Хөгшөлт гэдэг бол хүний сониуч зан унтарч үгүй болохын нэр юм

Twitter Print
2020 оны 10-р сар 01-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Аавыг бурхан болсоны дараа би ээжийгээ өөр дээрээ авахаар шийдсэн юм. Хрущевын үеийн хуучны байранд ганцааранг нь яаж үлдээх билээ? Ялангуяа тэр байранд бүх юм алхам тутамд аавыг минь санагдуулаад байхад. Би ээждээ Стокгольмоос урилга явуулав. Оршин суух зөвшөөрөл нь ч саадгүй гарч ээж маань манайд нүүгээд ирлээ.

Манай энд өндөр настнууд хэнээс ч хараат байх ёсгүй гэж үздэг тул гурван сарын дараа ээжид улсаас үнэгүй орон сууц өгч, тэтгэвэр тогтоож өгөв. Дээр нь ээж эрүүл мэндийн үйлчилгээнд үнэгүй хамрагдаж, такси болон нийтийн унаанд төлбөргүй зорчиж байхаар боллоо. Нэг үгээр хэлэхэд, бүх юм нь төлбөргүй!

Тэгж байтал нэг өдөр ээжид нэг бичиг ирдэг юм байна. Сонирхоод үзвэл “Гадаадын иргэдэд зориулсан швед хэлний сургалтанд хамрагдахыг хүсвэл Та манайд тавтай морилно уу. Манай сургалт тэдэн сарын тэдний өдөр эхэлнэ” гэсэн байлаа. Ээж санаа зовсон байртай “Хүүхээ, муу ээж нь одоо 73-тай шүү дээ... амьтан хүний доог тохуу болчихгүй байгаа?” гэхэд нь би сэтгэлийг нь засах санаатай “Ээж ээ, та сургуульд байхдаа онц сурдаг байсан юм чинь энд ч бас онц сураад үзүүлээд өгнө...” гэлээ.

Тэгээд тогтсон өдөр ээж сургалтын төв дээр яваад очлоо. Өөр шиг нь эмээ өвөө нар олон цугласан харагдана. Тэдний зарим нь ээжээс 10-аад насаар ах, 83-тай. Зарим нь арай залуу, 67-той... өндөр настнуудынхаа дунд хүүхдээрээ шахуу гэх үү дээ. Ингээд нэг анги бүрдлээ. Хүүхдүүд бие биедээ сайн болох, хайрын зурвас шидэлцэх, төрсөн өдөр болон бусад баярын өдрүүдээр бялуу задлах, Швед улсаар тойрон аялах гээд нэг ангийнхны дунд болдог бүхий л зүйл жам ёсоороо болж эхэллээ...

Ээж маань 97-тойдоо бурхан болсон. Нэг найз нь 103-тайдаа, өөр нэг найз нь эмч нарын алдаагаас болж 99-тэйдөө өөд болсон. Ээжийн ангийнхан хамтарч нэг ном гаргаж Испани, Англи, Израиль улсуудар аялж ихэд сэтгэл өндөр ирцгээж билээ. Энд нэгэн зүйлийг онцолж хэлмээр байна... Ээжийн ангийхны дийлэнх нь одоо хэр нь амьд сэрүүн байгаа гээд та бод доо.

Ихэнх хүн тодорхой насан дээрээ ирээд “Амьдрал дууслаа... Өвчин зовлон, үхэл хагацлаас өөр юу ч үлдсэнгүй. Миний юу бодож, юу хүсэж явдаг хэнд ч хамаагүй болж... ингээд би хаягддаг юм байж.. яаж энэ насыг барна даа...” хэмээн бодож эхэлдэг. Харин хичээлд сууж гадаад үг үсэгнүүдийг муруй суруй, алдаатай ч хамаагүй бичиж эхлэнгүүт “Би энэ хэлийг сураад олон шинэ найз нөхөдтэй болж, тэдэнтэй чөлөөтэй ярьж хөөрдөг болно...” гэх мэдээлэл тархинд очиж эхэлдэг. Хүн гэдэг бол махан бие төдий бус... сэтгэлийн амьтан гэлцдэг шүү дээ.

Сэтгэлийн тэнхээ муутай хүн үлдсэн насаа шууд утгаар нь барж дуусгадаг. Харин сэтгэлийн тэнхээтэй нэг нь: “Чиний 70-тай чинь тэндээ л юм байгаа биз... Би явах болоогүй байна. Гадаад хэлээ үзэж дуусгамаар байна. Нэг хүнтэй учирсан... Дөнгөж 65-тай залуухан. Түүнтэйгээ ядаж 80 хүртлээ хамт баймаар л байна шд...” гэх зэргээр махан биеэ тавлана. Энэ үед нэгэн ер бусын зүйл болж тархи шинээр програмчилагдан хөгшрөх процесс зогсдог бна.

Тэгэхээр цаг ямагт сониуч байж, шинэ содон зүйлд шамдан суралц. Та өмнө нь уран уншлагаар хичээллэж байгаагүй юу? Тэгвэл оролдоод үз! Нуугдмал авьяасаа нээж дикторын хоолойгоор ярдаг болчих ч юм билүү. Эсвэл бүжгийн дугуйланд бүртгүүлж сальса, фламенко хийж сураад урьд өмнө нь очиж байгаагүй газруудаараа аялж тэмцээн уралдаанд оролцох ч юм билүү.

Таны өмнө цоо шинэ ертөнц нээгдэх шиг болж амьдрал цоо шинэ өнгө будгаар солонгороод ирнэ. Тэтгэвэрт гарах хүртлээ хийж байсан нэг хэвийн уйтгартай ажлаа санан дурсдагаа боль. Одоо таны өмнө хүссэнээ хийх он жилүүд ирээд байна... тав, арван жил байсан ч хамаагүй.

Аливаад сониуч зангаар хандаж эхэлмэгц хүн залуужиж эхэлдэг гэдэг. Ингэхээр хөгшрөлт гэж юу юм бэ? Хөгшөлт гэдэг бол хүний сониуч зан унтарч үгүй болохын нэр юм. Хэрвээ та эргэн тойрноо гайхсан хүний тунгалаг харцаар хардаггүй бол, хэрвээ та “Бүх зүйл дууслаа... бүх зүйл ард үлдээ... миний юм сурдаг ч дээ... ” гэх зэргээр боддог бол та хөгширч байна гэсэн үг. Тэгэхээр урт удаан наслая л гэвэл сэтгэлээ шинэ содон зүйлээр байнга цэнэглэж, сэтгэлээрээ залуу яв!

Михаил Казиник

Эх сурвалж: F4B сайт

Орчуулсан: Өлзийбатын Уянга

2020-09-27

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.