АНУ-д үерийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 45-д хүрээд байна

Twitter Print
2021 оны 09-р сар 03-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын зүүн хойд зүгийн бүс нутгуудаар дайран өнгөрсөн Айда хар салхи болон уг хар салхины нөлөөгөөр үүссэн үерийн улмаас өнөөдрийн байдлаар 45 хүн амиа алдаад байна. 

Айда хар салхи нь өнгөрсөн ням гарагт Луизиана мужаар дайран өнгөрч, цааш нутгийн хойд зүг рүү чиглэсэн ба тус хар салхины нөлөөгөөр Нью Йорк, Нью Жерси болон Коннектикут мужууд үерт автсан юм. Нью Жерси мужид л гэхэд 23 гаруй хүн амиа алдсан ба тус мужийн эрх баригчдын мэдээлж байгаагаар дээрх тоо өсөх төлөвтэй байгаа аж. 

Нью Жерси мужийн амбан захирагчийн мэдээлж байгаагаар амиа алдсан иргэдийн дийлэнх нь автомашинаасаа гарч амжилгүй үерийн усанд урссан эсвэл хонгилын өрөөнд байрлах гэр нь усанд автсаны улмаас амиа алдсан байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хар салхи, үерийн улмаас үүссэн нөхцөл байдал, учирсан хохирол зэрэг "хүний амь насанд тулсан" асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд их хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатайг онцолжээ. 

Нью Йорк болон Нью Жерси мужууд лхагва гарагийн орой хүчтэй аадар бороо орсоны улмаас үерт автаж, 12 хүн амиа алджээ. Мөн метроны буудлууд усанд автсаны улмаас метроны зарим шугамын хөдөлгөөнийг зогсоосон байна. 

Америкийн хэд хэдэн мужид онц байдал зарлаад байгаа ба сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх, дэд бүтцийг сэргээн засварлах ажлууд явагдаж байна. 

Ерөнхийлөгч Жо Байден аврах албаныханд талархаж буйгаа илэрхийлэн, хохирол амссан мужуудад засгийн газраас тусламж дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгджээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-д  ойролцоогоор 1.2 сая иргэн тог цахилгаангүй байгаагийн 900 мянга гаруй нь Луизиана мужийн оршин суугчид аж. 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс болж хар салхины давтамж нэмэгддэг эсэх нь тодорхойгүй байгаа ч далайн усны гадаргуугийн хэм нэмэгдэж, усан дээрх агаар дулаан байх нь хар салхи, циклон, далайн шуурга үүсэх шалтгаануудын нэг болдог гэдгийг эрдэмтэд онцолж, улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ яаралтай авахыг анхааруулж байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.