Афганчууд хөрш Пакистан руу мянга мянгаараа дүрвэж байна

Twitter Print
2021 оны 08-р сар 31-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

Талибан хөдөлгөөн Афганистаны төрийн эрхэнд гарч, АНУ-ын цэргүүд Афганистанаас гарч байгаатай  холбоотойгоор мянга мянган афганчууд орон гэрээ орхин явж байна. 

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Кабулын нисэх онгоцны буудал дээр цугларсан афганчуудын талаар мэдээлж байгаа ч мянга мянган афганчууд хөрш Пакистан руу Чаман хилийн боомтоор дамжин дүрвэсээр байна. 

Пакистан болон Афганистаныг холбосон Чаман хилийн боомтоор өдөрт хэдэн мянган худалдаачид болон аялагчид дамжин өнгөрдөг ба хамгийн олон хүн дамжин өнгөрдөг боомт юм. 

Сүүлийн хэдэн долоо хоногт Афганистаны талаас Пакистан руу нэвтрэх гэсэн иргэдийн тоо огцом өсчээ. Талибан хөдөлгөөний дарамт шахалт, хавчлагаас зугтсан мянга мянган иргэдийн хөдөлгөөн зогсохгүй байна. 

Ачаа тээшээ үүрсэн эрчүүд,  хүүхдүүдээ хөтөлсөн эмэгтэйчүүд, тэргэнцэртэй иргэд бүгчим халууныг үл ажран Пакистаны хилээр нэвтрэхээ хүлээж байна. 

Пакистан руу дүрвэж буй тэдгээр иргэдийн дийлэнхийг нь залуус эзэлж байгааг ажиглагчид онцолж байна. 

Пакистан улсад сая сая афганчууд амьдарч ирсэн ба Пакистаны эрх баригчид дахин олон тооны дүрвэгсдийг хүлээн авах боломжгүй хэмээн анхааруулсаар байна. 

Ажиглагчдын үзэж байгаагаар Пакистан хилээ хаах нь цаг хугацааны асуудал аж. 

1980-аад онд ЗХУ-ын цэргүүд Афганистанд орж ирсэнтэй холбоотойгоор сая сая афганчууд Пакистан руу дүрвэж байсан бол энэ удаад Пакистаны засгийн газар Афганистаны дүрвэгсдэд зориулсан лагериа хилийн зурвастай ойрхон байгуулж, афганчуудыг Пакистаны төв рүү оруулахгүй байх шийдвэр гаргажээ. 

Өнөөдрийн байдлаар афганчууд Пакистаны хилээр чөлөөтэй нэвтэрч байгаа ч Пакистаны тал удахгүй хилээ хаана гэдгийг Пакистаны хилээр нэвтрэхээр хүлээж буй мянга мянган афганчууд ойлгож байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.