Ардчиллын төлөө тэмцэгч Хонгконгийн тэрбумтан Жимми Лайг баривчилжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 10-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Ардчиллын төлөө тууштай тэмцэгч гэдгээрээ олонд танигдсан Хонгконгийн тэрбумтан Жимми Лайг гадаадын хүчнүүдтэй үгсэн хуйвалдсан хэргээр баривчилжээ. Тэрээр өнгөрсөн 6-р сарын 30-нд баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу баригдсан анхны өндөр албан тушаалтан болж байгаа аж.

71 настай Жимми Лай Хонгконг болон Тайваньд үйл ажиллагаагаа явуулдаг Next Digital Limited нэртэй хэвлэл мэдээллийн компанийг үүсгэн байгуулсан ба тэрээр Giordano хувцасны брендийн эзэн юм. 1 тэрбум гаруй ам. долларын хөрөнгөтэй Жимми Лай болон түүний Apple Daily сонин нь Хонгконг болон Хятадын эрх баригчдын эсрэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг гэдгээрээ алдартай аж. Жимми Лай ардчилсан иргэний хөдөлгөөнийхний жагсаал цуглааныг дэмжиж буйгаа илэрхийлсээр ирсэн бөгөөд тэрээр ардчиллын төлөө тууштай тэмцэгч, Хятадын эрх баригчдыг хатуу шүүмжлэгчдийн нэг юм.

Өнгөрсөн 2-р сард Жимми Лайг хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулсан, айлган сүрдүүлсэн хэрэгт буруутган баривчилсан ба батлан даалтаар сулласан аж. Хятадын эрх баригчдын санаачилсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь Хонгконгийн тусгай захиргааны бүсийн иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боогдуулж байна хэмээн олон улс үзэж байгаа билээ. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсаны дараахан Жимми Лай Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа, "Би шоронд орно гэсэн бэлтгэлтэй байгаа. Шоронд орвол уншиж амжаагүй номнуудаа унших боломжтой болно. Миний ганц хийж чадах юм бол эерэг байх." гэжээ. Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Жимми Лай өөрийгөө Хятадын эрх баригчдын санаачилсан Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн гол бай гэдгийг мэдэж байна хэмээн, гэсэн хэдий ч Хонгконгтоо үлдэж, ардчиллын төлөө тэмцсээр байх болно гэдгээ онцолж байсан аж. Apple Daily сонинд бичсэнээр Жимми Лайг даваа гарагийн өглөө гэрээс нь баривчилсан ба түүний хүү Иэнийг мөн л гэрээс нь баривчилжээ.

Hong Kong media tycoon Jimmy Lai arrested under national security ...

South China Morning Post сонинд бичсэнээр Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр энэ даваа гарагт дахин 10 орчим тооны иргэдийг баривчлах гэнэ. Өмнө нь Үндэсний аюулгүй байдлын тухай дагуу 15 хүн баригдсан ба тэдгээрийн дотор 16-21 насны 4 хүн байгаа аж. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Хонгконгийн ардчилсан иргэний хөдөлгөөнийхөн тарж, зарим нь өөр улс орнууд руу дүрвэсэн билээ. Ардчилсан иргэний хөдөлгөөнийхний жагсаал цуглааны үеэр хашгирч байсан уриа лоозонгуудыг шинэ хуулийн төслөөр хууль бус хэмээн тодорхойлж, сургуулиудад гар гараасаа хөтлөн амьд гинж үүсгэх явдлыг хориглож, олон нийтийн номын сангуудын зарим номуудыг устгаад байгаа билээ.

Өнгөрсөн баасан гарагт Вашингтоны зүгээс Хонгконгийн захирагч Кэрри Лам, Хонгконгийн цагдаагийн газрыг өмнө удирдаж байсан, одоо удирдаж байгаа дарга нарт, төрийн албан тушаалтнуудад Хонгконгийн иргэдийн эрх чөлөөг боогдуулсан хэргээр хориг тавьжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.