
ЯМАР БУРУУ ДАДАЛ ХЭВШЛЭЭС ШАЛТГААЛАН БИДНИЙ ХҮЗҮҮ НУРУУНД СУУЛТ, ГАЖИЛТ ҮҮСДЭГ ВЭ?
1.Буруу байрлалаар унтах
Хүзүү
• Нуруугаараа хэвтэн дээшээ харж унтах бол хамгийн зөв байрлал юм.
• Нуруугаараа унтаж байгаа нөхцөлд дэр хэт өндөр байж болохгүй. Хэт өдөр дэр байнга дэрлэх нь хүзүүний С6-7,Т1-2 нугалмуудын арагшаа гулсах , улмаар сэрвээ бөгтийх үндсэн шалтгаан болдог.
• Дээш харж унтаж байгаа үед дэр нь мөрний хэмжээний өргөнтэй, дагзнаас сэрвээ хүртэлх дайны өндөртэй /10 см орчим/, хүзүүний орчим бага зэрэг товгортой,тохирсон хатуулагтай байвал тохиромжтой байдаг.
• Хэт намхан дэрэн дээр дээш харж унтах үед толгой арагш унжих маягтай байрладаг нь Хүзүүний С3-5 р нугалмуудыг урагш гулсах шалтгаан болдог.
• Дээш харж унтах үедээ дэрээ мөр хүртлээ биш харин зөвхөн дагзан дороо тавьж унтдаг хүмүүст хүмүүст С3-5 р нугалмууд арагшаа гулсаж хүзүүний хэвийн лордоз алдагдах магадлал их байдаг.
• Хажуу талаараа хэвтэж унтах үед дэр нь дээш харж унтах үед хэрэглэдэг дэрнээс бага зэрэг өндөр буюу хажуугаараа хэвтсэн үед хүзүү нурууны гол шугам хотойж мурийхгүй байрлалд байрлахаар байвал зохимжтой.
Хажуугаараа унтах үедээ хэт намхан эсвэл хэт өндөр дэр дэрлэж хэвших нь хүзүү, нуруунд мурийлт үүсэх шалтгаан болно.
Цээж
• Байнга хэвлийгээрээ доош харж ,хүзүүгээ өндөр дэрэн дээр тавьж өлийж унтдаг хүмүүст, хүзүүний С3-5 р нугалам урагшаа гулсах явдал их тохиолдоно.
• Харин хэвлийгээрээ унтах мөртлөө цээжин дороо дэрээ тавьж,толгойгоо унжуулсан байрлалд унтдаг хүмүүст С6-7,Т1-2 нугалмууд арагшаа гулсаж ,сэрвээгээрээ бөгтийх явдал их тохиолдоно.
• Байнга нэг хажуугаараа унтдагаас цээжний ясны хэлбэр өөрчлөгдөж , сээрний нугалмуудад нумарсан гажилт үүссэн байх тохиолдол бий.
Бүсэлхий
• Хэт хатуу гудсан дээр хажуугаараа унтахдаа дэргүй ,эсвэл хэтэрхий өндөр дэртэй цээж, бүсэлхийгээрээ нумарч унтсанаас бүсэлхийн нугалмуудад мурийлт үүсэж болно.
• Дээш харж унтахдаа хэт хатуу гудсан дээр байнга унтаж хэвшсэнээс бүсэлхийн лордоз тэгширч болно.
Ууц
• Хэт хатуу гудсан дээр байнга намхан дэртэй аарцагны ясаараа өргөгдөн түлхэгдэж унтдагаас аарцагны гажилт үүсэж болно.
2. Буруу байрлалаар хэвтэх
• Нэг хажуугаараа, гараараа шанаагаа тулж хэвтсэн тохиолдолд голдуу хүзүү сээрний нугалмууд, мөн бүсэлхийн зарим нугалмууд хажуу тийшээ гажих өөрчлөлт үүснэ .
• Байнга хажуугаараа нэг байрлалд унтдаг хүмүүст нурууны мурийлт их ажиглагддаг.
• Байнга доош харж хүзүүгээ хажуу тийш эргүүлсэн байрлалд унтдаг хүмүүст хүзүүний 1,2-р нугалмын эргэлт их ажиглагддаг.
3. Буруу байрлалаар суух
• Шанаагаа тулж байнга суудаг бол хүзүүнд мурийлт үүснэ.
• Хүмүүс хөлөө ачиж суухдаа голдуу нэг талынхаа хөлийг ачиж сууж хэвшсэн байдаг.
Ингэж нэг талынхаа хөлийг байнга ачиж сууснаар аарцагны ясны нэг тал байнга өргөгдөж, үүнээс болж аарцагны гажилт үүсдэг.
Цаашилбал аарцгын хөндийн цусны эргэлт зогсонгишин, бага нуруу мурийх зэрэг хүндрэлүүд үүснэ.
• Машин барьж явахдаа,жолооны ард байнга суудаг бол жижиг дэрийг бүсэлхийнийхээ орчимд байрлуулан арагшаа суудлаа бүрэн налж цэх сууж хэвших шаардлагатай.
Хэтэрхий урагш бөхийж удаан суудгаас жолооч нарт бүсэлхийн нугалмууд урагш гулсан ,бөгтийж,бэлхүүсний хэвийн лордоз тэгширсэн байх нь бий.
• Жолооны ард суухдаа 2 хөлөө хоёуланг нь цэх,адил байрлалаар тавьж хэвших хэрэгтэй.
Зарим хүмүүс нэг хөлөө ихэвчлэн идэвхтэй ашиглаад нөгөө бага ашигладаг хөлөө хажуу тийш нь сул тавьж хэвшсэн байдгаас ууц, түнх, хонго, гуяны булчингууд адил биш ачаалалтай ажилладаг.
Ингэж удаан суудгаас сул тавьж хэвшсэн талын хөл гадагшаа бага зэрэг эргэж буруу байрлаж хэвшдэг нь нуруунд ачаалал жигд биш хуваарилагдсанаас мурийх, аарцганд гажилт үүссэн байдаг.
• Ширээний ард хэтэрхий удаан бөгтийж суудаг хүмүүст бүсэлхийн хэсгийн нугалмууд арагш гулсан бөгтийж, хэвийн лордоз нь тэгшрэх явдал их ажиглагддаг.
• Ширээний ард удаан хугацаагаар цээж эсвэл бэлхүүс хэсгээрээ мушгирсан буруу байрлалд суудаг хүмүүст нурууны мурийлт их ажиглагддаг.
• Ширээ өндөр сандал дээр нэг талын хонго,өгзгөөрөө таллаж суудаг хүмүүст аарцагны гажилт анзаарагддаг.
• Ажлын байран дээрээ ширээнийхээ нэг булан дээр принтер, компьюьерээ байрлуулдагаас ,харилцагчаа урьж суулгадаг сандлаа дандаа нэг талдаа байрлуулдагаас нэг тийшээ илүү мурийж суух хандлагатай ажилладаг хүмүүст нурууны мурийлт, эргэлттэй гажилт үүсэх нь элбэг.
• Ажлын ширээнийхээ ард компьютерээ хэт өндөр байрлуулсанаас,эсвэл телевизороо өндөрт байрлуулан түүндээ хэт ойр сууснаас хүзүүгээ өлийлгөн, биеэ нугдайлган буруу сууж хэвшсэн бол хүзүүний 3,4,5-р нугалмууд урагш гажих шалтгаан болох нь бий.
4. Буруу дарааллаар биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэх
• Биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэхээс өмнө заавал 20-30 минутын турш бие халаалт хийж булчин шөрмөсөө ачаалал даахад бэлдэн суллах шаардлагатай,
Ингэж бэлдэлгүй, огцом ширүүн хөдөлгөөн хийж , хүчтэй ачаалал авсанаас булчингууд огцом хэт чангаран, нурууны нугалмуудад гажилт үүсэх шалтгаан болдог.
• Биеийн тамирын хүч шаардсан дасгалуудаар хичээллэсний дараа чангарч ачаалагдсан булчингуудыг суллах зорилгоор сунгалтын дасгал хийж хэвийн байдалд нь оруулах зайлшгүй шаардлагатай.
Ингээгүйгээс булчингууд агшиж чангарсан байрлалдаа удаан хугацаанд үлдэх нь нурууны нугалмуудын хоорондын зай багасаж, улмаар суулт үүсэх, ямар нэг нугалам гажих шалтгаан болох нь бий.
5. Буруу зогсож хэвших
• 2 хөл дээрээ ачааллаа тэгш хуваарилан зогсож сурах шаардлагатай. Нэг хөл дээрээ биеийнхээ жинг илүү хуваарилж зогсож хэвшсэн үед байнга өргөгдөж байгаа талын аарцагны яс дээш өргөгдөн гажилт үүсэх магадлалтай.
• Зогсохдоо ч, суухдаа ч аль болох цэх суухыг, зогсохыг хичээх шаардлагатай. Хэдий чинээ хүзүү сэрвээгээрээ бөхийж сууж зогсоно, тэр хэмжээгээр л хүзүү сэрвээнд ирэх ачаалал ихэснэ.
• Удаан тонгойж зогсож ажиллах шаардлага тулгардаг бол аль болох нуруугаараа тонгойж удаан зогсохгүй, харин нэг өвдгөн дээрээ тулж суух маягаар нуруундаа бага ачаалал өгч ажиллахыг хичээх хэрэгтэй.
6. Огцом ширүүн хөдөлгөөн хийхээс болгоомжлох
• Унжсан үсээ хойш нь болгох гэж хүмүүс толгойгоо хойшоо огцом хөдөлгөдөг. Энэ үед хүзүүний С1-2 нугалам гажих магадлалтай.
• Дээш харж хэвтэж байх үедээ хувцасаа ялангуяа өмдөө хэвтээ чигээрээ өмсөх гэж хүмүүс дагзаараа биеэ тулж бөгсөө өндийлгөх тохиолдол байдаг. Ийм үед Хүзүүний С2 нугалмын арагшаа гулссан гажилт их үүсдэг.
7. Хүнд юм өргөхдөө зөв байрлалаар өргөх
• Хүнд юм өргөх шаардлага гарвал шууд бөхийж өргөж хэрхэвч болохгүй.
Өвдгөөрөө хагас суусан байрлалд өргөөд ,түүнийхээ дараа юмаа өргөсөн чигтээ биеэ эгцэлж босно.
• Томчууд төдийгүй бага насны хүүхдүүд хүнд цүнх ,үүргэвч их үүрдэг.
Үүргэвчээ нуруундаа 2 талын оосрыг нь хоёуланг нь мөрлөж , хоёр мөрөн дээр жигд ачаалал ирж байхаар зөв үүрэх ёстой.
• Ажлын шаардлагаас болж хэт хүнд цүнхтэй явах шаардлагатай болдог багш зэрэг мэргэжлийн хүмүүс, тэр хүнд цүнхээ дандаа нэг талынхаа мөрөнд үүрч хэвшсэн , түүнээсээ болоод нэг талын мөр өргөгдсөн, булчин нь чангарсан, цээжний нугалмуудад мурийлт үүссэн байх нь элбэг бий.
Тиймээс хүнд цүнх үүрч явахаас зайлсхийж ачаагаа хөнгөлөх шаардлагатай.
Хэрэв зайлшгүй хүнд цүнх авч явах бол дандаа нэг талын мөрөндөө үүрэхгүй, ээлжилж үүрэх ,болбол гартаа ээлжилж барих зэргээр зөв дадалд суралцах шаардлагатай.
• Маш олон ээжүүд хүүхдээ буруу тэвэрч, буруу байрлалаас дээш өргөдгөөс бэлхүүсний нугалмууд ар болон хажуу тийш гулсан, гажилт үүсч нурууны асуудалтай болох нь бий.
Хүүхдээ өргөхдөө ачааллаа нэг тал дээрээ хэт төвлөрүүлэхгүй, жигд хуваарилан нуруугаараа тэгшхэн зогсож байхыг хичээгээрэй.
• Хэт хүнд ачааг нэг талдаа барьж мурийж явахаас зайлсхийх хэрэгтэй. Боломжтой бол ачаагаа 2 талдаа жигд байхаар бодож тохируулж хуваарилаарай.
8. Бусад буруу хэвшлүүд.
• Маш олон хүн утсаар харилцахдаа гараа чөлөөтэй байлгахын тулд утсаа чих, мөр хоёрынхоо хооронд хавчуулсан байрлалд удаан ажиллаж сурсан байдаг нь хүзүүний нугалмуудад хажуу тийш гулссан гажилт үүсэх шалтгаан болдог.
Бэлтгэсэн: Алтанхундага эмч
Бэханзэ эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.