Хятадын коммунист намын их хурал эхэллээ

Twitter Print
2022 оны 10-р сар 16-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Хятадын Коммунист намын их хурал эхэллээ

БНХАУ-ын нийслэл Бээжинд өнөөдөр Хятадын Коммунист намын 20-р их хурал эхэллээ. Уг хурлын үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин Коммунист намын даргаар 3 дахиа томилогдох төлөвтэй байгаа билээ. Мао Зэдунээс гадна Хятадын өөр ямар ч удирдагч Коммунист намын даргаар 3 дахиа томилогдож байгаагүй юм. 

Хурлыг нээж хэлсэн үгэндээ Ши Жиньпин Коммунист нам үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, нийгмийн тогтвортой байдлыг хадгалах, ард иргэдийг хамгаалах, Хонгконг дахь нөхцөл байдлыг хяналтаа авах тал дээр гаргасан амжилтуудыг магтан сайшаасныг хуралд оролцож буй төлөөлөгчид алга ташилтаар хүлээн авчээ. 

Ши Жиньпин 96 сая гишүүнтэй коммунист нам ядуурлын эсрэг түүхэн ялалт байгуулсан гэдгийг онцолжээ 

Олон арван жилийн түүхтэй коммунист намын их хуралд оролцож буй 2300 орчим төлөөлөгчид Ши Жиньпинийг намын даргаараа дахин сонгохоос гадна намын бодлогууд тэр дундаа иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа коронавирусын цар тахалтай тэмцэх бодлогыг хэлэлцэнэ. 

Коммунист намын их хурал болох гэж байгаатай холбогдуулан Бээжин хот хамгаалалтаа чангатгаж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. 

Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж буй коронавирусын эсрэг арга хэмжээний ачаар олон хүний амь нас аврагдсан ч цар тахлын үеийн бодлого эдийн засагт нөлөөлж, олон сар хоногоор хөл хорио тогтоож, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарлаж байгаад иргэд бухимдах нь улам нэмэгдсээр байна. 

Таван жил тутам болдог Коммунист намын их хурал ирэх бямба гарагт дуусах бөгөөд хурал дууссаны маргааш нь Ши Жиньпин Коммунист намын Улс төрийн байнгын хорооны шинэ гишүүдийг танилцуулах ба ирэх 3-р сард Ерөнхий сайдын албан тушаалаасаа буух Ли Көцяныг залгамжлах хүний нэрийг зарлах юм.
 

Хятадын коммунист намын 20-р их хурал дээр намын дарга Си Жиньпин илтгэл тавилаа. 

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улсыг тэргүүлсэн энэ эрхмийн илтгэлээс онцлох зүйлийг дурдвал:

•Сүүлийн 10 жилд эдийн засгийн хүчин чадал түүхэн өсөлт үзүүллээ,

•Хятадын ДНБ арван жилийн хугацаанд 54 их наяд юанаас 114 их наяд юань (ойролцоогоор 16 их наяд доллар) болж өсөн дэлхийн нийт эдийн засагт 18.5% эзэлж, эдийн засгийн нийт үйлдвэрлэл 7.2 пунктээр өссөн,

•Тус улс дэлхийн хоёр дах том эдийн засаг байр сууриа бат хадгалж нэг хүнд ногдох ДНБ нь 39,800 юаниас 81,00 юань боллоо,

•Хятад улс үр тарианы үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, үйлдвэрлэсэн салбар нь гадаад валютын эргэлтээрээ мөн дэлхийд тэргүүлж байна гэж Си Жиньпин илтгэлдээ онцоллоо

Эх сурвалж: China Morning News, Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.