
Өөрсдийгөө Эв нэгдэл ба Хөгжлийн Үндэсний зөвлөл хэмээн нэрлэсэн цэргүүд Гвинейн Ерөнхийлөгч Альфа Кондег баривчилж, төрийн эрхийг авч буйгаа Гвинейн үндэсний телевизээр мэдэгджээ.
Түүнчлэн төрийн эргэлтийг зохион байгуулсан цэргүүдийг удирдаж буй Мамади Дубайя нь Гвиней улсын хилийг хааж, засгийн газрыг тарааж, шинэ Үндэсний хууль батална хэмээн мэдэгдсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш болон Африкийн холбоо төрийн эргэлтийг буруушааж, Ерөнхийлөгч Альфа Кондег даруй суллахыг шаарджээ. Нөгөө талаас Гвинейн Батлан хамгаалах яам, Ерөнхийлөгч Альфа Кондегийн дэмжигчид зэвсэгт хүчнийхэн босогчдыг дарж, аюулгүй байдлыг хангасан хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Гвинейн яам тамгын газрууд болон Ерөнхийлөгчийн ордон байрлах Калумын хойгийг Гвинейн эх газартай холбодог гүүрийг цэргүүд хааж, Ерөнхийлөгчийн ордны эргэн тойронг зэвсэглэсэн цэргүүд хамгаалалтанд авчээ.
Түүнээс гадна Ерөнхийлөгчийн ордны гадна босогчид болон зэвсэгт хүчнийхэн бие бие рүүгээ гал нээж, буудалцааны үеэр цэргийн 3 албан хаагч амиа алдсан талаар мэдээлж байна. Гвиней улс нь байгалийн нөөцөөр баялаг ч улс төрийн тогтворгүй байдал, эрх баригчдын буруу үйл ажиллагаанаас болж дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгд тооцогдсон хэвээр байгаа юм.
Ерөнхийлөгч Альфа Конде баривчлагдсантай холбоотойгоор сөрөг хүчнийхэн болон Гвинейн нийслэл Коназри хотын иргэд гудамж талбайд гарч, баяраа тэмдэглэж эхэлжээ.
Ерөнхийлөгч Альфа Конде нь Гвинейн Ерөнхийлөгчийн албан тушаалыг 3 дахь удаагаа хашиж байгаа ба түүний удирдлага доор Гвинейн улсын эдийн засагт зарим эерэг өөрчлөлтүүд гарсан ч сөрөг хүчнийхэн түүнийг хүний эрхийг зөрчсөн, өөрийг нь шүүмжилсэн иргэдийг хавчин дарамталсан хэрэгт буруутгасаар ирсэн билээ.
https://www.bbc.com/news/world-africa
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.