Л.Эрхэмбаяр: 3 наснаас дээш эр үхэрт татвар тавих ёстой

Twitter Print
2014 оны 09-р сар 18-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны “Хаан танхим”-д боллоо. Зарлиг гардуулах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр, БОНХ-ийн сайд С.Оюун, БОНХ-ийн сайдын зөвлөх, Байгаль орчны гавьяат ажилтан З.Батжаргал, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж болон албаны бусад хүмүүс, тус салбарын голлох эрдэмтэн судлаач, салбар шинжлэх ухааны байгууллагын ахлах ажилтан, төлөөлөгчид оролцов.

Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан БОНХ-ийн сайд С.Оюун, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж нарт гардуулан өгч зарлигийн хэрэгжилтийг хангах ажил хэрэгт нь амжилт хүсэв.

Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр

-Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газарт зарлиг гаргасан. Энэ асуудалд НҮБ-ын түвшинд болон улс орнуудын хэмжээнд онцгой анхаарал хандуулж, ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ерөнхийлөгчийн энэ удаагийн зарлиг цаг үеэ олсон асуудал болж байна гэж дүгнэж байна. Манай орны хувьд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хүчтэй илэрч байгаа тэр хэмжээгээрээ үр дагавар, учруулах эрсдэл өндөртэй бүс нутагт оршдог. Иймд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, уур амьсгалын өөрчлөлтийн байгаль экологи, эдийн засаг нийгмийн бүхий л салбарт үзүүлэх сөрөг таагүй нөөлөл, эрсдлийг багасгах, байгальд ээлтэй цэвэр технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл хэрэглээний үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Мөн ард иргэд, олон нийт, аж ахуй нэгж байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулах, уур амьсгалдаа зохицсон аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж, амьдралын дадал зуршил хэвшлээ өөрчлөхөд нь дэмжлэг үзүүлж байхыг уг зарлигт заасан байгаа. 

Цаашдаа 3 наснаас дээш эр үхэрт татвар тавих ёстой. Ингэж байж байгаль дэлхий ургамлаар бүрхэгдэж хуучны сайхан эко систем бий болж бүрдэнэ. Нэг талаас мал үржээд сайн гэж байгаа боловч нөгөө талаас мэргэжлийн хүний нүдээр харахад байгалиа улам устгаж байна.

-Монгол шиг хөгжиж байгаа улс орнуудад техник технологийн хувьд ямар шинэчлэлт хийгдэж байна?

-Техник технологийн хувьд болон санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх олон арга, механизм бий болон хэрэгжиж эхлээд байна. Энэ хүрээнд олон улсын байгууллагууд болон түнш өндөр хөгжилтэй орнуудаас дэмжлэг туслалцаа авахын тулд дотооддоо мөн зохих бэлтгэл хангаж, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцлөө бүрдүүлсэн байх ёстой. Цаашид агаарт ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээгээ багасгахын тулд үйлдвэрлэлийн техник технологио шинэчлэх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөн хэрэглэх, цахилгаан дулааны алдагдлыг багасгах, үйлдвэрлэл хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах болно.

-Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хандлага?

-Монгол орон дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хамгийн хүчтэй явагдаж байгаа бүс нутагт байрладаг. Судлаачдын тогтоосноор Монгол орны нийт нутгаар 1940 оны үеэс хойш агаарын температур 2.1 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас 3 дахин өндөр үзүүлэлт юм. Цаашид энэ байдал үргэлжилж, 21 дүгээр зууны сүүлийн хагаст агаарын температур 4-6 градусаар дулаарах судалгааг манай эрдэмтэд хийсэн. Хур тунадас сүүлийн жилүүдэд тал хээр, говийн нутагт буурах байдал давамгайлж байна.

-Байгаль орчны талаарх монголчуудын бодлого, зорилт тодорхой. Цаашид олон улсын хэмжээнд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж, ажиллах вэ?

-НҮБ-ийн хэмжээнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон чухал арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенци, түүний Киотогийн протокол гарган хэрэгжүүлж байна. Эдгээр барим бичгийн хүрээнд дэлхийн уур амьсгалыг сааруулах, хүлэмжийн хийн хуримтлалыг багасгах болон уур амьсгалын өөрчлөлтийн таагүй үр дагавар, учруулж болох эрсдлийг багасгах механизм бий болох юм. Цаашид бид энэ талаар авах арга хэмжээг эрчимжүүлэх, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад улс орнуудын хүлээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тодорхой болгоход чиглэсэн яриа хэлэлцээ НҮБ-ын түвшинд явагдаж, 2015 онд олон улсын эрх зүйн шинэ баримт бичиг батлан гаргах төлөвтэй байгаа.

Мөн дээрээс нь Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар төр, засгийн тэргүүн нарын Өндөр дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулах юм. Энэ удаагийн өндөр дээд хэмжээний уулзалт 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Нью-Йорк хотноо болох бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор төлөвлөж байна.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.