид системдээ 18 орчим их наяд төгрөгийн зээлтэй, үүнээс тэтгэврийн зээл нь хүүгийн хамт 800-аад тэрбум төгрөг байна. Ингэхээр системийн зээлийн 5-6 хувьтай тэнцэнэ гэсэн үг. Тэтгэврийн зээл бол том бүтээгдэхүүн биш, мөн эх үүсвэр нь баталгаатай учраас чанаргүйддэг зээл биш. Эдийн засгийн удирдлага буруу, мөн тэтгэврийн тогтолцоо ны гажуудлаас үүдэж иргэд тэтгэврийн зээл гэдэг бүтээгдэхүүнээр тодорхой хэмжээний хэрэгцээгээ хангадаг болчихоод байна. 

-Салхитын мөнгөний ордоос хоёр их наяд төгрөг хуримтлуулаад, тэр мөнгөөрөө зээлээ тэглэнэ гэсэн байр суурь бий. 

-Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулахыг дэмжинэ. Гэхдээ түүнийг барьцаалж, бонд гаргаж, өрийг тэглэдэг жишиг байдаг эсэхийг мэдэхгүй. Томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ирээдүйд хөрөнгө оруулах салбарт ашиглаж, иргэдийн амьжиргааг урт хугацаанд нь сайжруулах бодлого барих хэрэгтэй. Гэвч өнөөдөр энэ мэдэгдэл ажил хэрэг болохоор бэлтгэл эхэлчихсэн байна.

Ажлын хэсэг гарч, Засгийн газраас хууль өргөн барих юм байна. Улстөрчид энэ гавьяаг өөртөө наах амбиц хүчтэй илэрч байгаа тохиолдолд энэ ажил хэрэгжиж магадгүй. Гэхдээ эдийн засгийн схемийн хувьд үнэхээр буруу. Монголын төр мөнгөний удирдлагыг зөв хийж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд нэг ч гэсэн иргэний зээлийг хааж, өрийн дарамтаас гаргасан нь дээр гэсэн аргаа ядсан хувилбараар зөвтгөж болох юм.

-Монголбанкны ерөнхийлөгч банкуудыг тэтгэврийн зээл гаргахыг зогсоогоод байгаа. Богино хугацаанд эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Үүнийг цагаан сараас өмнө шийдэх гэж оролдох юм шиг байна. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийг тав орчим хувиар нэмнэ гэсэн үг. Нөгөө талдаа цагаан сар дөхөж байхад иргэдийн тэтгэврийн зээл авах боломжийг хязгаарлах юм байна. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх бүрт тодорхой хэмжээний хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдаг тул Монголбанкны энэ үйлдэл зөв. Энэ гэнэтийн мэдэгдлээс болж тэтгэврийн зээл гэдэг бүтээгдэхүүнийг хамгийн эрэлттэй байдаг үед нь гарцыг шууд хязгаарлах нөхцөлд хүргэлээ.

-Та нийгмийн даатгалын системийг шинэчлэх талаар асуудал дэвшүүлсэн. Ямар хэв маягаар авч явбал илүү тохиромжтой байна вэ?

-Тэтгэврийн даатгалын тогтолцоо, түүний зорилгыг ойлгох хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын үндсэн зорилго нь иргэнийг өндөр настай, хөдөлмөрийн чадвараа алдах үед ядуурлаас хамгаалах тогтолцоо юм. Энэ тогтолцоо цалинд суурил сан. Сая төгрөгийн цалин авч байсан хүн тэтгэвэрт гарвал, маргааш нь 400,000 төгрөгийн орлоготой болж, ядуурал руу алхана. Одоо төлж байгаа иргэд ирээдүйд ямар тэтгэвэр авах нь тодорхойгүй. Иргэндээ ээлтэй бус тухайн тэтгэвэр тэтгэмж нь иргэн хүндээ үйлчилж чаддаггүй. Тиймээс албан журмын тогтолцоог тодорхой хэмжээний хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх, хувийн тэтгэврийн тогтолцоог хамт хэрэгжүүлэх хувилбарыг сонгох хэрэгтэй.

-Нийгмийн даатгалын системийн хувьд үлгэр жишээ авахаар ямар улс байдаг вэ?

-Хуучин социалист байсан орнуудаас манай улс хамгийн хоцрогдмол. Польш хуримтлалын тогтолцоо руу шилжээд буцсан нэг тохиолдол бий. Дэлхийн тэргүүн туршлагуудаас Монголд нийцсэн байдлаар оруулж ирэх нь тохиромжтой. Австрали, Голланд, Япон зэрэг орны нийгмийн даатгалын систем маш сайн. Ялангуяа Австрали бол таван шатлалтай тэтгэврийн тогтолцоотой бөгөөд тэтгэвэрт хамрагдалтаараа дэлхийд хамгийн өндөрт ордог. Одоо ажил хийж байгаа иргэн ирээдүйд тэтгэвэрт гарахдаа ядууралд өртөхгүй гэсэн үг. Үүнээс үзвэл, хуримтлуулсан мөнгө нь иргэндээ үйлчилдэг тогтолцоог бид хүсэж байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.