
I буюу (О) бүлгийн цустай хүмүүс COVID 19 халдвар авах магадлал бага байна уу?
Цусны бүлэг нь шинэ коронавирусийн халдвар авах эрсдэл болон халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлд нөлөөлж байж болзошгүй тухай 2 судалгааны үр дүн "Blood Advances" сэтгүүлд нийтлэгдэж. Эдгээр судалгааны үр дүнгээс харахад I буюу О бүлгийн цустай хүмүүс шинэ коронавирусийн халдвар авах магадлал багатай бөгөөд халдвар авсан ч хүндрэх магадлал бага байгаа юм шиг байна.
Эхний судалгаа нь Дани улсын Оденсе Их Сургуулийн Эмнэлгийн судалгааны багийн хийсэн ретроспектив кохорт судалгаа бөгөөд АВО цусны бүлэг ба шинэ коронавирусийн халдварт өртөмтгийн байдлын хамаарлыг судалсан юм байна. Судалгаанд 2020 оны 2-р сарын 27-оос 7-р сарын 30-ны хооронд Дани улсад шинэ коронавирусийн шинжилгээнд хамрагдсан 473,654 оршин суугчийг, халдвар аваагүй ердийн хүн амын 2,204,742 (хяналтын бүлэгт авч) хүнтэй харьцуусан аж. Шинэ коронавирусийн шинжилгээнд хамрагдсан бүлгээс 7422 хүн RT-PCR шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвартай болох нь батлагдсан аж.
SARS-CoV-2 шинжилгээ эерэг бүлэг ба хяналтын бүлгийн хүмүүст цусны бүлэг тус бүрээр харьцуулж үзэхэд I буюу О бүлгийн цустай хүмүүсийн эзлэх хувь халдвар эерэг бүлэгт 38.4%, хяналтын бүлэгт 41.6% байжээ ( энэ бүлгийн хүмүүст шинэ коронавирусийн халдварын харьцангуй эрсдэл 0.87). Нөгөөтэйгүүр II (A), III (B), IV (AB) бүлгийн цустай хүмүүсийн эзлэх хувь халдвар авсан хүмүүсийн бүлэгт хяналтын бүлгээс илүү байсан байна (II (A) бүлэгт: 42.3% ба 44.4%, III (B) бүлэгт : 11.4% ба 12%), IV (AB) бүлэгт: 4.4% ба 5.09%).
Эдгээр үр дүнгээс судалгааны баг II (A), III (B), IV (AB) бүлгийн цустай хүмүүс шинэ коронавирусийн халдварт I (О) бүлгийн хүмүүсээс илүү өртөмтгий байж магадгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.
Эх сурвалж: Barnkob MB, et al. Blood Adv. 2020; 4:4990-4993.
Хоёрдахь судалгаа нь бол Канадын Бритиш Колумбын Их Сургуулийн судлаачдын хийсэн мөн ретроспектив когортын судалгаа байна. Судалгаанд 2020 оны 2-р сарын 21-ээс 4-р сарын 28-ны хооронд Канад улсад коронавирусийн халдварын улмаас эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдсэн COVID-19 хүнд өвчтэй хүмүүсээс АВО цусны бүлэг ньтогтоогдсон 95 хүнд цусны бүлэг ба COVID-19-ийн хүндрэлийн хамаарлыг судалжээ.
Судалгааны үр дүнгээс харахад А болон АВ бүлгийн цусны бүлэгтэй хүмүүс О болон В бүлгийн цусны бүлэгтэй өвчтөнүүдтэй харьцуулахад амьсгалын аппарат шаардлагатай байдал болон уушги гэмтэх тохиолдол илүү байгаа нь тогтоогдсон байна. Мөн бөөрний дутагдлын улмаас бөөр орлуулах диализ эмчилгээ хийх шаардлагатай хүмүүсийн эзлэх хувь А, АВ бүлгийн өвчтөнүүдэд илүү өндөр байсан нь мөн тогтоогджээ. Өөрөөр хэлбэл судалгаагаар уушги, бөөрний гэмтэл нь А, АВ бүлгийн цустай хүмүүст илүү их тохиолддог нь батлагдсан гэсэн үг.
Эх сурвалж: Hoiland RL et all, Blood Adv.2020; 4: 4981-4989.
Эдгээр хоёр судалгааны үр дүнгээс харахад COVID-19 халдвар авсан өвчтнүүдийн дунд II (А ) эсвэл IV (АB) бүлгийн цустай өвчтнүүд I (О) болон III (В) бүлгийн цустай өвчтнүүдтэй харьцуулахад илүү эрхтэн гэмтэх эсвэл эрхтэн тогтолцооны дутагдал болох эрсдэл өндөр байгаа байдал харагдаж байна. А, АВ цусны бүлэгтэй хүмүүс О, В бүлгийн хүмүүсээс илүү урт удаан хугацаагаар эрчимт эмчилгээний тасагт удаан хугацаагаар хэвтэж байгаа байдал ажиглагдлаа. Эдгээрээс харахад А, АВ бүлгийн цустай хүмүүст COVID-19 илүү хүнд тусч байгаа юм байна.
Өмнө нь COVID-19-ийн хүндрэлтэй холбоотой хоёр ген тодорхойлогдсон тухай судалгаа уншиж байсан юм. Итали, Испанийн 7 эмнэлэгт амьсгалын дутагдал бүхий хүнд өвчтэй 1980 өвчтөнд өргөн хүрээний геном аниализ судалгаа хийж үзэхэд хүндрэлд хамааралтай геномын 3p21.31 (OR, 1.77), 9q34.2 (OR, 1.32) байршлууд тогтоогдсон байдаг. Энэ сүүлийн байршил нь цусны ABO бүлгийн геномын байршилтай нийцэж байсан гэдэг. Энэ судалгаагаар цусны А бүлгийн хүндрэлд хүргэх эрсдэл бусад цусны бүлгүүдтэй харьцуулахад өндөр (OR 1.45), эсрэгээрээ O бүлэг бусад цусны бүлэгтэй харьцуулахад хамгаалах нөлөө (OR 0.65)-тэй болох нь тогтоогдсон байсан.
Эх сурвалж: NEJM. June 17, 2020. doi.org/10.1056/NEJMoa2020283
Миний бодол:
Дээрх 3 судалгааны үр дүн тохирч байгаа нь санамсаргүй тохиолдол биш. I бүлгийн цустай хүмүүс халдварт өртөх болон хүндрэх эрсдэл нь харьцангуй гайгүй бололтой. Харин цусны II, IV бүлгийн хүмүүс анхаарахгүй бол халдварт өртсөн тохиолдолд хүндхэн нөхцөл байдал хүлээж байж болзошгүй нь.
Дотоодод халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Цаашдаа ч нэмж бүртгэгдэхийг хэлж мэдэхгүй. Ямар ч байсан дотооддоо халдвар гараагүй цор ганц орон байхаа больсон гэсэн үг. Иргэд олон нийт маань халдварын эрсдэл, түүнээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах талаарх ойлголтоо, чармайлтаа бараг мартаж орхисон бололтой байна. Амны хаалт зүүхээ больсон. Биеийн зай барих асуудал бол бүр таг орхигдсон. Монголын хууль 3 хоног гэдэг энэ байх. Вакцинд найдах асуудал улам бүр бүрхэг хэвээр байсаар байна.
Вакцинтай болтол, найдвартай дарах эмтэй болтол бидэнд ганц л чадах зүйл байгаа. Энэ бол хүн бүр дор бүрнээ хариуцлагатайгаар хичээх явдал. Хичээж маскаа тогтмол зүүх, хичээж гараа угааж байх, хичээж биеийн зай барьж байх, хичээгээд шаардлагагүй бол гадуур явахгүй байхад өөрийгөө болон өрөөл бусдыг, бас хамгаас хайртай хүмүүсээ хамгаалж чадна.
Ойдовын Батгэрэл Ph.D
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.