Ардчиллын тухай

Twitter Print
2019 оны 11-р сар 27-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, их богдынхоо тухай ярьж, бахархаж болох эрх чөлөөг бидэнд олгосон ардчиллын тухай хэдэн үг хэлмээр бодогдов.

Хүн эрх чөлөөгүй бол нэг төрлийн боол л байдаг. Хүн төрөлхтний түүх бол эрх чөлөөний төлөөх тэмцлийн түүх гэж би боддог. Дангаар ноёлогч нам, дарга нарын өөдөөс дуугарвал шоронд ордог, аливаа бие хүн гэр бүл, үр хүүхэддээ ч олигтой цаг гаргаж чаддаггүй, үндэсний бахархал болгоноо нулимуулсан, зөвлөлт империйн сүүдэрт дагжсан Монгол оронд ардчилсан хувьсгал эрх чөлөөг авчирсан юм.

Ээж маань МоАХ-ын гишүүн болж, үеийнхэнтэйгээ эрх чөлөөний төлөөх тэмцлийг өрнүүлж, дарга удирдлагадаа адлуулж, цагдаад дуудагдаж байв. Тэмцэж эхлээд удалгүй ажилгүй болж, хэдэн жил ганзага зөөсөн миний ээж шиг олон мянган монголчууд энэхүү хувьсгалыг хийсэн. Сүхбаатарын талбайд жагссан 100 гаруй мянган монголчууд дарангуйлагч засгийг хамтаараа унагасан. Тийм учраас ардчилал бол Монголчуудын хамтын ололт, хамтын хариуцлага. Үүнийг мэдсээр байж ардчиллыг хараан зүхэж, нулимагсад хуучин нийгэмд байсан бол ингэж авирлах эрх чөлөөгөө мөрөөдөөд ч олохгүй шоронд, эсхүл цөллөгт байж мэдэх.

Тэр үед эрх мэдэл, матаасны тогтолцоогоо алдчихаад чичирч суусан бэртэгчин коммунистууд баас хатавч өмхийгөө эс тавихын үлгэрээр үзэл санааны хороо цацаж хэдэн эрүүгийн хулгайчууд МАХН-ын бодлогоор ардчилсан хувьсгалыг хийсэн мэт киногоор сурталдаж, заримдаа бүүр гадныхан хийсэн, МАХН дэмжсэн гэх маягтай ухуулга явуулж байна. Гэхдээ та нар амжихгүй ээ.

Ардчилсан хувьсгалыг гардан хийсэн тэр үеийн залуус нас ахиж бие нь суларсан ч үзэл санаа нь улам хатуужин дийлэнх нь амьд сэрүүн байна. Үндэсний эрх чөлөөний төлөө эрслэн тэмцсэнийг нь баталгаажуулсан түүхийн баримтууд арвин байна. Монгол гурван үсгэн дээр гал бадамласан МоАХ-ын туг ордон дээрээ намирч байна!

Ардчиллын ололтыг гүнзгийрүүлж, нийгмийн тэгш бус байдлыг арилгаж, улс орноо хөгжил дэвшилд хүргэх нь бидний үүрэг. Дорой муу байгаа нь бидний л буруу. Анх хувьсгал хийлцээд хулгайч болж баяжсан нь ч бий, амьдралынхаа туршид ад үзэгдэн ажил төрөлгүй гундаж яваа нь ч бий. Аж ахуй бизнес эрхлээд амьдралаа босгосон нь ч олон, албан тушаал авилгалаар хөлжсөн нь ч цөөнгүй. Энэ бүхнийг залруулах хийгээд зөв зүйтэйг нь гүнзгийрүүлэх, сайхан амьдрах эрх чөлөө, боломжийг ардчилал бидэнд олгосон. Ямар явахыг гагцхүү Монголчууд та бидний хичээл зүтгэл мэднэ.

Өмгөөлөгч О.Алтангэрэл 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.