
ХБНГУ-д өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусын халдвар авсан 1200 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар энэ нь өөр улс орон руу амрахаар явсан иргэд олноороо эргэн ирж байгаатай холбоотой гэнэ. Тэгвэл Францад сүүлийн 24 цагт коронавирусын халдварын 2524 тохиолдол бүртгэгдсэн нь хөл хориогоо цуцалснаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Германы Гадаад хэргийн яамнаас Испанийн нийслэл Мадрид болон Испанийн Баскийн өөртөө засах мужид коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан тухайн бүс нутаг руу иргэдийг зорчихгүй байхыг анхааруулжээ. Коронавирусын цар тахал эхэлснээс хойш ХБНГУ-д уг вирусын халдварын улмаас 9000 гаруй хүн нас бараад байгаа билээ. Испани улс баруун Европын улс орнуудаас коронавирусын цар тахалд хамгийн ихээр өртөөд байна. Өнгөрсөн мягмар гарагт тус улсад коронавирусын халдвар авсан 1418 тохиолдол бүртгэгдээд байна. Түүнчлэн Испанид коронавирусын халдварын 675 идэвхтэй голомт байгаа аж.
Нийтдээ Испанид КОВИД-19 өвчний 326 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь Баруун Европтоо хамгийн өндөр үзүүлэлт нь болоод байгаа бол дэлхийд халдварын тоогоороо 11т бичигдэж байна. Бельгид коронавирусын халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор нийслэл Брюссельд энэ лхагва гарагаас эхлэн олон нийтийн газруудад зайлшгүй амны хаалт зүүхийг иргэдээс шаардаж эхэлсэн байна. Өмнө нь иргэдэд зөвхөн олон хүн цугларсан газар, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөж байсан юм. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Брюссельд өдөрт 100 мянган хүн тутамд дунджаар 50 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор цагдаа нар иргэдийн хорио цээрийн дүрэм журмын биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна. Бельгид нийтдээ коронавирусын халдварын 75 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 9800 гаруй хүн нас бараад байгаа юм.
Ирэх 11-р сарын 15-нд Францын нийслэл Парис хотод зохион байгуулагдах байсан Парисын марафоныг энэ жилдээ цуцлахаар шийдээд байна. Зохион байгуулагчид нь уг арга хэмжээг зохион байгуулахын тулд боломжтой бүгдийг хийсэн ч үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Парисын марафоныг цуцлах шаардлагатай гэж үзжээ. Францын нийслэл Парис хотод иргэдээс амны хаалт зайлшгүй зүүхийг шаардаж эхлээд байна. Францын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр иргэд хоорондоо зай барих, амны хаалт зүүх зэрэг журмыг биелүүлж байгаа эсэхийг цагдаа нар хянах хийх аж. Тус улсад коронавирусын халдвар авсан нийт 206 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.
Өнгөрсөн лхагва гарагт Грект КОВИД-19 өвчний 262 тохиолдол бүртгэгдсэн нь коронавирусын цар тахал эхэлснээс хойш тус улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Үүнтэй холбоотойгоор эрх баригчид жуулчдын хамгийн ихээр очдог газруудад байрлах кафе зоогийн газар, бааруудыг хаах арга хэмжээ аваад байна. Түүнчлэн Грек улс Европ болон Балканы зарим орнуудаас ирж буй иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.