Монгол уламжлал, ухаан үнэд орно

Twitter Print
2020 оны 04-р сар 02-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын алсаас толгой дохин, аль эсвэл харилцагчаа ихэд хүндэтгэж буйгаа илэрхийлэх бол баруун алгаараа зүрхэн тушаагаа хөнгөн дарж, бага зэрэг бөхийн амар мэндийг нь эрдэг ёс олон улсад тренд болох бололтой. Мөн европчууд, америкчууд ч бурхны шашинтнууд алга хавсран залбирах лугаа адил үйлдлийг эв хавгүйхэн хийж эхлэв. 

Энэ бүхнийг харж байхнаа бидний өвөг дээдэс ихэд цэмцгэр, соёлтой байж дээ гэж бодогдоно. Одоо ч 50-иас дээш насныхан гэж тоймлож болох байх, бага насны хүүхдийг духан дээр нь үнэрлэж, сайн сайхан үг хэлж, ерөөдөг хэвээрээ. Тэр бүр хүүхдийг нүүр, нүдгүй үнсэж, үнгэхгүй шүү. Духан дээр үнэрлэхийг магнайн баяр гэдэг тухай доктор С.Дулам энэ оны эхээр тайлбарлаж байлаа. Цаг үе ариун цэвэр сахиж, холын зайнаас харилцахыг шаардахуй дор монголчуудын уламжлалт ёс заншлаас хөгжилд “ташаарсан” улс орнуудын ард иргэд суралцаж эхлэх ч юм шиг. Тэднээс дутахгүй орчин үеийн монголчууд, залуучууд уламжлалт аж ахуй, ёс заншил, зан үйлээ эргэн “эрэн сурвалжилж”, өөрт хэрэгтэйгээ олж авах шинэ үе эхэлж байна уу даа.

Гадаадад байнга оршин сууж буй нөхдөөс маань найзууд нь “Вирус дэлгэрсэн Хятадын хөрш Монголд хүмүүс тэр бүр халдвар авахгүй байгаа нь та нарын өгзөг дээр байдаг гэдэг хөх толботой ямар нэг байдлаар холбоотой юу” гэж асуусан тохиолдол нэг бус байна. Манайхан “Бид тэнгэр заяатай хүмүүс гэлтэй биш, юу гэж хариулах вэ. Эрдэмтэн, судлаачдын нийтлэл, судалгааны ажил байвал явуулаач. Ингэхэд бид яагаад хөх толботой төрдөг юм бол” гэж асууж байсан. Нээрэн үүнд ямар учир байдгийг мэдэхээс эхлээд бид өөрсдийгөө судлах цаг болсон санагдана. Уламжлал, өв соёл, өвөг дээдсийн сургаалд хаанахын юугаар ч сольшгүй үнэ цэн байна. Жишээ олон.

Бэлчээрийн мал аж ахуйгаа шүтэж, сүргийн бүтцийг зохистой байлгах замаар байгалиа хайрлан хишгийг нь хүртэнгээ малынхаа шимийг ашиг болгож амьдаръя. Яг л эцэг өвгөд шигээ. Малын арьс, ширийг өнөөдрийнх шиг өмхийрүүлэлгүй, тултал нь боловсруулж гадаадад гаргавал гаргаад, үгүй бол эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэн, аж үйлдвэрлэлээ сэргээе. Таван хошуу малын махыг нь амтархан иддэг шигээ таван цулынх нь тэжээллэг чанарыг ухаарч, толгой, шийргүй зооглож, хий хуйгаа тарааж байя. Монголчуудын өнө эртнээс нааш улбаатай энэ хоол нь тэр чигээрээ уураг бөгөөд дархлааг дээд зэргээр сэргээдэг болохыг уламжлалт анагаах ухааны мэргэд хэлдэг.

Аюулт өвчин дэлхий нийтийг хамрахын цагт хамгийн өндөр хөгжилтэй гэж тооцож байсан улс орнуудад ямар гээчийн самуун болж байгааг харж байна. Хорио цээрийн дэглэмийг зөрчсөн хүмүүсийг их хэмжээний мөнгөөр торгох, долоо хүртэлх жилээр хорих шийдвэр гаргаж “чихгүй толгой”-нуудыг гэрт нь суулгаж байна. Энэтхэгт бол дэглэм зөрчигсдийг цагдаа нар урт саваа модоор нүдэж буй. Торгуульд өгөх мөнгөгүй нөхдөд үүнээс өөр таарах шийтгэл үгүй. Германы Хэссэн мужийн санхүү хариуцсан түшмэд нь вирусийн аюулын үед ард олондоо мөнгөөр тусалж чадахгүй нөхцөл байдал үүсэхэд сэтгэлээр унасаар амиа хорлов. Энэ мэтчилэн дурдаад байвал улс орнуудад хөгжингүй, буурай ялгаагүй асуудал дороос ундарч, даяараа айдас хүйдэст автаад байна. Өнөөдрийнх шиг нөхцөл байдалд улс орны удирдагчид ч, ард иргэд ч ялгаагүй асуудалд хэрхэн хандах нь үндэстнийг бүрдүүлэгч хувь хүмүүсийн араншин, зан төлөваас ихээхэн хамаардаг бололтой.Монголчууд бид өнгөн дээрээ айхавтар хэрүүлч, хэл амтай мэт атлаа цаг нь тулахаар харин ч эв нэгдэлтэй юм. Үүн дээрээ үндэстний язгуур, өнөө үлэмж үгүйлэгдэж буй цөлх ухааныг нэмчихвэл нийгэм аяндаа илүү налайгаад ирэх санагдана. Судлаач Д.Дулмаагийн хэлснээр цөлх ухаан нь хүний амьдралын орон зай, цаг хугацааны мэдрэмжийг уян, уужуу, тайван болгодог аж. Ийм оршихуйд боловсрол төдийлөн шаардагдахгүй бөгөөд өөрт байгаа болоцоогоо дайчилж, оюун ухаанаа ашиглаж амьдрахад л эртний монголчуудын хэлдэгчлэн жаргалд сэрэмжтэй, зовлонд тэсвэртэй байх аж. Цөлх ухааны хамгийн энгийн төсөөлөл бол мөрөөрөө явах, амьдрах. Эс тэгвээс амьдралын салаа замуудад будилж мэдэх аж. Хүүхдээ айж, эмээхийн мэдрэмжтэй өсгөж, аливаа ажил үйлд хянамгай, хэрсүү хандаж сургахаас зав амьдрахуйн хөтөч цөлх ухаанд суралцдаг ажээ. Энэ зан чанар, төлөвшил биднээс тэгтлээ алсраагүй байгаа дээр судлаачийн хэлснээс эш татаад ч болов сануулах гэсэн юм. Дэлхийн улс орнуудын удирдагчдын гаргаж буй зан авир, нийгэм дэх таагүй нөлөөллийг нь мэдрэхийн хэрээр монгол хүнийг бий болгож, бүтээж ирсэн зөв амьдрахын эхлэл болсон цөлх ухааны талаар хаана, хаанаа ярилцаж, зөн төлвийн энэхүү нандин шинжийг эрэгтэй, эмэгтэйгүй сэргээн, хэв шинжээ болгож, гэр бүл, үр хойчдоо уламжлуулаасай. Энэ ч гэсэн монгол уламжлал, ухаан, өв билээ.

хуучин байшинАливаад харьцуулах зүйл байна гэдэг сайн, муу, болох, болохгүйг ялгаж, ойлгоход ихээхэн нөлөөтэй ажгуу. Хүн төрөлхтний хэн нь хэн бэ гэдгийг цөвүүн цаг ялгаж өгдөг бололтой. Хөнөөлт вирусийн түйвээн дундаас бид хэн бэ, яаж амьдрах ёстой юм бэ гэдэг талд бодолхийлсээр. Өөрсдөд байдаг, бусдад үгүй уламжлал, өв, соёлоо тулан өндийх цагтай бид нүүр тулсан санагдана. Чадна гэдгийг нотлохын тулд өмнө дурдаж байснаа баяжуулан дахин нэг удаа бичье.

Дэлхийн тавцанд гарч ирээд удаагүй байгаа “Хү” хамтлагийг аваа үзье. Бүрэлдэхүүн дэх залуусын олонх нь аль ч улс оронд байдаг хөгжмийн тусгай сургуультай адил ХБК-ийн төгсөгчид бөгөөд тэд аль ч улсын сонгодог болон үндэсний хөгжимчидтэй адил тус тусын эзэмшсэн зэмсгээр үеийнхнийхээ нэгэн адил хөгжимддөг. Гадаадынхантай харьцуулахад давуу тал нь хөөмийлдөг. Залуусын үсийг тайрч халимаг болгоод, жирийн морин хуур бариулж, энгийн дээл өмсүүлээд, “Тайзан дээр даруухан зогсоод дуулаарай” гээд гаргавал уран бүтээлчид өнөөдрийнх шиг өндөр өвч чадах байсан уу. Америк орныг реклам бий болгосон гэдэгтэй адил “Хү” хамтлагийг монгол уламжлал, өв соёл, түүний үнэ цэнийг мэдэрсэн продюсерийн ухаан, сэтгэлгээ, хөгжмийн зэмсгийн болон хувцасны монгол дизайнеруудын ур, ухаан босгож чадсан. Үүнтэй адил өөд нь татаж, сэргээн хөгжүүлж, хэрэглээ, эдийн засгийн эргэлтэд оруулж болох өв, соёлын элемент мундахгүй.

Нүүдлийн болон хотожсон соёл иргэншил хослон оршиж буй цөөн улсын нэг нь Монгол. Оршихуйн давуу тал болсон монгол заяадаа сүсэлж, аливаад ухаалаг, хашир, уужуу тайван хандаж, эх хэл, соёлоо дээдлэн, уламжлал, эцэг өвгөдийнхөө ухааны өвийг “экспортолж”, улмаар ашиг олж, эрүүл, чинээлэг амьдарч болох юм гэсэн санаа дэлхийн өнцөг булан бүрт өдөр, хоног бүр эрдэнэт хүн олноор амь тавьж буй энэ өдрүүдэд бодогдож буйг хуваалцлаа.

Монгол хүн монголоороо сэтгэж чадахаа байдаг гэнэ. Ноднин юм. Өмнөд хөршид дээд сургуульд сурдаг, амралтаараа гэртээ ирсэн монгол оюутантай түүний хүсэлтээр уулзаж, цаг орчим суухдаа нэлээд олон асуулттай харьж билээ. Юм юмны тухай харилцан ярилцсаны эцэст “Эгч ээ, орчин үеийн залуус өөрөөр сэтгэдэг болсон. Миний аав, ээж өөр, эмээ, өвөө бүр ч ондоо сэтгэнэ. Өвөө, эмээ, аав, ээж биднийг ойлгохгүй. Бид бас тэднийг ойлгохгүй. Ахмадуудаа хүндлээд үгэнд нь ороод байдаг мэт боловч үнэн хэрэгтээ хэлснээр нь амьдардаггүй. Өөрсдөө бүхнийг шийддэг. Бидний үеийнхний сэтгэлгээ тэс өөр, гадаад хүмүүсийнх шиг болсон” гэлээ. Тэгэхээр нь “Яг, ямар болсон гэж” хэмээн асуухад “Тайлбарлах гэхээр үг орж ирэхгүй байна. Ямар ч л байсан манай үеийнхэн монгол хүмүүс шиг сэтгэхээ больсон, та эргэн тойрондоо байгаа залуусыг анзаараарай. Бүгд адилхан” гэсэн юм. Бидний яриа ингэсгээд өндөрлөсөн.

Тэр хөөрхөн охины санаа бодол өнөөдөр лав өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байна. Монгол эх орондоо монгол хүн болж төрсөн заяадаа мөргөж, монгол уламжлал, эцэг өвгөдийн өв, сургаалаас шүр, сувд шүүрэхээр зэхэж эхэлсэн байх.

Газарт гадас хэвтэж байвал босгож, хашаа түшүүлж тавь, уурган дээгүүр алхаж болохгүй, тойрч гар, морьтойгоо айлд, уяанд тултал бүү давхиул, наанадаж хурдтай явсан морийг гэнэт зогсоогоод уяхад хөлд нь цус бууна, доголно, цаанадаж амгалан тайван байгаа айл хотлыг үймүүлнэ, босгон дээр гишгэж болохгүй, хаалга бүү алдал, хутганы ир дээшээ харуулж бүү тавь, шургуулгад буландуулаад, ирийг нь доош харуулж тавь, шанага, халбагыг тогоонд бүү үлдээ (тусгай хэллэг байдаг) гэх мэтийн ахуйн хүрээний “дүрэм”, “журам” монголчуудад элбэг. Сүүлийн үеийн залуус бараг л “Ядаргаатай юм. Юм л бол болохгүй гэнэ. Яршиг л байна” гэх зэргээр түвэгшээж байгаа сонсогддог. Тэд ийнхүү үл тоохын оронд аав, ээж, эмээ, өвөө минь яагаад ингэж хэлээд байдаг юм бол хэмээн нэг удаа ч болов бодож үзвэл эдгээр “дүрэм”, “журам” нь эмх цэгцтэй, зохион байгуулалттай, одоо элбэг хэлдэг болсончлон зөв амьдрахуйн тухай сургаал, сургууль ч болохыг ойлгох буй за. Дээр үед одоогийнх шиг олон хууль байсангүй. Төрийн “том” ганц хуультай л байлаа. Амьдралын, нийгмйн бүхий л харилцааг уламжлал, ёс заншил, ухамсар, ёс суртахуунаар зохицуулж байжээ. Айл өрх бүр эдгээрээр зохицуулах хэм хэмжээг гэр бүлийн хүмүүжилдээ тусгаж авч явдаг, үр хүүхдээ хүний зэрэгтэй хүн болгон хүмүүжүүлж ирж.

Монгол уламжлал, ухаан бол тэр чигээрээ оршихуйн үндэс, амьдралын их сургууль ажгуу. Монголчуудын аж төрөх ёс, уламжлал, ухаанаас дэлхий суралцах болно гэж хэлэхдээ ам бардам байна.

Р.Оюунжаргал

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.