"Сургуулийн вальс" кино юуны учир ер бусын дуулиан шуугиан гаргах болсон тухайд

Twitter Print
2022 оны 12-р сар 08-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

"Сургуулийн вальс" кино чухамхүү юуны учир ер бусын дуулиан шуугиан гаргах болсон тухайд.

1970 д оны сүүлчээр найруулагч Павел Любимов "Сургуулийн вальс" киноныхоо зураг авалт руу ханцуй шамлан орсон ч, тухайн зургийн багийнхан нь энэ киногоо дэлгэцнээ гарна гэдэгт эргэлзэж байлаа. Киноны сэдэв тун их "барьцгүй" буюу арван жилийн төгсөх ангийнхны хайр дурлалын түүх байсан бөгөөд ёс суртхууны хувьд цэвэр ариун бусаас гадна ийм сэдэв бүхий киног урьд өмнө нь зөвлөлтийн киноны түүхэнд ер гаргаж байгаагүй болохоор дээд газраар хүлээн зөвшөөрүүлэх гэдэг нь бараг бүтэхгүй асуудал байлаа.

Ингээд кино шүүмжлэгчид болоод насанд хүрсэн үзэгчдийн санаа сэтгэлийг нь юу ингэж зовоох болсон, "Сургуулийн вальс" яагаад ингэж их дуулиан шуугиан тарих болсон талаар тоймлон хүргэе.

"Сургуулийн вальс" нь Анна Родионова гэгч жүжгийн зохиолчынх бөгөөд тэр энэ зохиолоо бас нэг өөр зохиол болох, Ирина Муравьевагийн гол дүрд нь тоглосон "Багт наадам" (Карнавал) хэмээх зохиолын хамтаар Горькийн нэрэмжит хүүхэд залуучуудын кино студид анх авчирч өгчээ. "Сургуулийн вальсыг" нь кино найруулагч Павел Любимовт өгсөн ч, тэрээр аравдугаар ангийнхны хайр дурлалын тухай задгайдуу гэмээр энэ түүх нь түүнийг нилээд айлгасан ч, бас үгүй сонирхлыг ихэд татжээ. Хожим нь тэрээр, "Залуусын тухай нэг кино хийх юмсан хэмээн эртнээс л бодоод явлаа. Тэгээд л бариад авлаа. Харин зохиолчтой нь хамтраад зарим нэгэн зургийн хэсгүүдийг хөнгөхөн гэгч нь аргалаад өөрчилж орхисон юм" гэж хэлсэн байдаг.

Сэдвийн хувьд бол 1970 д оны зөвлөлтийн кино урлагт үнэндээ барьцгүй ч гэсэн асуудлыг зоригтойгоор хөндөж тавьсан онцлогтой байв. Сурагч охин Зося нэг ангийнхаа хөвгүүнээс жирэмсэн болж, эцэг болж байгаагаа мэдсэн хөвгүүн нь найз охиноо хаяж, мөн нэг ангийнхаа Дина бүсгүйтэй гэрлэдэг. Зөвлөлтийн залуусын хувьд гол баатар бүсгүй нь ямар үлгэр жишээ болох, мөн өсвөр насны хүүхэд залуусын бэлгийн харьцаа болоод сургуулийн насны охины жирамслэлтийн тухай ийм түүх нь тухайн нийгмийн зүй бус үйлдэл хэмээн харагдахгүй байсан билээ.

"1970 д оны кинонуудад секс сэдэв тун цөөхөн байсан бөгөөд харин манай энэ кинонд, эцэстээ жирэмсэн болж буй муухан төгсгөлтэй сургуулийн хүүхдүүдийн хайр сэтгэлийн тухай анхны кинон нь болсон билээ" хэмээн найруулагч нь дурссан байдаг. Ийм сэдвийг амжилтанд хүрнэ гэдэгт нь хэн ч итгээгүй ч, найруулагч Любимов зураг авалтаа зоригтойгоор эхлүүлжээ.

Гол дүрийнхээ жүжигчнийг пробгүй шууд батлав. Найруулагч нь Евгения Симоноватай аль эртнээс хамтран ажиллахыг хүсэж байсан бөгөөд бүсгүй ч түүний "Өөрийн залуу" кинонд нь пробоор орж байв. Тэгсэн ч найруулагч өөр нэгэн жүжигчинг сонгож авчээ. Тэгээд жилийн дараа Любимов түүнийг Саратовт болсон кино наадм дээр олж хараад, түүнийг Динагийн дүрд яг таг тохирохыг нь мэдсэн байна. Симонова тэр үедээ 22 настай байсан бөгөөд уран бүтээлийн нь санд "Афоня" болон "Тулаанд зөвхөн шонхорууд нисдэг" кинонуудын од болсон дүрүүдтэй мөн жүжигчин Александр Кайдановтой гэр бүл болж, Зоя охиноо өсгөж байлаа. Найруулагч зургийн талбайд Симоноваг 16 настай охины дүрд хувирч чадна гэдэгт эргэлзэхгүй байлаа.

Өсвөр насны охин Елена Цыплаковагийн тоглосон "Тоншуулын толгой өвддөггүй" киног нь үзснийхээ дараа найруулагч түүнийг Зосягийн дүрд бас л пробгүй шууд баталжээ. Харин гол дүрийн залуу хөвгүүний дүрд тоглох залуу жүжигчнийг олж чадахгүй нилээд удсан ба найруулагч маань "эмэгтэй хүний дүрийг л илүү ихээр ойлгож хардаг" нь нөлөөлсөн байх хэмээн хожим ярьсан байдаг.

Ингээд эцэст нь Цыплаковатай ГИТИС-ийн нэгдүгээр курст хамт суралцаж байсан Сергей Насибовыг батлав. Түүний ангийнхаа охиноос ялгаатай нь гэвэл, кинонд тоглох ямар ч туршлагагүй нэгэн байлаа. Залуу хүү 19 настай ч, кино зурганд огт орж байсангүй, камерын өмнө биеэ хэрхэн яаж авч явахаа мэддэггүй, зураг авалтын талбайд биеэ ихэд барьдаг байжээ. Мөн кадрт хэрхэн яаж үнсэлцэхийг нь Цыплакова л хэлж өгөхөөс өөр замгүй болсон гэдэг.

ГИТИС-ийн удирдлагууд оюутнуудаа кинонд тоглуулахын эсрэг байсан тул залуу жүжигчдэд хүндхэн сонголт хийхэд хүрэв. Энэ кинонд тоглох гэсэн хүсэл зорилго нэгтэй Цыплакова, Насибов нар сургуулиасаа хувийн хэргээ авахад хүрсэн ч, хожим нь тэднийг найруулагч Татьяна Лиознова хоёрдугаар курст нь авч, ВГИК н урландаа элсүүлсэн билээ.

Энэ кинонд Цыплакова, Насибов хоёр нь жинхэнэ дурлалт хосын адил харагдаж байсан бөгөөд үзэгчид ч тэднийг зургийн талбайгаас гадуур үнэхээр сэтгэлт хосууд байсан мэт итгэн бодож байжээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ бол залуу жүжигчин Насибов нь өөр нэгэн жүжигчин болох, энэ киноны сувилагч бүсгүйн дүрд тоглосон, Лев Дуровын охин Катяд сэтгэл алдарсан байлаа. Энэ киноны ажлын дараа тэд гэрлэсэн хэдий ч, удалгүй салцгаажээ.

Энэхүү киногоо тун хүнд, нарийн шалгуур шүүлтээр орно гэдгийг Любимов тооцоолж байсан нь мэдээж. Киноны хальснаа буулгасан бүх хэсгүүдийг нь киноны байгууллагын дарга нарт үзүүлэхээр авч одсон бөгөөд ердөө л үндсэн гол хэдхэн засалтуудыг хийгээд "Сургуулийн вальс" маань дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Гэвч Госкино нэгтгэлд киноны төгсгөлийн хэсэг нь таалагдсангүй. Зося, Гоша хоёр ингээд нэгмөсөн үүрд хагацан салж байгаа нь хэтэрхий хар бараан гэрэл гэгээгүй, итгэл горьдлогоггүй мэт санагджээ. Ингээд гол баатруудын сүүлчийн яриаг нь дахиж өөрчлөхийг шаардснаар, гол баатрын залуу эр төгсөгчдийн уулзалт дээр Зосягоос хүүтэйгээ уулзаж болох эсэхийг асуудаг билээ. "Эцэст нь киноны төгсгөлийг нь нээлттэйгээр үлдээсэн юм. Хатуухан гэгч нь төгсгөхийг хүсэж байсан надад бол энэ нь таалагдаагүй шүү" хэмээн Любимов хэлсэн байдаг.

Ингэсэн хэдий ч, Госкино нэгтгэлийн дарга энэ киног дэлгэцнээ гарган үзүүлж болохгүй хэмээн мэдэгдсэн тул Любимов намын Төв Хороонд хандан "Сургуулийн вальс" киногоо үзэхийг санал болгосны дараа л сая киног нь олон нийтэд гарган үзүүлэхийг зөвшөөрчээ. Гэвч эхэн үедээ тун цөөн тоогоор хувилан гаргасан ч, "Сургуулийн вальс" кино эхнийхээ гаралтаар л аянга ниргэсэн мэт дуулиан шуугианыг тарьлаа.

"Сургуулийн вальс" үзэгчдийн дунд асар их амжилт олж байсан хэдий ч, найруулагч маань энэ киногоо зөвлөлтийн залуу үеийнхэнд муу муухай үлгэр дууриал болж байна гэхийн сацуу ёс сурттахуунгүй гол баатруудыг нь буруутган зэмлэх ахмад үеийнхэн, ялангуяа багш сурган хүмүүжүүлэгчдийн үгсийг мундахгүй ихээр хүртэн сонсох болжээ.

1978 онд болсон Бүх Оросын багш нарын их хуралд энэ киног үзүүлсэнд, Зөвлөлтийн сургуулийн нэр төрийг гутаасан ийм шившигтэй киног олон нийтэд гаргалаа хэмээн сурган хүмүүжүүлэгчид дургүйцэн шүүмжлэв. Харин арай өөрөөр холыг хардаг нэг нь энэхүү киног гоо зүйн болоод сэтгэл зүйн хичээл, сургалтандаа оруулан ашигласан нь бий. Удалгүй энэ киног оросын бүхий л хотуудаар гаргах болсон ба тэр үед, нийтдээ бараг 20 сая үзэгчид үзсэн гэсэн үзүүлэлттэй байдаг билээ.

Гэвч "Сургуулийн вальс" киноны жинхэнэ үнэнхүү үнэт мөн чанарыг нь үзэгчид болоод уран бүтээлчид, жүжигчид нь жилийн дараа л мэдэцгээсэн билээ. Елена Цыплакова хэдий эх хүн байхын жаргалыг эдлээгүй нэгэн ч гэлээ, энэхүү киноныхоо ач тусаар бүхэл бүтэн нэгэн үеийнхний загалмайлагч болсон гэдгээ мэджээ. Түүнд залуу эхчүүдээс ирүүлсэн захидлуудад нь "Елена, би жирэмсэн байхдаа энэ киног үзээд, аборт хийлгэхээ больсон юм шүү", "Өмнө минь одоо 20 нас хүрсэн ханхгар сайхан залуу сууж байна. Би тэр үед таны тоглосон дүрийн бүсгүй шиг л хайртай хүндээ хаягдаад, яахаа ч мэдэхгүй болчихсон амьтан явж байж билээ. Харин энэ киног үзсэнийхээ дараа хүүхдээ төрүүлэхээр шийдсэн билээ. Өнөөдөр би өнөр өтгөн гэр бүлтэй, жаргалтайяа амьдарч байна" гэсэн мөрүүд бүхий захидлууд олныг хүлээж авдаг байлаа хэмээн тэрээр ярьсан билээ. Харамсалтай нь "Сургуулийн вальс" киноны од маань өөрийн гэсэн ажлаа орхихоос өөр аргагүй болсныг нь "Елена Цыплакова чухам юуны учир кино дэлгэцнээс удаан хугацаагаар хөндийрөх болсон, мөн тэрээр өөрийн аз жаргалаа хэрхэн олов" гэсэн түүхийг нь удахгүй дараах нийтлэлээс минь олж уншаарай.

Орчуулсан: Норзонгийн Энхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.