
НАТО-гийн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд Украинд үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэхээр ирэх 7 хоногт Брюссельд уулзахаар төлөвлөж буй талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Түүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх долоо хоногт Европт айлчлахаар бэлтгэж байгаа гэжээ. Ерөнхийлөгч Ж. Байдений хувьд Вашингтон украинчуудыг зэр зэвсэг, хоол хүнсээр хангаж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно гэдгийг онцолж, АНУ Украины дүрвэгсдийг "гараа дэлгэн" хүлээн авах болно хэмээн мэдэгдсэн билээ.
ОХУ Украин руу довтолсноос хойш 2.6 сая гаруй украинчууд хөрш зэргэлдээ улс орнууд руу дүрвэсэн ба нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол энэ тоо 4 саяд хүрэх магадлалтайг НҮБ онцолжээ.
НҮБ-аас мэдээлснээр ОХУ Украин руу халдсанаас хойш 636 энгийн иргэн амиа алдсан ба амиа алдсан иргэдийн 90 нь хүүхдүүд байна. ОХУ энэ сарын 2-нд Украинд 498 цэргээ алдсан хэмээн мэдээлж байсан бол Украины Батлан хамгаалахын яам амиа алдсан ОХУ-ын зэвсэгт хүчний албан хаагчдын тоо 5840-д хүрнэ хэмээн мэдэгдсэн юм.
Үүнээс 4 хоногийн дараа АНУ-ын Тагнуулын алба Украинд амиа алдсан цэргүүдийн тоо 2000-4000 хооронд байх магадлалтай талаар мэдээлсэн билээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.