
Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ.
"Хөгжлийн Банкнаас төрийн байгууллагуудын авсан 800 орчим тэрбум төгрөгийн зээл байгаа. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр Хөгжлийн банкны өрийг төлөхгүй гэдэг асуудал яригдсан. Тэгвэл хэн хариуцах вэ" гэдэг асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө.
Л.Оюун-Эрдэнэ:
- Шатахуун дээр бид зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Зөвхөн шатахуун ч биш газ дээр ийм байдал үүснэ. Манай улсын хувьд нэг үйлдвэрээс 100 хувь хамааралтай гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Дэлхий нийт Евро-5 стандартын шатахуун хэрэглэдэг бол манай улс евро-2 стандартын шатахуун хэрэглэдэг.
- Дэлхий дээр үнэтэй болчихсон бүтээгдэхүүнийг хямдхан авах ямар ч боломжгүй.
- Хөгжлийн банкны тухайд, одоогоор 150 гаруй тэрбум төгрөгийг эргэн төлсөн. Ямар компанийн ард хэн байгаа нь ил болсоор байна.
- Хөгжлийн банк бол манай Экзим банк гэсэн үг. Чингис бонд 1,5 тэрбум ам.доллар, Самурай бонд 30 тэрбум иен, Хөгжлийн банк өөрөө 580 сая ам. доллар босгосон. Гэтэл 2012 оны 12 дугаар сарын 15-нд Бодлогын зөвлөл гэж байгуулсан. Энэ бодлогын зөвлөл мэргэжлийн ТУЗ-ийг тарааж, гадны мэргэжилтнүүдийг явуулсан. Улмаар ТУЗ-д нь улстөрчид ороод шууд хуваагаад авчихсан.
- Шулуухан хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл Хөгжлийн банк дээр ажилласан. Хөгжлийн банкны 3,2 их наяд төгрөгийн 1,8 орчим чанаргүй зээлийн ихэнх нь Эрдэнэтийн 49 хувийг босгосон 430 сая ам.долларын схем бүхэлдээ байгаа. Цаашлаад тэднийг дэмжсэн хууль хяналтын байгууллагын нэр бүхий шүүгчдийн компани ч бий. Өөрөөр хэлбэл нөгөө л яриад байсан хэдэн хүмүүстэйгээ үе шаттайгаар тэмцээд явж байна.
- Т.Баттөмөр гишүүний зарласан 20 гаруй хүн бол мөсөн уулын дөнгөж орой хэсэг нь. Үүний цаана нэр бүхий томоохон улстөрчид, бизнесмэнүүд, зарим нэг утсан хүүхэлдэй болдог зарим нэг улстөрчид гарч ирнэ. Хөгжлийн банктай холбоотой хэрэг дээр таслан сэргийлэх арга хэмжээ авч, "Хөтөл"-ийг авангуут хэн, хэн хамгийн их цочиж байна вэ. Тэр бүх хүмүүс энэ бүхний ард байгаа шүү.
- Эрдэнэтийн 49 хувийг авсан хүмүүсийн схемыг гаргахад амар байгаагүй. Тухайн үед Тагнуулын Ерөнхий газрын дарга нь хүртэл 49 хувийн талд байж болзошгүйг хэлж л байсан. Гүйцэтгэх ажиллагаа хүртэл Ерөнхий сайд дээр явагдаж байсан.
- Эрдэнэт, Оюу Толгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Ордонд хүч мөхөствөл олон нийтэд хандана. Хөгжлийн банкны асуудал дээр цэг тавина. Шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой мэдээллийг Засгийн газраас гаргаж өгсөн тул хууль хяналтын байгууллага шийдэж, цэг тавих учиртай.
- Цаашдаа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг мөн дэлгэж тавина.
- Тавантолгой дээр сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим, хилийн цаана 120-180 ам доллар болдог, дундаас 60-80 ам долларыг завшдаг бүлэглэлийг илрүүлэхээр Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ далд эдийн засаг илрэхэд л Монгол Улсын эдийн засаг хоёр дахин нэмэгдэнэ. Маш их хэмжээний автомашинууд бий. Үүнд УИХ-ын гишүүн Адъяасүрэнгээс эхлээд нэр бүхий улстөрчид холбогддог.
- Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүс ч бий. Маш их ашигтай байсан тул Гашуун Сухайтын төмөр замыг олон жил гацаасан. Одоо терминал бий болоход тун удахгүй автомашины жагсаал болно.
- Зарим зүйлд хатуу байж гэмээнэ шинэ 30 жилийг эхлүүлнэ. У.Хүрэлсүх дарга надад Ерөнхий сайд гэдэг яс янгинадаг ажил шүү гэж хэлсэн. Би хэзээ ч огцрохоос айж байгаагүй. Энэ луйвартай эвлэрээд улс төрийн үхдэл болохоос би айна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(77.37.225.98) 2020-10-08 23:46Хөөрхий нөгөө холын зайн гүйлтийн тамирчинд юу ч бхгүй юу.
Хариулах