Фукушима АЦС-ын ослын улмаас хавдартай болсон хэмээн шүүхэд ханджээ

Twitter Print
2022 оны 01-р сар 28-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

2011 онд болсон Фукушима АЦС-ын ослоос хойш бамбай булчирхайн хорт хавдраар өвчилсөн залуус тус АЦС-ын үйл ажиллагааг хариуцсан компанийг шүүхэд өгчээ. Шүүхэд гомдол гаргасан залуус осол гарах үед 6-16 настай байсан ба АЦС-ын ослын дараа цацраг идэвхт туяанаас болж хорт хавдартай болсон хэмээн үзэж байгаа аж.

Өмгөөлөгчийнх хэлж байгаагаар дээрх залуус бүгд бамбай булчирхайгаа хэсэгчлэн болон бүтнээр авахуулах мэс ажилбарт орсон ба тэд Фукушима АЦС-ын үйл ажиллагааг хариуцсан Токио Электрик Пауэр компаниас 5.4 сая ам. долларын нөхөн төлбөр шаардаж байгаа аж.

Фукушима АЦС-ын осол 2011 оны 3-р сарын 11-нд Японы зүүн хойд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн цунамигийн үр дүнд болсон ба 1986 оны Чернобылийн АЦС-ын ослын дараа бичигдэх ноцтой осол юм. Чернобылийн АЦС-ын осолтой харьцуулахад Фукушима АЦС-ын ослын дараа ялгарсан цацраг идэвхт бодисын хэмжээ харьцангуй бага байсан юм.

Гэсэн хэдий ч уг ослын улмаас үүсэх хор хөнөөлийн талаар мэргэжилтнүүд санал бодол зөрөлдсөөр байгаа билээ. НҮБ-ын мэргэжилтнүүд өнгөрсөн жил Фукушима АЦС-ын осол Японы хүн амын эрүүл мэндэд нөлөө үзүүлээгүй хэмээн мэдэгдсэн бол ДЭМБ 2013 оны тайландаа Фукушима АЦС-ын осол нь бүс нутаг дахь хавдрын өвчлөлийн түвшинд нөлөөлөхгүй хэмээн онцолж байсан юм.

2018 онд Японы засгийн газар Фукушима АЦС-ын нэг ажилтан цацраг идэвхт туяаны улмаас нас барсан хэмээн мэдэгдэж, гэр бүлд нь нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаж байсан билээ.

Шүүхэд гомдол гаргасан залуусын хувьд гэр бүлийнх нь гишүүд дотор өмнө бамбай булчирхайн хавдраар өвчилж байсан ямар ч түүх байхгүй бөгөөд өвчнийхөө улмаас их дээд сургуульд орж, ажил хийж чадаагүй, хүсэл мөрөөдлөө орхиход хүрсэн хэмээн мэдүүлжээ.

Уг үйл явдал нь япончуудын анхаарлыг ихээр татаж байгаа юм. Албаны хүмүүс, мэргэжилтнүүд осол гарсан бүс нутагт амьдрахад аюулгүй гэж мэдэгдсэн ч ослын үеэр орон гэрээ орхиход хүрсэн иргэд одоог хүртэл нутагтаа буцаж очихоос эмээж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.