АНУ Афганистанаас цэргүүдээ гаргаж дуусгалаа

Twitter Print
2021 оны 08-р сар 31-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Зэвсэгт хүчний тэргүүн Фрэнк Маккензи АНУ-ын зэвсэгт хүчний сүүлийн онгоц Афганистанаас хөөрснөөр   АНУ-ын Афганистанаас цэргүүдээ гаргах ажиллагаа дуусгавар болсныг мэдэгджээ. 

Тэрээр, "Афганистанаас АНУ-ын зэвсэгт хүчний цэргүүд, АНУ болон гуравдагч орны иргэд, аюулд өртөх эрсдэлтэй афганчуудыг татан авах ажиллагаа дууссан болохыг мэдэгдэж байна." хэмээн мэдэгджээ. 

Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудал нь АНУ-ын зэвсэгт хүчний хяналтанд байсан сүүлийн объект бөгөөд Америкийн цэргүүд гарч дууссанаар тус нисэх онгоцны буудал талибуудын хяналтанд шилжиж байгаа аж. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цэргүүдээ Афганистанаас татан авах ажиллагааг энэ сарын 31-нд дуусгахыг үүрэг болгосон ба Кабул дахь нисэх онгоцны буудал дээрх АНУ-ын зэвсэгт  хүчний тусгай ажиллагааны явцад АНУ  нийт 120 мянга гаруй иргэдийг татан авчээ. Тэдгээр иргэдийн дийлэнх нь афганчууд аж. 

Талибан хөдөлгөөний зүгээс иргэддээ гадаадын улс орнууд руу явахыг хориглохгүй гэж мэдэгдсэн ч Афганистан улсад инженерүүд, эмч нар зэрэг өндөр боловсролтой  мэргэжилтнүүд хэрэгтэй учраас эдгээр мэргэжилтнүүдийг олноор нь гадагшаа гаргах нь байж боломгүй явдал хэмээн онцолсон юм. 

АНУ-ын зэвсэгт хүчний ажиллагаа явагдаж байх үеэр Исламын улс алан хядах байгууллага Кабулын нисэх онгоцны буудалд алан хядах ажиллагаа зохион байгуулж, уг алан хядах ажиллагааны улмаас Америкийн 13 цэрэг, хэдэн зуун иргэд амиа алдсан юм. 

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Жо Байден хатуу шүүмжлэлд өртөөд байна. Ажиглагчид болон сэтгүүлчдийн үзэж байгаагаар Вашингтон талибууд Афганистаны төрийн эрхэнд ийм түргэн  хугацаанд гарч чадна гэж бодоогүй учраас цэргүүдээ татах ажиллагааны үеэр олон тооны буруу шийдвэр гаргажээ. Үүнд ажиллагааг Кабулын нисэх онгоцны буудалд явуулах шийдвэр багтах ба Кабулын нисэх онгоцны буудалд ажиллагааг явуулснаар цэргүүд болон иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаагүй гэжээ. Зарим мэргэжилтнүүд цэргүүдээ татан авах ажиллагааг Баграм агаарын нисэх хүчний баазад явуулах нь зөв байсан гэж үзэж байна. 

Вашингтон цэргүүдээ Афганистанаас гаргах тухай гэрээг АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Доналд Трампын удирдлага дор 2020 оны 2-р сарын 29-нд Катарын нийслэл Доха хотод хийсэн ба Талибан хөдөлгөөнтэй хийсэн уг гэрээний дагуу АНУ болон НАТО цэргүүдээ 2021 оны 5-р сарын 1 гэхэд гаргана гэж тусгасан байсан юм. 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден дээрх хугацааг 2021 оны 8-р сарын 31 хүртэл хойшлуулсан юм. 

Талибан хөдөлгөөний зүгээс 8-р сарын 31-нээс хойш АНУ-д Кабулын нисэх онгоцны буудал дээр тусгай ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй хэмээн анхааруулсан юм. 

Талибан хөдөлгөөн 8-р сарын 15-нд нийслэл Кабул хотыг эзэлсэн ба үүнтэй холбоотойгоор Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо зугтан, Арабын Нэгдсэн Эмират улсад орогносон билээ. Ерөнхийлөгчийн ордныг эзэлсэн талибууд Афганистаныг чөлөөлснөө мэдэгдэж, дайн дуусгавар болсныг зарласан юм. 

20 жилийн өмнө АНУ-ын цэргүүд Аль Каида алан хядах бүлэглэл, тус бүлэглэлийн тэргүүн Осама бен Ладеныг устгах зорилгоор Афганистанд орж ирсэн ба Америкийн цэргүүд түүнээс хойш Афганистанд 20 жилийг өнгөрөөжээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Афганистанд АНУ-ын цэргийн 2461 албан хаагч амиа алдаж, 20 мянга гаруй цэрэг шархдаж, АНУ өнгөрсөн 20 жилд Афганистан дахь цэргийн ажиллагаандаа ойролцоогоор 2 их наяд ам. долларыг зарцуулжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.