Шотланд онцлог тартан

Twitter Print
2023 оны 06-р сар 09-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Холливудын од Мел Гибсон гол дүрд нь тоглосон “Эх оронч” (“Brave heart”) киногоор дэлхий дахин Шотландын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг мэднэ. Гэвч уг кино зурган дээр дөрвөлжин хээтэй банзал өмссөн хүдэр чийрэг эрчүүд Британичуудын түрэмгийлэлийн эсрэг халуун амиа өргөн тулалдаж байсныг мэдэхээсээ илүүтэй банзал өмсдөг үндэсний онцлогоор нь дэлхий дахин Шотландчуудыг таних болсон гэхэд хилсдэхгүй.

Дөрвөлжин хээтэй ноосон бөс даавуу, эрчүүд эмэгтэйчүүд ялгалгүй банзал өмсдөг нь Шотланд нутгийн онцлог. Гэхдээ олон өнгийн ноосон даавуу Шотландын язгууртан удмынхны статусыг илэрхийлдэг байжээ. Шотландыг ивээгч Андрей архад, цуур хөгжим, бодь гөрөөс, хонгорзул цэцгийн нэгэн адил тартан бол энэ үндэстний түүх, ялалт, ялагдал, уламжлал, ахуйн бэлгэдэл болсон юм. Эрт цагт аль нэг удмынхан, цэргийн салаа, ямар нэг байгууллага өөрийн гэсэн тартан хээг бий болгодог байсан түүхтэй. Тартан хээтэй даавуугаар хийсэн хувцсуудаас хамгийн алдартай нь шотланд килт билээ. Өнөө цагт шотландчууд өдөр тутмын амьдралдаа килт өмсөх нь цөөрсөн ч баяр ёслолын үеэр энэ хувцсаар гангардаг хэвээр.

Сүүлийн зуун жилийн турш килт эсгэх технологи өөрчлөгдөөгүй юм гэдэг. Жирийн килтийг 70 см өргөнтэй найман ярд буюу 7.3 метр тартаныг нугалаас гарган оёдог. Харин армийнхны килтийг үүнээс арай өргөн бөгөөд арай зузаан тартанаар оёдог тул дунджаар 4.5 кг орчим жинтэй байдаг аж. Бүжигчдийн килтийг оёхдоо нимгэн тартан ашигладаг. Тартан хэмээх үгний үүсэл гарал, утгын талаар хэл шинжээчид маргалддаг. Зарим нь энэ үг “tire taine” (борог ноосон даавуу) гэх франц үгнээс гаралтай хэмээн үздэг бол нөгөө хэсэг нь эртний кельтүүдээс улбаатай “tarsainn” (загалмай) гэдгээс үүссэн гэж үздэг байна.

 

Хамгийн эртний тартан даавууны өөдсийг Шотландын Фолкирк хотоос холгүй 1900 ром зоосын хамт олсон билээ. Цайвар ба бараан өнгийн хонины ноосон утсаар нэхсэн энэ даавууны өөдсийг багаар бодоход 1700 жилийн настай гэж мэргэжилтнүүд таамагласан. Тартан даавууны өнгө өнгийн утсыг үйлдвэрлэхдээ байгалийн будаг хэмээгддэг зос, хус, нигүрс зэрэг модны шүүс, хонин арц, нэрс, бөөрөлзгөнийн ханд хэрэглэдэг байсан түүхтэй. Хувцасыг нь урласан даавууны судал өнгөөр нь тухайн хүнийг зиндаа гарал, төрөлх хотыг тодорхойлдог байжээ. Тухайлбал, тэнгэрийн арал (Isle of Sky) Дотоод Гебридийн арлынхан хүрэн дэвсгэр дээр үзмэн ягаан, ногоон, цэнхэр, цайвар өнгийн судалтай тартанаар хийсэн хувцас өмсдөг бол, Эдинбургийнхэн хөх, улаан, цагаан судалтай өмсгөлтэй байх нь элбэг.

Британийн хаан ширээнд Стюартын удмынхныг гаргаж ирэхийг зорьсон якобинчуудын бослого 1745 онд дарагдсанаас хойш Шотландад тартанаар хийсэн хувцас өмсөхийг хоригложээ. Энэ дүрмийг зөрчсөн хэнийг ч болов шоронд хорих, цөлөх зэргээр хатуу шийтгэдэг болсон аж. 1747-1782 онд зөвхөн хааны цэргүүд, уулархаг бүсэд алба хаадаг харуулууд ийм хувцас өмсөх эрхтэй байж. Тартан хувцсыг хориглосноос хойш он удаан жилд шотландчууд өмнө нь мэддэг байсан олон хээ, судлаа мартсан гэдэг. 1800 оноос тартаныг “аврах ажил лагаа” өрнөж, дээр үеийн оёдолчдын хэрэглэж байсан технологи, хээтэй ном, бичвэрүүдийг сэргээн засварлаж эхэлснээс гадна шинэ хээ зохиоцгоож байжээ. 1822 онд IV Георг Эдинбургт ирэхэд шотландчууд түүнийг “Хүн бүр хүссэн тартанаа өмсөг” гэсэн уриатайгаар угтсан гэдэг. Одоо бараг афоризм болсон энэ уриаг нэрт зохиолч Вальтер Скотт гаргасан аж.

Дэлхийн тартаны бүртгэлд (Tartans World Register) янз бүрийн байгууллага, хүмүүсийн удам угсаа, хот, улсын онцлогийг илэрхийлсэн тартан хээний 3300 гаруй хувилбар тэмдэглэгдсэн байдаг. Харин Шотландын тартаны бүртгэлд уг хээний 6076 хувилбар байдаг бөгөөд шинэ хувилбарууд бүртгэгдсээр буй. Хэрэв та өөрийн гэсэн тартан хээг зохиосон бол 50 фунт төлөөд л түүнийгээ бүртгүүлж болно. Уулархаг бүсэд амьдарч байсан олон үндэстэн тартантай төстэй хээтэй хувцас өмсдөг байсан гэнэ. Эртний Египетийн фараонуудыг судалтай даавуугаар ороон занданшуулсан байсныг археологчид илрүүлсэн. Шотландчуудын тартаны тухай эртний Ромын бичиг, зохиолд дурдсан нь бий. “Шотландын уулархаг бүсэд амьдардаг эрчүүд эрх чөлөөг юунаас ч илүү эрхэмлэдэг нь тэдний өмссөн хувцаснаас харагдана. Дөрвөлжин хээтэй банзал маягийн өмсгөл нь алхах, гүйхэд саад болдоггүй” хэмээн бичжээ. Дэлхийн загварын ертөнцийн “акулууд” цуглуулгадаа тартан хээг ашиглах нь олонтаа. Тухайлбал, А.Маккүин, Ж.Версаче, Р.Лоурен, Р.Кавалли нарын бүтээсэн судалтай хувцас Холливудыг шуугиулж байв.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.