Эх орныхоо өндөгний хэрэгцээний 90 хувийг хангах “Баян шувуу” аж ахуй нээлтээ хийлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 19-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

Монгол улс өндөгний хэрэгцээнийхээ 56 хувийг импортоор оруулж ирдэг гэсэн судалгаа байдаг. Харин энэ хэрэгцээг бүрэн хангах зорилгоор “НВЦ” ХХК нэг сая өндөглөгч шувууны аж ахуйн “Баян шувуу” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Үүний хүрээнд ОХУ, Герман, Франц, Бельги улсаас хамгийн сүүлийн үеийн технологийг зах зээлд нэвтрүүлж үйл ажиллагаагаа эхлээд байна. “Монээг” ХХК-ийг шувууны аж ахуйн чиглэлээр 2003 онд “НВЦ” компани байгуулсан бөгөөд 2006 оноос анхны хоногийн настай дэгдээхэйг ОХУ-ын “Белореченск” шувууны аж ахуйгаас авч ирсэн аж. Улмаар 2007 оноос зах зээлд брэндийн өндгийг нийлүүлж эхэлсэн байна.

Мөн “Баян шувуу” аж ахуй нь 2006-2010 оны хооронд 20 мянган толгой өндөглөгчөөс 100.000 өндөглөгчтөй ферм болон үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Харин 2012 оноос “Баян шувуу” нэг сая өндөглөгч шувууны аж ахуйн төслийн бэлтгэл ажил эхэлж өнөөдөр нээлтээ хийж байна.

Нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж, “НВЦ” ХХК-ны ТУЗ-ын дарга Б.Цэрэндаваа болон гадаад, дотоодын компаниудын төлөөлөл оролцлоо. Нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Монголдоо бүтээж байгаа нэг тод жишээ нь энэ өндөгний аж ахуй болж байна. Өнөөдрийг хүртэл манай улс 100 сая ширхэг өндөг үйлдвэрлэдэг байсан. Харин “Баян шувуу” төсөл хэрэгжснээр дахиад 100 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо. Нийлээд 200 сая ширхэг өндөг үйлдвэрлэхэд хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Засгийн газрын зорилтыг биелүүлэхэд энэ үйлдвэр маш их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн аж.

Тус төсөл нь нийт 55 тэрбум төгрөгийн өртөгтэй, зургаан жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжинэ гэдгийг албаны хүн хэлж байлаа. “Баян шувуу” аж ахуй нь хамгийн сүүлийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр өндөгний өртөг буурч, орон нутагт 200 гаруй ажлын байр шинээр бий болж, газар тариалангийн үйл ажиллаагааг дэмжиж байгаа юм. Төслийн гүйцэтгэлийн тухайд 2013 онд “Хасбанк”, Германы “KFW”, Белгийн “BIO MICC” банкны хөрөнгө оруулалтаар эхний санхүүжилт хийгджээ. Мөн төслийн гол нийлүүлэгчээр дэлхийд алдартай Германы “Big Duchman”, Францын “C.Lines”, Голландын “MOBA”, БНСУ-ын “Hanwaki”, БНХАУ-ын “FCKYS feed technology” зэрэг компаниуд оролцсон байна.

“Баян шувуу” нэг сая өндөглөгч шувууны аж ахуйн нээлтийн үеэр “НВЦ” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Цэрэндаваатай уулзлаа.

-Сүүлийн хоёр жилд маш том бүтээн байгуулалтыг хийсэн байна. Цаашдын зорилго тань юу вэ?

-Бид өнөөдөр Монголдоо дэлхийн стандартад нийцсэн үйлдвэр байгууллаа. 2017 он гэхэд үйлдвэрийнхээ хүчин чадлыг өргөтгөж зуун хувь дотоодын хэрэгцээгээ хангах зорилготой байна.

-Өндөгний аж ахуй эрхлэхэд тулгамдаж буй ямар асуудал байсан вэ?

-Энэ чиглэлээр аж ахуй эрхлэхэд олон тулгамдсан асуудал байсан. Тухайлбал тахины тэжээл авах, эх сүргээ сонгож авах газраа олох зэрэг хүндрэлтэй асуудлууд байсан. Гэхдээ бид бүх саад бэрхшээлийг давж үйлдвэрээ байгууллаа.

-Хөрөнгө мөнгөний асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Нийт 55 тэрбум төгрөгийн өртгөөр “Баян шувуу” төсөл хэрэгжиж байгаа. “Хасбанк” болон Герман, Франц, Бельги, ОХУ-ын компаниудаас төслийн эхний шатны санхүүжилтийг авсан.

-Манай улсад эх сүргийн аж ахуй эрхлэх боломж, бололцоо ямар байна?

-Эх сүргийн аж ахуй байгуулах бүрэн боломжтой. Одоо нэвтрүүлж байгаа технологи бол Европт хэрэглэж буй хамгийн сүүлийнх нь учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад бидэнд бүх боломж нээгдэж байна гэсэн үг.

-Шувууны аж ахуйд халдварт өвчнөөс сэргийлэх нь чухал байдаг шүү дээ?

-Шувууны ханиад, бусад халдаврт өвнөөс сэргийлэх тал дээр бид маш сайн анхаардаг. Долоо хоног, нэг сар тутамд үе шаттайгаар вакцин хийдэг.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.