
Францын нийслэл Парисын хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулж, замын аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор тус хотын автозамын дийлэнх хэсэгт тээврийн хэрэгслийн зорчих дээд хурдыг 30 км/цаг болгон тогтоожээ.
Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хурдыг бууруулснаар агаарын бохирдол багасна гэдэгт Парис хотын оршин суугчид эргэлзэж байгаа ба зарим нь тээврийн хэрэгслийн хурдыг бууруулснаар автозамын түгжрэл улам нэмэгдэж, агаарт хүлэмжийн хий бүр ч ихээр ялгарна хэмээн бухимдаж байна.
Түүнээс гадна эрх баригчид Парис хот руу орох автомашинуудын тоог бууруулах зорилгоор тус хотын автомашины 144 мянган зогсоолын 60 мянгыг нь буулгаж, газар доорх зогсоолуудын ашиглалтыг сайжруулах шийдвэр гаргасан байна.
Парис хотын удирдлагууд явган хүний замуудыг өргөсгөж, шинээр дугуйн зам барьж, ургамал мод олноор нь суулгахаар төлөвлөжээ.
Парис хотын захиргаанаас явуулсан судалгаагаар хотын оршин суугчдын 59 хувь нь тээврийн хэрэгслийн хурдыг бууруулсан явдлыг дэмжсэн бол Иль-де-Франс мужийн иргэдийн 61 хувь нь эсэргүүцжээ.
Парис хотын удирдлагууд тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх дээд хурдыг бууруулсанд хамгийн ихээр хүргэлтийн жолооч нар бухимдаж байна.
Нөгөө талаас Парис хотын орлогч дарга Давид Бельярдын дурдсанаар хот дотор тээврийн хэрэгслийн хурдыг бууруулснаар иргэд автомашин унахаас татгалзаж, явган алхах, нийтийн тээвэр болон дугуйгаар зорчихыг илүүд үзэх аж.
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа, "Хурд хязгаарласан явдлыг эсэргүүцэж буй хүмүүст хэлэхэд 30 км/цаг хурд нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэхгүй, харин ч дугуйгаар зорчиж буй, явганаар алхаж буй иргэдийн аюулгүй байдал сайжирч, дуу чимээ буурч, хот маань амгалан тайван болно." гэж бичсэн байна.
Парис хотын захиргаа дээрх шийдвэрийн ачаар автозамын нийт ослын тоо 25 хувиар, ноцтой ослын тоо 40 хувиар буурна гэж үзэж байгаа аж.
Түүнээс гадна хотын дуу чимээ тал шахуу хувиар буурах ба автозамын чимээ нь бие махбодь болон сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, стресс, нойргүйдэл үүсэхэд нөлөөлдөг болохыг хотын удирдлагууд онцолжээ.
Дээрх шийдвэрийг эрх баригчид өнгөрсөн оны 10, 11-р сард 5700 гаруй хүнээс авсан судалгаанаас үндэслэн гаргажээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.