
Украины армийн сөрөг довтолгоо амжилттай явагдсаар байгааг онцолжээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины зэвсэгт хүчний ОХУ-ын армийн эсрэг сөрөг довтолгоо амжилттай явагдаж, өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Украины өмнөд болон зүүн зүгийн бүс нутгуудад хэдэн арван хот тосгодыг Оросын армиас чөлөөлсөн талаар онцолжээ.
Тэрээр, "Оросуудын зохион байгуулсан хуурамч санал асуулганаас хойш зөвхөн энэ долоо хоногт л гэхэд Херсон, Харьков, Луганск, Донецк мужуудад байрлах хэдэн арван суурин газрууд чөлөөлөгдсөн." хэмээн өдөр тутмын мэдэгдэлдээ онцолжээ.
Өнгөрсөн сард ОХУ Украины 4 мужид олон нийтийн санал асуулга зохион байгуулсан ба санал асуулгын дүнгээр Херсон, Запорожье, Луганск, Донецк мужийн иргэд ОХУ-д нэгдэхийг дэмжсэн хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарласан билээ. Нөгөөтэйгүүр уг санал асуулгын дүнг Украин болон барууны орнууд хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
В. Зеленскийн мэдэгдсэнээр Украины зэвсэгт хүчнийхэн Херсон дахь 8 жижиг хотыг чөлөөлжээ. Украины Батлан хамгаалахын яамны цацсан бичлэг дээрээс Украины цэргүүд Херсон мужийн Давыдов Брод нэртэй сууринд Украины далбааг мандуулж байгааг харж болох юм.
Түүнчлэн Украины арми стратегийн ач холбогдол бүхий Днепр мөрний эрэг дагуу байрлах хэд хэдэн тосгоныг чөлөөлсөн гэжээ.
Украины Донецк мужид байрлах Лиман хотыг чөлөөлсөн украинчууд сөрөг довтолгоогоо өргөжүүлсээр, Донецк болон Херсон дахь Оросын цэргүүд ухрахад хүрчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн мягмар гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Вашингтон Киевт 625 сая ам. долларын үнэ бүхий зэр зэвсэг тэр дундаа HIMARS пуужингийн систем нэмж илгээх болсныг мэдэгдсэн байна.
Ж. Байден Вашингтон оросууд Украины газар нутгийг улсдаа нэгтгэх гэж байгаа явдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг онцолсон байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 193 гишүүн орон ирэх даваа гарагт чуулж, ОХУ-ын гаргасан шийдвэрийг цуцлах тогтоол гаргахаар төлөвлөж байгах аж.
Украины төрийн тэргүүн ОХУ шинэ Ерөнхийлөгчтэй болсон цагт л Киев Москва хоёр хэлэлцээрийн ширээний ард суух боломжтой гэдгийг онцолсон бол Кремль Киев хэлэлцээр хийхгүй бол ОХУ-ын Украин дахь "цэргийн тусгай ажиллагаа" дуусахгүй гэжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(68.204.74.16) 2020-06-30 20:02Ingeed bidnii Mongolchuud gishgeh gazargyi holnyyd boldog um baijee
Хариулах
Зочин
(107.72.176.55) 2020-06-30 19:15Arai ch dee ingeed. Gishgeh gazargyi boloh um baijee
Хариулах
Зочин
(107.72.176.55) 2020-06-30 19:15Arai ch dee ingeed. Gishgeh gazargyi boloh um baijee
Хариулах