
Жил бүрийн 3 сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гарагийг бөөр хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Ингээд бөөрний тухай:
1. 2006 онд олон улсын бөөр судлаачдын нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор өдрийг санаачлан тэмдэглэж эхэлсэн. Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бол одоогоор дэлхийн 200 гаруй оронд тэмдэглэдэг бөөр хамгаалах өдрийн энэ жилийн уриа нь “Бүх нийтээрээ бөөрөө хамгаалъя: гэнэтийн зүйлд бэлэн байж, эмзэг бүлгийнхнийг дэмжие” юм. Одоогийн байдлаар дэлхийн 8 тэрбум хүний 850 сая орчим нь бөөрний өвчтэй бөгөөд ихэнх эмнэлэгийн нийт төсвийн ¼ нь бөөрний дутагдалтай өвчтөний эмчилгээнд зарцуулагддаг аж. Бөөрний өвчин улс орон, хувь хүний эдийн засагт хор хөнөөлтэйгээө гадна бөөр үндсэн үүргээ биелүүлж чадахгүй, хорт бодис биеэс гадагшлахгүй, цус төлжихгүй, даралт хэвийн биш болохоор хүний бие организмын солилцоо тэр чигээрээ зогсонги байдалд ордог.
2. Бөөр нь хэвлийн хөндийн ар хананд нурууны хоёр талд цээжний 11-12 нугалам, бүслэхүйн L1-L3 түвшинд байрлаж гадуураа хальс, өөхөн уутаар хамгаалагдсан чухал эрхтэн. Шош хэлбэртэй бөгөөд ойролцоогоор 10 см урт, 6.5см өргөн, 3 см зузаан, 250-300 гр жинтэй ер нь атгасан гарны хэмжээтэй гэхэд буруудахгүй. Нурууны нугаламтай ойр, хэвлийн хөндийн хойд хэсэгт байрладаг баруун бөөр элэгний доор байрлагдаг учраас зүүнээсээ бага зэрэг доор байрласан арай жижиг хэмжээтэй. Минутанд 90 мл гаруй цус шүүх чадвартай бөөрний үүрэг биеэс хорт бодисыг шүүж шээсээр гарган, шимтэй бодисыг авч цусанд нийлүүлдэг, биеийн эрдсийн солилцоо, хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хангах, цаашлаад цусны даралтыг тогтворжуулах, биеийн усны тэнцвэрийг барих олон чухал үүрэгтэй.
3. Эртнээс л хүн төрөлхтөн бөөрний өвчнөөр шаналдаг байсан ч сүүлийн 4000 жилийн хугацаанд л бөөрийг танин мэдэж эхэлсэн. Эртний Египетчүүд, Грекчүүд бөөрийг зүрхний нэг хэсэг гээд нэг их ойшоодоггүй байснаас гадна суут Аристотель бөөрийг хүний амьдралд шаардлагагүй гэж үздэг байж. Бөөрний тухай анхны эх сурвалж нь Месопотамийн үеийн шавар эдлэл дээрх тэмдэглэл гэж үздэг. Тус шавар эдлэл дээр Вавилоны эмч нар бөөрний чулууны өвчлөлийн тухай тэмдэглэсэн байдаг бөгөөд шар айраг, алкохол чулуу үүсгэж байгааг тогтоон эмийн ургамлаар эмчлэх аргыг боловсруулж байгаагаар дүрсэлсэн байв. Бөөрийг анх шээс ялгаруулдаг гэдгийг гладиаторуудын эмч гэж алдаршсан Гален зарласнаар тухайн үеийн чиг хандлагыг орвонгоор нь эргүүлж бөөрийг шүүлтүүр гэдгийг таниулсан гавьяатай. Харин бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслын оролдлого 1933 онд хийгджээ.
4. Загас, жимс жимсгэнэ, ялангуяа алимыг бөөрний үйл ажиллагааг дэмждэг, мөн цэвэр агаар бөөрөнд эерэг нөлөөтэй гэж үздэг бол натри ихтэй хоол хүнс буюу үхэр, тахиа зэрэг амьтны гаралтай мах, жүрж, нимбэг зэрэг цитрусын жимс, шоколад, кальцийн бэлдмэл зэргийг хэтрүүлэн хэрэглэхийг хориглодог. Бөөр чимээгүй эрхтэн, өвчлөлийн эхэн үед ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй учраас тогтмол шинжилгээ үзлэгт хамрагдахыг зөвлөдөг. Бөөр цусны 99%-ийг нөхөн сэргээж, 1%-ийг шээс болгон гадагшлуулдаг бөгөөд хүний биеийн бүх цус 30 минут тутамд, өдөрт 50 орчим удаа бөөрөөр дамжин шүүгддэг аж.
Эцэст нь сонирхуулахад Америкийн эмч Кен Беррид хүний биеийн эрхтнүүдийг чухлаас нь эхлэн жагсаагаач гэж асуусан захидал ирэхэд: эхлээд тархи, дараа нь зүрх, 3-т нь бөөрийг онцложээ. Тэгэхээр хамгийн “дутуу үнэлэгдсэн эрхтэн” бөөрөө хайрлаарай.
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.