Н.Гэрэлцэцэг: Байгаль ордон анхнаасаа төрийн өмч байсан

Twitter Print
2014 оны 09-р сар 18-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Байгаль ордны эзэмшилтэй холбоотой маргааны асуудлын талаар БОНХЯ-ны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Н.Гэрэлцэцэгтэй ярилцлаа.

-Байгаль ордны эзэмшилтэй холбоотой маргаан ямар шатандаа явж байна вэ?

-Байгаль ордны хууль бус эзэмшилтэй холбоотой маргаан Анхан болон Давж заалдах шатын шүүхээр шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр тус ордон нь төрийн өмч мөн гэж гарсан, харин Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Байгаль ордон нь “Монголын анчдын нийгэмлэг” ТББ-ын буюу хувийн өмч гэж тогтоосон байгаа. Бид Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс хяналтын шатны шүүхэд хуулийн хүрээнд гомдлоо гаргасан. Одоо хяналтын шатны шүүх хурлын шийдвэрийг хүлээж байна.

-БОНХЯ яагаад төрийн өмч гэж үзээд байгаа юм бэ?

-Байгаль ордныг бариулахаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд танилцуулж 1970.09.30-ны өдрийн 338 тоот  Улсын төлөвлөгөөний комисс Ой модны аж үйлдвэрийн яамны захиалгаар баригдах барилгын зураг төслийг баталлаа гэсэн тогтоол гарсан юм билээ. Ингээд барилга угсралтын ажил 1974 оны арваннэгдүгээр сарын 20-нд эхэлсэн. Өөр нэг нотлох баримт нь 1979 онд Улсын комисс хүлээн авсан акт юм. Тус актад Байгаль ордны барилгыг А Б В гэсэн 3 хэсэгтэйгээр Ой модны аж үйлдвэрийн яамны захиргаанд хүлээлгэн өгч улс хүлээн авсанд  тооцлоо гэсэн байдаг.

Сайд нарын зөвлөлөөс 1982 оны долоодугаар сарын 02-ны  219 тоот тогтоолоорзарим үйлдвэр, аж ахуйн газрыг нэгтгэхээр шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ Байгаль ордны захиргааг тухайн үеийн Монголын анчдын нийгэмлэгийн төв зөвлөлд хариуцуулсан юм билээ.

-Хариуцуулна гэхээр өмчлөх эрхийг нь Монголын анчдын нийгэмлэгт шилжүүлсэн гэсэн үг үү?

- Монголын анчдын нийгэмлэгийн төв зөвлөлд Байгаль ордны захиргааны өдөр тутмын үйл ажиллагааг үргэлжлүүлэх ашиглах эрхийг хариуцуулснаас биш өмчлүүлэх эрхийг нь өгөөгүй. Өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн өмчлөлийн 3 хэлбэр байдаг. Харин өмчлөх буюу эзэмших эрх нь төрд хадгалагдаж байсан гэж бид үзэж байгаа.

-Ямар үндэслэлээр ингэж үзэв?

-Тухайн үеийн Иргэний хуулиар өмчийн 2 хэлбэртэй байсан. Үүнд нь социалист өмч, амины өмч гэж. Социaлист өмч нь улсын өмч буюу одоогийнтөрийн өмч юм. Нийгэм, соёлын бүх өмч социалист өмчид хамаарч байсан нь энэ барилга нь төрийн өмч мөн юм. Монгол Улсад улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ тогтоолцоонд шилжиж, хууль эрх зүйн орчин шинэчлэгдэж байх үед Байгаль ордны өмчлөлийн асуудал орхигдсон байдаг.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдаж гарсан. Уг хууль батлагдсантай холбоотойгоор 1997 онд Төрийн өмчийн хороо байгуулагдаад Байгаль ордны асуудлыг маргаантай өмчийн жагсаалтад оруулаад орхичихсон. Гэтэл 1996 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 8.5- д төрийн өмчийг бусдад худалдах, шилжүүлэхдээ зөвхөн УИХ тогтоол гаргана гэсэн заалт бий. Гэтэл УИХ-аас тогтоол гараагүй байхад Байгаль ордныг Монголын анчдын нийгэмлэгийн өмчөөр шилжүүлэх шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шийдвэрээр өмчлөгчийг тогтоож байгаа бол хэрэгт оролцогч талуудыг байлцуулан ядаж тайлбар авах шаардлагатай байсан. Хэрэв УИХ-аас гаргасан хувьчлалтай холбоотой тогтоол нь хууль бус байна гэсэн маргаан гарсан бол  шүүхээр шийдвэрлэх боломжтой байдаг.  Өөрөөр шүүхийн журмаар шийдвэрлэх боломж байхгүй.Тухайн үедээ төрийн өмчийн хорооны удирдлагуудын ажлын хариуцлагагүй байдал, үйл ажиллагаанаас болж Монголын анчдын нийгэмлэгийн өмч болгож шийдсэн юм. Харин шинэчлэлийн засгийн газар байгуулагдсанаасаа хойш энэ асуудлыг нилээн нухацтай авч үзэж шийдвэрлэхээр явж байна. Ер нь уг барилга байгууламж нь нь Лениний музейтэй л адилхан Төрийн захиалгаар баригдаж төрийн байгууллага эзэмшиж байсан барилга.

-Монголын анчдын нийгэмлэг нь ямар статустай, хичнээн гишүүнтэй  ТББ юм бэ?

-Гэрчилгээн дээрээ ашгийн төлөө, 1 хүний гишүүнчлэлтэй байгууллага гэж бичсэн байдаг.

-Давж заалдах шатны шүүхийн шийдвэр Монголын анчдын нийгэмлэгийн өмч гэж гарсан байна. Тус нийгэмлэгийнхэн ямар үндэслэл, баримтаар өөрийн өмч гэж үзээд байгаа юм бэ?

-Тухайн үеийн анчдын нийгэмлэгийн төв зөвлөл  уртын зээл гэдгийг Монгол банкнаас авч өөрийн хөрөнгөөр эргүүлэн төлсөн гэдэг. Тухайн үед үйлчилж байсан Иргэний хуулиар Монголын анчдын нийгэмлэгийн төв зөвлөл нь социалист өмчийн байгууллага буюу улсын байгууллага. Гэтэл тухайн үеийн Анчдын нийгэмлэгийн төв зөвлөл одоогийн байгаа төрийн бус байгууллага нь статусын хувьд тэс өөр байгууллагууд юм.

-Монголын анчдын нийгэмлэг Байгаль ордонг хэдэн онд өмчилж авсан юм бэ?

-Дээр хэлсэнчлэн 1998 оныШүүхийн шийдвэрээр улсын бүртгэлийн газар бүртгүүлчихсэн. Тэр үед нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдчихсан байсан. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл төрийн өмчийг хувьд шилжүүлэх асуудал нь уг хуулийн дагуу явах байсан.

-Хариуцагч буюу төрийн байгууллагаас ямар ч төлөөллийг шүүх хуралд байлцуулаагүй юм уу?

-Тухайн үед ажиллаж байсан шүүгч гуравдагч тал буюу хариуцагч талыг бий болгоод хэргийг шийдвэрлэсэн бол энэ хэрэг шүүхээр шийдэгдэж болох асуудал байсан. Төрийн өмчийн хорооноос ядаж нэг ч гэсэн тодорхойлолт аваагүй. Үүн дээр тухайн үеийн уг хэргийг шийдсэн шүүхийн шүүгч алдаа гаргасан гэж бодож байна.

-Одоо байгаль орчны яам ямар үр дүн хүлээж байна?

-Ой модны аж үйлдвэрийн яамны захиалгаар, улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Байгаль ордны барилгыг  төр өмчлөлдөөшилжүүлж, анх баригдсан зорилгынх нь дагуу ашиглах нь зүйтэй. Анх байгуулагдахдаа тухайн өмч маань байгалийн баялгийг зөв ашиглаж, байгаль орчноо хайрлан хамгаалах арга ухаанд сургах байгалийн соёлын төв болгох зорилготойгоор байгуулагдаж байсан.Зориулалтынх нь дагуу ашигламаар байна. Хяналтын шатны шүүх зөв шийдвэр гаргах байх гэж найдаж байна. 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.