Д. Трамп шүүхэд оролцохоор хувийн онгоцоороо Нью Йорк хотод буув

Twitter Print
2023 оны 04-р сар 04-нд 10:06 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп орон нутгийн цагаар мягмар гарагийн өдөр Нью Йорк хотын Манхэттэн тойргийн шүүх хуралд оролцохоор Флоридагаас хувийн онгоцоор Нью Йорк хотод иржээ.

Өнгөрсөн долоо хоногт Манхэттэн тойргийн Тангарагтны шүүх тус тойргийн прокурор Элвин Браггийн хүсэлтээр Ерөнхийлөгч асан Доналд Трампд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахыг дэмжсэн юм.

Мягмар гарагийн шүүх хурлаас өмнө Д. Трампын зургийг эрүүгийн гэмт хэргийн сэжигтнүүдийн адилаар гурван талаас нь авч, хурууны хээг нь бүртгэж авах ба Д. Трампын өмгөөлөгчдийн прокурортой зөвшилцөлд хүрсэний дагуу экс Ерөнхийлөгчийг гавлахгүй аж.

Вашингтон Пост, Нью Йорк Таймс, CNN зэрэг хэвлэл мэдээллийн агентлагууд Д. Трампыг шүүх хурлыг даргалах шүүгч Хуан Мэрчанаас прокурорын албанаас нээсэн хавтаст хэрэгт байгаа мэдээллийг ил болгохыг шаардаж байгаа ба тус хавтаст хэрэгт экс Ерөнхийлөгч Д. Трампыг 2016 онд Сторми Дэниэлсд өгсөн хахуультай холбоотой эрүүгийн гэмт хэргээс гадна 30 зүйл заалтаар бууруутгаж байгаа гэж яригдаж байна.

Түүнчлэн хэвлэл мэдээллийнхэн шүүгч Хуан Мэрчанаас шүүх танхимд камер оруулахыг зөвшөөрөхийг хүсжээ.

Өнгөрсөн даваа гарагт Флоридад Д. Трампыг Нью Йорк руу нисэхээр онгоцны буудал орох үед онгоцны буудлын гадна олон тооны хэвлэл мэдээллийнхэн цугларсан байсан ба мягмар гарагийн өдөр шүүх хурал болох Манхэттэн тойргийн шүүхийн гадаа мөн олон тооны сэтгүүлч сурвалжлагчид цугларах төлөвтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт шүүх хурал болох өдөр товлогдсоны дараа Нью Йоркийн цагдаагийн газар шүүх хурлын өдөр бүх 35 мянган албан хаагчдаа ажилдаа дүрэмт хувцастайгаа ирэхийг үүрэг болгосон бол Вашингтонд эсэргүүцлийн жагсаал цуглаан болж болзошгүй гэдгийг анхааруулжээ.

Д. Трамп шүүх хурлын дараа мэдэгдэл хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. Нөгөө талаас прокуророос түүнийг шалгаж байгаа явдал нь өнгөрсөн жил Д. Трампад Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодроход ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Өнгөрсөн сард Yahoo/YouGov сайтуудаас хийсэн санал асуулгын дүнгээр Д. Трампыг дэмжигчдийн тоо түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж буй Флорида мужийн захирагч Рон ДеСантисаас 8 хувиар илүү байсан бол өнгөрсөн бямба гарагийн санал асуулгаар Д. Трамп Рон ДеСантисаас 26 хувиар тэргүүлж эхэлсэн байна.

CNN агентлагаас явуулсан санал асуулгын дүнгээр америкчуудын 60 хувь нь Д. Трампыг яллагдагчаар татсаныг дэмжжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.