
Украины газар нутгийг булаан авсан явдлыг НҮБ хууль бус хэмээн үзэж энэ шийдвэрээ цуцлахыг шаарджээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд саналаа өгсөн улс орнуудад талархлаа илэрхийлжээ.
Тэрээр "Түүхэн тогтоолыг дэмжсэн 143 улсад талархлаа илэрхийлж байна. Дэлхий нийт үгээ хэлж байна. Газар нутгийг булаах гэсэн Оросын оролдлого үгүй боллоо. Украин газар нутгаа эргүүлэн авах болно" гэжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-ын Украины 4 мужийг хууль бусаар Оросын нутаг дэвсгэрт нэгтгэх гэж оролдсон явдлыг буруушааж буйгаа илэрхийлэн, Москваг Украинд явуулж буй дайнаа зогсоохыг шаарджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, "Энэ дайны бооцоо нь бүгдэд илэрхий байна, улс орнууд үүний хариуд маш тодорхой мессежийг өгч байна: ОХУ газрын зурагнаас тусгаар улсыг арилгаж чадахгүй. Хүчээр хилийн зурвасыг өөрчилж, өөр улсын газар нутгийг булаан авч болохгүй." хэмээн мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг дэмжсэн 143 гишүүн орнуудад талархаж буйгаа илэрхийлж, "Дэлхий үгээ хэллээ. Өөр улсын газар нутгийг өөрийн улсдаа нэгтгэх оролдлого чинь ямар ч нэмэргүй, дээр нь үүнийг чинь эрх чөлөөт улс орнууд хүлээн зөвшөөрөхгүй." гэжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн 193 орны 143 нь Москвагийн Украины 4 мужийг өөрийн газар нутагтаа нэгтгэх шийдвэр нь хууль бус гэсэн НҮБ-ын тогтоолыг дэмжсэн юм.
НҮБ-ийн Ерөнхий ассамблей ОХУ Украины 4 мужийг өөртөө нэгтгэснийг хүчингүй гэж үзсэн тогтоолыг баталжээ. Үүнд 143 улс саналаа өгч 5 улс эсэргүүцэж, 35 улс түдгэлзсэн байна.
Тус тогтоолд ОХУ, Сири, Никарагуа, Беларусь болон Умард Солонгос улс эсрэг саналаа өгсөн бол Монгол, Алжир, Армени, Болив, Бурунди, Куба, Эритрей, Гвиней, Казахстан, Киргиз, Мали, Мозамбик зэрэг 35 улс орон түдгэлзжээ. Түдгэлзсэн 35 улсын дотор ОХУ-ын стратегийн түнш БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африк, Пакистан зэрэг улс мөн багтжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен уг санал хураалт нь олон улс ОХУ-ын эсрэг нэгдэж байгааг харуулсан явдал хэмээн Вашингтон ОХУ-ын Украинд явуулсан хуурамч санал асуулгыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал хураалтын өмнө НҮБ-д АНУ-аас суугаа төлөөлөгч Линда Томас-Грийнфилд, "Өнөөдөр ОХУ Украин руу халдаж байна. Маргааш өөр нэг улсын газар нутаг түрэмгийлэлд өртөж болзошгүй. Дараагийнх нь бай танай улс ч байж болох." хэмээн онцолжээ.
Өнгөрсөн сард ОХУ Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье мужид олон нийтийн санал асуулга зохион байгуулж, эдгээр мужийг ОХУ-ын газар нутагт нэгтгэх тухай зарласан билээ. Украин болон Украины түнш улс орнууд Оросын энэ үйлдлийг хууль бус хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн лхагва гарагт гаргасан тогтоолд НҮБ Москвагийн гаргаж буй үйлдлүүд нь Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн, НҮБ-ын дүрэм журамд нийцэхгүй, олон улсын хууль эрх зүйн талаас хүчин төгөлдөр бус, Украины 4 мужийн статусыг өөрчлөх ямар ч хууль ёсны үндэслэлгүй гэдгийг онцолжээ.
Түүнчлэн ОХУ-аас Украины газар нутгаас зэр зэвсэг, цэргүүдээ шуурхай гаргахыг шаарджээ. НҮБ үүссэн нөхцөл байдлыг Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, олон улсад зөвшөөрөгдсөн хилийн зурвасыг хүндэтгэн яриа хэлэлцээрээр, тайван замаар шийдвэрлэхийг дэмжихээ илэрхийлсэн байна.
Хятадын хувьд НҮБ-ын уг тогтоол нөхцөл байдлыг шийдвэрлэхэд нэмэргүй гэж үзэн, санал өгөхөөс түдгэлзсэн гэсэн бол Конго улсаас суугаа төлөөлөгч Жоржес Нзонгола Нталаяа НҮБ-ын тогтоол нь "дабл стандарт"-ын жишээ гэж үзжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ пүрэв гарагт Казахстанд Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдогантай уулзахаар төлөвлөсөн бөгөөд Туркийн төрийн тэргүүн ОХУ-Украины асуудлыг энх тайвнаар шийдвэрлэх санал дэвшүүлж болзошгүй хэмээн Кремлийн зүгээс мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.