​С.Амарсайхан: Шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж байгаа ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална

Twitter Print
2021 оны 09-р сар 04-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

УОК-ын хурлаар PCR шинжилгээний хариу хуурамчаар үйлдсэн ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, орон нутгийн галт тэрэг, нислэгийг хуваарийн дагуу явуулах шийдвэр гаргажээ. 

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Зам тээврийн хөгжлийн яамнаас орон нутгийн галт тэрэгний маршрутыг баталсан. Иргэдээс нийтийн галт тэрэг яваад байгаа мөртлөө тасалгаатай нь явахгүй байна гэсэн гомдол ирж байна. Ингэж ашиг харж асуудалд ханддагаа болих хэрэгтэй. Бас орон нутгийн нислэг ашиггүй байна гээд батлуулсан хуваариараа нисэхгүй байна. Зам тээврийн хөгжлийн яам ийм агаарын тээврийн компани, ААН-үүдэд хариуцлага тооц. Асуудлуудаа шийд. 

Шаардлагатай тохиолдолд онгоцонд суухаас нь өмнө түргэвчилсэн шинжилгээ авдаг байх нөхцлийг бүрдүүлж олон улсын нислэгийг найдвартай зохион байгуулах шаардлагатай. Зарим газар шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгч байна. Ингэсэн лаборатори, эмнэлгийн мэргэжилтнийг олон нийтэд мэдээлж, хариуцлагатай тооц. Энэ бол хүн амын аюулгүй байдлын эсрэг үйлдсэн том гэмт хэрэг. 

БНСУ руу ниссэн онгоцонд суусан иргэн энд шинжилгээ өгөөд сөрөг хариутай явсан. Гэтэл БНСУ-д очоод дахин шинжилгээ хийлгэхэд эерэг гарсан. Энэ байгууллага, лабораторийн тусгай зөвшөөрлийг цуцал, шаардлагатай арга хэмжээг ав. Хуурамч бичиг хийж өгсөн эмнэлгийн ажилтны эрхийг хас. Бидэнд гашуун туршлага бий шүү дээ. Хөл хорио тогтооход, “Нэг хаалга нэг шинжилгээ”-ний үеэр, Цагаан сараар зохион байгуулалттай хуурамч шинжилгээ авсан, мөнгийг нь хувьдаа завшсан, хуурамч хариу гаргаж өгсөн тохиолдол бий. Тухайн үед хэдэн мянган шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэнээс болж байдал хүндэрсэн. Тэр хүмүүс эхнээсээ хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлагаа хүлээж байна. Энэ зүгээр баривчилж, торгоод өнгөрдөг асуудал биш” гэсэн юм. 

Мөн Шадар сайдын зүгээс хот хоорондын зорчих хөдөлгөөнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, эрсдэлт бүлгийн иргэд, хариу арга хэмжээний багийн гишүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулахыг холбогдох албаныханд даалгалаа.

Тэрбээр “Нийт хүн амын 65 хувийг вакцинжуулалтад хамруулсан учраас аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулан халдварын дэглэмээ баримтлаад ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх бодлогыг УОК-оос баримталж байгаа. Сургууль, цэцэрлэгүүд нээгдэж, хөдөлгөөний эрчим нэмэгдсэн энэ цаг үед аль болохоор хатуу хөл хорио тогтоолгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ дор бүртээ чанд мөрдөж ажиллавал эрсдэлийг даван туулах боломжтой” гэлээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.