Беларусийн сөрөг хүчнийхэнд 10-11 жилийн ял оноожээ

Twitter Print
2021 оны 09-р сар 08-нд 08:16 цагт
Мэдээний зураг,

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Беларусийн сөрөг хүчний хоёр гишүүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутай гэж үзэж, хорих ял оноожээ.

2020 оны Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж сөрөг хүчнийхэнтэй нэгдэж, эсэргүүцлийн жагсаалд оролцсон Мария Колесниковад 11 жил, хуульч Максим Знакд 10 жилийн хорих ял оноожээ. М. Колесникова, М. Знак нар буруугаа хүлээгээгүй бөгөөд өмгөөлөгчид нь шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

2020 оны Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг Европын холбоо, АНУ, Их Британи зэрэг улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй ба Ерөнхийлөгч А. Лукашенког эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан олон сар үргэлжилсэн билээ. Жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, хэдэн арван мянган иргэдийг баривчилсан юм.

Чөлөөт сэтгүүлчид, сөрөг хүчний гишүүдийг баривчилж, өнөөдрийн байдлаар Беларусийн шоронгуудад 650 орчим улс төрийн хоригдол хоригдож байна.

Беларусийн сөрөг хүчний тэргүүн, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Светлана Тихановская сонгуулийн дараа Литва руу дүрвэсэн бол М. Колесникова эх орноосоо явахаас татгалзаж, цагдаа нарт баривчлагдан, хоригдоод 11 сар болж байгаа юм.

Беларусийн филармонийн хөгжимчин М. Колесникова Беларусийн сөрөг хүчин, эсэргүүцлийн хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон юм.

М. Колесникова, М. Знак нарыг шүүх хурал хаалттай болж өнгөрсөн ба М. Знак БиБиСи сувагт өгсөн ярилцлагадаа шүүхэд баримт нотолгоо хангалтгүй, ял оноох ямар ч үндэслэл байхгүй байсантай холбоотойгоор шүүх хурлыг хаалттай явуулсан гэжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.