Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд

Twitter Print
2022 оны 06-р сар 12-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн энергийн төв Дэмчогийн хийд

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11 км-ийн зайд дэлхийн энергийн төв гэх Дэмчогийн хийд оршдог.

Тус хийдийг говийн догшин ноён хутагт Данзанравжаа байгуулж, номын өргөөгөө байгуулж байсан түүхтэй аж. Ноён хутагт 1830 онд 27 насандаа эл нутагт морилон очиж, “Энэ нутаг миний хувьд бууж мордоод өнгөрөх төдий бус амьдралынхаа тодорхой хэсгийг өнгөрөөх ёстой нутаг орон байна” хэмээн айлдсан гэнэ. Учир нь эл нутагт хүний шиднээс илүү газрын шид нь ноёлсон, хүн шүтэж биширч чадвал сайн сайхан бүхнийг хүнд өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт цөөн хэдэн хүний амийг аваад үлдэх ер бусын газар орон байна хэмээн хутагт айлдаж байсан түүхтэй ажээ.

Тиймээс ноён хутагт амьдралынхаа 20 гаруй жилийг эл нутагт өнгөрөөж, Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд гэсэн гурван холбоо хийд байгуулсан байна. Энэ гурван хийдийг Галбын гурван хийд гэж нэрлэдэг бөгөөд чандманалсан гурван хийдийн нэг Дэмчогийн хийдийг дэлхийн энергийн төв болохыг сансраас авсан газрын зураг ч баталсан гэж үздэг.

Говийн ноён Хутагт Данзанравжаагийн эргэл мөргөлөө хийж, номын айлтгалаа үйлдсэн энэхүү хийдийг дээрээс харахад вааранд суулгасан цэцгийн хэлбэртэй байгуулсан байдаг. Хийдийн ар талд байрлах бэлэг хадыг ноён хутагт өдрийн турш аравнайлан арц, хүж уугиулан, рашааны дээжээ өргөн өнжсөн гэдэг. Ноён хутагтаас энэ ямар гээч ид шидтэй хад хайрхан байна вэ гэхэд хутагт “Энэ хад цохио нь эр хүнд чадал чансаа, аз жаргалыг бэлэглэх, эм хүнд сайн хань, сайхан үр заяах, хүний амьдралын болж бүтэхгүй бүхнийг тэгшлэх заяатай хад юм. Үүнийг бадамлянхуа цэцгээр тахих учиртай” хэмээн айлдсан байдаг. Энэ дагуу 1836 онд Дэмчогийн хийдийг байгуулсан. Цэцгийн найман дэлбээнд найман суварга байгуулсан байжээ.

Сүүлийн жилүүдэд уг хийдийг сэргээн сүм дуган барьж, тухайн суваргуудыг ч бүтээсэн байдаг бөгөөд одоо энэхүү хийдийг дотоодын аялагчид ихэвчлэн зорьж очдог. Дэмчогийн хийдэд улааны шашны зан үйлийг илэрхийлэх олон зүйлс байдгийн нэг нь нар буруу тойрох учиртай нэгэн суварга юм. Диваажингийн орны авидын суварга гэх тэрхүү суваргыг нар буруу тойрох тусам ариусдаг нигуртай гэнэ. Хийдийн дотоод засал шүншиг равнайг бурханч лам Г.Пүрэвбат өөрийн шавь нарын хамт бүтээжээ.

Уг хийдийн зүүн өмнөд талд энергийн хад байрлах бөгөөд уг суудалд ноён хутагт сууж номын ширээгээ залж, бясалгал үйлддэг байсан түүхтэй аж. Тэрхүү энергийн суудалд суун туурвисан олон арван бүтээлийн нэг нь “Үлэмжийн чанар” дуу ажээ.

Хийдийг энергийн төв хэмээн нэрлэх болсны учрыг тогтоохоор олон эрдэмтэн мэргэд зорин очиж байжээ. 2007 онд ШУА-ийн физикийн хүрээлэнгийн доктор Дашням уг хийдэд очиж энергийн төв цэг болон бүсийг тогтоожээ. Тийн тогтооход хутагтын номын ширээгээ залсан хад энергийн гол төв цэг нь байсан гэнэ. Гол цэгээс 15 км-ийн радиуст энергийн бүс байгааг эрдэмтэд тогтоожээ. Харин сансрын зурагт Дэмчогийн хийдээс тал бүрт 30 км-т хүний биед эерэг нөлөөтэй агаарын хуйлрал байгааг баталжээ. Тиймээс Дэмчогийн хийдийг энергийн төв цэг гэж нэрлэх болсон байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.