Эрдэнэт үйлдвэр анхдагч, илгээлтийн эзэддээ хүндэтгэл үзүүллээ

Twitter Print
2014 оны 09-р сар 18-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, илгээлтийн эздийн 40 жилийн ойг энэ сарын 12, 13-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Анхдагч, илгээлтийн эздээ алдаршуулах, тэдний түүхэн гавьяаг тодруулахаар 40 жилийн ойн баярын үйл ажиллагааны хөтөлбөр гарч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд оролцон баяр хүргэлээ.

Монгол, Оросын найрамдлын билгэ тэмдэг болсон Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд гар бие оролцохоор эх орны өнцөг булан бүрээс 1974-1978 онд МАХН, МХЗЭ-ийн илгээлт, ГУУЯ болон бусад яам, дээд газрын томилолт, орон нутгийн зохион байгуулалттай болон чөлөөт элсэлтээр залуус ирж байсан юм.

ЗХУ-ын Бүгд найрамдах 15 улсын 172 хотоос ирсэн 43 үндэстэн ястны төлөөлөгч 15 мянга гаруй мэргэжилтэн барилгачид, Монгол улсын 18 аймаг, хотоос 15 үндэстэн ястны 5 мянга гаруй барилгачдын хамтын хөдөлмөрөөр өнөөдрийн Эрдэнэтийн цогцолбор байгуулагдаж, эх орны түүх хөгжил цэцэглэлтийн түүх эхэлсэн юм.

Үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтанд хүлээн авахад 639 ажилчинтай байсан бол өнөөдрийн байдлаар дэлхийн шилдэг аж ахуйн нэгж “Эрдэнэт” үйлдвэрт 6000 орчим хүн ажиллаж байна. Тус үйлдвэрийг барьж байгуулсан ач холбогдлыг өргөн утгаар нь авч үзвэл улс орны аж үйлдвэрийн салбар, тэр дундаа уул уурхайн салбарын бүтцэд чанарын өөрчлөлт оруулан экспорт, импортын хэмжээг үлэмж нэмэгдүүлж, улс орны эдийн засаг соёлын нийгмийн томоохон төв, орчин үеийн Эрдэнэт хотыг үүсгэн хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.

“Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн түүхэн хугцаанд 10,6 их наяд төгрөгийн таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, улсын болон орон нутгийн төсөвт 4,4 их наяд төгрөг төвлөрүүлэн, 2,6 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна.

Орхон аймгийн ИТХ-аас 2014 оныг Анхдагч, илгээлтийн эздийн жил болгон зарласан. Ойн хүрээнд 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК—иас байгуулж, баярын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Баярын хурлын үеэр шагналын хур бууж, анхдагчдын энгэрт одон тэмдэг гялалзан, анхны цас анхдагчдын цуваатай Цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.