
Тавилгын дэлхийн хамгийн том брэнд болох Ikea ОХУ дахь бүх дэлгүүр, үйлдвэрүүдээ тодорхой бус хугацаагаар хаахаар болжээ.
ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор гадны компаниуд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоох, цуцлах шийдвэрүүд гаргаж эхлээд байгаа ба Ikea компанийн шийдвэрийн улмаас 15 мянган хүн ажлын байраа алдах эрсдэлд ороод байна.
Ikea брэндийг эзэмшигч Inter Ikea, худалдааны төвийг нь эзэмшигч Ingka Group энэхүү шийдвэр нь ажлын байранд нь шууд нөлөөлж буй ажилтнууддаа ирэх 3 сарын цалинг нь олгоно гэдгээ мэдэгджээ.
Ikea компани ОХУ-ын нутаг дэвсгэр дэх 17 салбар дэлгүүрээ хаасан байна. Мөн том худалдааны төвүүдэд нь зөвхөн эмийн сан, хоолны газрууд нь ажиллана гэдгийг онцолжээ.
Мөн Орос дахь тавилгын 3 үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоож, ОХУ, Беларусь руу бараа бүтээгдэхүүн экспортлох, дээрх улсаас бараа бүтээгдэхүүн импортлохоо зогсоож байгаагаа мэдэгджээ.
Ikea 2000 оноос хойш ОХУ-д үйд ажиллагаагаа явуулж байгаа ба гадны хамгийн том ажил олгогчдын нэг юм.
Өнгөрсөн жил Ikea ОХУ-д 1.6 тэрбум еврогийн борлуулалт хийсэн нь тус компанийн нийт борлуулалтын 4 хувийг бүрдүүлжээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.