Дундговь аймгийн 7 гайхамшиг

2017 оны 08-р сар 04-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

Монголын байгалийн гайхамшиг бүрдсэн, цогц үзэсгэлэнт газруудыг www.mongolcom.mn сайт эрхэм уншигч танд цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч, аялахыг мөрөөддөг л байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.

Цуврал 8: Дундговь аймгийн 7 гайхамшиг

1. Их газрын чулуу

Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Мандалговиос зүүн урагш 80 километрт оршдог.

Их газрын чулуу нь уртаараа 30 орчим өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам км талбайг эзлэн хойшоо урагшаа, баруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц тогтоцтой. Далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галавын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон юм. Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөгүүдтэй. Өвгөн хад, Сэнжит хад, Хаан хатан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий байц хад олонтой. 

Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох  бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.

Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд тэдгээр нь зүүн хэсгийн Өлзийт, Сүмбэр уулын урд хэсэгт салангид орших боржин цохионд байдаг. Агуйт хэмээх газар нь боржин цохионы баруун урд байрладаг бөгөөд энэ агуй руу  2 метр өргөн, 5 метр өндөр зууван амаар орж 11 метр яваад мухарт нь тулна.

Тоонотын агуй нь Агуйтын хадны ар бэлд оршино. Нийт урт нь 27 метр бөгөөд агуйн төгсгөл хэсэгт орой нь цоорхой тул Тоонот гэж нэрлэжээ. Өлгий агуй нь Тоонотын агуйгаас зүүн тийш 1.4 километрт байрлах бөгөөд эрт үед энэ агуйд ном судар их байдаг байсан гэлцдэг. Унаа хад, Боов хад, Лусын эзэн, Хаан хатан хоёр загасны ам зэрэг олон сонин тогтоц бүхий хад чулуутай. “Төв боржигон” баазын ойролцоо уртын дуучин Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөө буй.  

Хазаар өвс, хялгана, таана, хүмүүл, бударгана зэрэг говь хээрийн бэлчээрийн ургамал зонхилж ургахаас гадна алтан гагнуур, гичгэнэ, хунчир, далай түрүү зэрэг гучаад нэрийн эмийн ургамал ургадаг.

Алаг даага, хадны борогчин, монгол чижүүл зэрэг мэрэгчид, сахалт багваахай, жижиг соотон багваахай зэрэг гар далавчтан, тас, тас бүргэд, харцага, ногтруу, хээрийн тагтаа, болжмор зэрэг жигүүртэн аргаль, янгир, шилүүс, үнэг, хярс, тарвага, туулай зэрэг хорь гаруй төрлийн ан амьтан амьдардаг.

Усан болор, утаат болор, хаш, мана, хайлуур жонш, гиваан, төмөр, зэс, билүү, занар, шороон будаг гэх мэт эрдэс баялагтай. Баганатын, Гимбэлийн, Жирэгийн зэрэг хэд хэдэн тагтай нэг нь хэдэн азрага адуу өлхөн багтах зайтай Алдарт бөх Хур харцага амьдарч байсан гэх домогтойХур харцагын таг юм. Хар хашаат, Үйзэнхай, Их, Тавин, Баруун ганжуурын хийд, Эртний хот Тогоог тахил буюу Тахилын усны суурин зэрэг түүх соёлын дурсгалтай.

2. Дэл уул

Монголын түүх соёлын дурсгалд холбогдох хосгүй дурсгалуудын нэг бол Дэл уулын цогцолбор дурсгал юм.

Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино.

Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн билээ. Дэл ууланд хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад бичээс зэргийг нээн илрүүлсэн байна. 

Анх 1960 онд Монгол, Оросын эрдэмтэд хамтран уг газрыг илрүүлэн зарим нэг дурсгалыг шинжлэх ухааны эргэлтэнд оруулж байсан байна. Үүнээс хойш хэд хэдэн эрдэмтэд очиж судалгаа шинжилгээ хийж байсан юм. Монгол улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтанд авагдсан мөн 2008 оны 175 дугаар тогтоолоор дахин жагсаалтанд орж батлагдсан.

Дэл уулын түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус газарт байгаа сүг зураг, буган чулуу, булш, хиргисүүр, руни бичгийн дурсгалыг нэг бүрчлэн бүртгэн, зурагжуулах, карт, дугаар, таних тэмдэгтэй болгон сүг зураг бүхий хадан дэлүүдэд тээврийн хэрэгсэл хэт ойртохоос хамгаалж хаалт, хашлага хийсэн.

3. Бага газрын чулуу 

Дундговь аймгийн Адаацаг Дэлгэрцогт сумын дунд орших Бага газрын чулуу бол урт нь 15 км өргөн нь 10 гаруй км үргэлжлэх боржин чулуун уул юм. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1768 м өндөрт өргөгдсөн Тахилгын хавцал.

Энд түүхийн янз бүрийн үед хамаарах 200 гаруй булш хиргисүүр бий. Сонин хэлбэртэй хад цохио элбэг. Ажиглаад явбал бүхий л зүйлийн амьтан нэрлэж болно. Бага газрын чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий.

Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу ороод алга болж, араас нь орсон эмгэн ч эргэж гарч ирээгүй тул агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчмын нарийхан хэсэгт таглаж битүү болгосон гэж ярьдаг. 

Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд эгц элгэн хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийнхан цооног нүхэнд хурын ус тогтсоныг нутгийнхан нүдний рашаан гэж нэрлэдэг. Нүдний өвчин, харалган хүмүүст ач тустай гэдэг.

Сөдөтийн амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байжээ. Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан гэдэг яриа бий. Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончомбын хийд гэдэг. Хожим эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суун бүтээл туурвиж байжээ.

Аргаль, янгирын томоохон сүрэг, уулын арын тал газарт зээрийн сүрэг бэлчдэг. Бага Газрын Чулууны зүүн өмнөдөд Гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр хүрлийн үеийн хадны сүг зураг бий. Янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлбэрлэн үлдээсэн байдаг. Түүнээс холгүй өөр нэг хаданд хоёр бугыг дүрсэлсэн байх бөгөөд 170 см урт, 90 см-ийн өргөнтэй энэ зураг аймгийн хэмжээнд томоохон олдворт тооцогддог.  

4. Онгийн хийдийн туурь

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт Онгийн голын ус ургамал жигдэрсэн үзэсгэлэнт нэгэн тохойн зүүн эрэгт Сайхан-Овоо уулын энгэрт байдаг туурь. Онгийн хийдийг Түвдээр “Гүнджамбаалин” хийд гэдэг бөгөөд энэ нь “Хотол өглөгч” гэсэн утгатай. 

Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ. Тус хийдээс 15 км зайтай, Онгийн голын эрэг дагуу “Хошуу хурлын хийд” хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт байгуулагдсан Хутагт ламын хийд, зүүн жигүүрт байгуулагдсан Хамба Дамцагдоржийн хийдүүдийг оруулаад “Онгийн гурван хийд” гэж нэрлэж байжээ. Онгийн хийдэд 4 сургалтын дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг байжээ. Сүмийн сүүлчийн Хамба лам Лувсандорж нь 1937 онд баригджээ.

Энгэрийн хадан хавцлыг маш нямбайлан шатлан ухаж тэгшлээд үелсэн өндөр довжоонууд байгуулан дээр нь өөр хоорондоо ижилгүй уран барилгуудыг цогцлуулсан нь асар их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсныг илтгэнэ. Өдгөө тэр бүхэн туурь болон үлдсэн бөгөөд бүхэл бүтэн хотын үлдэгдэл мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Онгийн хийдийн гол цогчин дуганы баруун талд Хутагт ламын хийд оршдог байсан бөгөөд том хөх тоосгон хашаатай, тэр нь дээгүүрээ ланз хээтэй байжээ. Дотроо есөн сүмтэй, сүмийн оройг паалантай тоосгоор хийсэн байв. Баруун зүүн талдаа хүрд бүхий суваргатай байжээ. Хашааны гадна талд хоёр том дуган, баруун талд нь том цагаан суварга байжээ.

Онгийн хийдийн гол цогчин дуганы зүүн талд 220 жилийн түүхтэй Хамба Данцагдоржийн хийд гэж байжээ. Уул өөд өгсөөн барьсан 13 гоёмсог сүмтэй ажээ. Хийдийн дээд овоон дээрхи хавтгай чулуун дээр Цагаан шүхэрт бурхан сийлж тавьсан байдаг.

Тухайн цаг үед Онги голын дээгүүр тавьсан модон гүүрэн дээгүүр үертэй үед голын ус хальж ирдэг байжээ.

Онгийн хийдийг тойроод эргэн тойрон ууланд 5 тахилгатай овоо өдгөө үлдсэн байх бөгөөд тэдгээрийг Дөрвөлжин шашир, Бурхант шашир, Лувсан жамба, Бумбат, Сайхан-Овоо хэмээн нэрийддэг. 

Мөн хийдийн туурины зүүн захад “ходоодны рашаан” байх бөгөөд түүнийг хамгаалж сүүдрэвч бүхий хашаа тойруулан барьж, ховоогоор татаж хэрэглэхээр болгон худаг байгуулжээ. Туурины урд хэсэгт лам нарыг хуралдаа ирэхийг урин залж лавай үлээдэг зориулалт бүхий “буяны шат” бий. Туурины гол хэсэгт “Зүүн гүдэнгийн дуган” хэмээх сүмийг сэргээн байгуулжээ. Зуны цагт лам хөвгүүд шавилан сууж хол ойрын зочин гийчинд ном хурж өгдөг. Сүмд Бурхан багшаас эхлэн Арван хангал бурхад, сүмийн эзэн Барь лам Дамцагдоржийн хөрөг, Насны гурван шүтээн, Говийн Лха бурхан, Майдар бурхан, Богд Зонхов, Ловон Бадамжунай нарын хөрөг болон баримал дүрүүдийг залсан байдаг.

Мөн Онгийн хийдийн туурины дэргэд гэр музей бий. 

Тус музей нь 2001 онд байгуулагджээ. Гэр музейд нь шавь Барь лам Данцагдоржийн зохиосон 21 боть “Сүмбум” хэмээх судар байхаас гадна өөрийнх нь хэрэглэж байсан гавлын ясан аяга, дунд чөмөгний ясаар хийсэн чөмгөн бүрээ, хийдийн лам нарын хэрэглэж байсан зэс домбо, сав суулга, лагайнамжир хэмээх хувцас хэрэглэл, балин зуурдаг модон тэвш, цай нүддэг уур нүдүүр, хүрэл тогоо тулга, мод цоолдог өрөм дрилл, монгол жинлүүр, туухайнууд, тэмээнд тэгнэдэг өөжин авдар, Онгийн хийдийг эвдэж устгах үед үлдсэн барилгын чимэглэлүүд гэх мэт зүйлүүдийг дэлгэн үзүүлжээ.

5. Морин хуур 

Дуу хуурын өлгий нутаг гэгдэх Дундговь аймагт Монголын хамгийн том морин хуур байдаг. Түүний өндөр нь дөрвөн давхар барилгатай дүйцэх юм. 

Дэлхий дахиныг хос чавхдасаараа уяруулан, байлдан дагуулсан морин хуурыг Монголчууд дээдэлдэг. Морин хуур хөгжмийг бараг мянгаад жилийн өмнөөс үүсгэсэн бөгөөд Монголчуудын тусгаар тогтнолын хамгийн том бэлгэ тэмдэг, баталгааны нэг. 

Монгол түмэн морин хуурыг дэлхийд таниулсан хамгийн том үйл явдал бол 2003 оны XI сард дэлхийн өв сан болох UNESCO-д шилдэг хөгжмийн зэмсэг болгон бүртгэсэн явдал юм.

Морин хуур бий болсон түүхийг өгүүлсэн домогт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр жигүүрт хүлэг мориороо хүссэн газраа хүрдгийг мэдсэн хорон санаат нэгэн морины нь жигүүрийг тас хайчилсанд гашуудсан эзэн нь яг адилхан морин толгой  сийлж ширээр нь цар, сүүлээр нь чавхдас хийн морин хуур урлаж сайн хүлгийнхээ алхаа гишгээ, арилжаа хатирааг хуурддаг байсан домогтой. Тэгээд ч аймгийн сүлд нь Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн жигүүрт хүлгийн дүрстэй.

Дундговь аймгийн төвийн Хар овооны тэнд Соёл амралтын хүрээлэнд 7 метр 40 сантиметр өндөртэй морин хуурыг 2007 онд бүтээн залжээ.

Өргөн нь 1.5 метр бөгөөд 40 сантиметрийн зузаантай. Сийлбэрч Ө.Анхбаяр, дархан Л.Цогзол нар бүтээжээ. Толгойг нь модоор сийлбэрлэн гаргаж, хуурын чавхдасыг төмөр троссоор, их биеийг лист төмрөөр хийж бор шаргал өнгийн боронзон будгаар буджээ. 

Эртнээс нааш Дундговь аймгийнхан дуу хуураар алдартай билээ. Намжилын Норовбанзад хэмээх ардын уртын дууч маань энэ л нутгаас төрөн гарч, цээл сайхан хоолойгоороо Монголын ард түмнийг нэгэн үеийн туршид уярааж, дэлхийн олон орны улс түмэнд Монгол ардын үндэсний гайхамшигт урлагийг таниулж ирсэн ачтан билээ. Тэрээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин цол хүртсэн төдийгүй Төрийн соёрхолт хэмээх алдар хүндтэй шагналыг ч зүй ёсоор хүртсэн юм. 1935 онд Улсын алдарт гавъяат жүжигчин цол хүртсэн алдарт уртын дууч Ж.Дорждагва гуай ч мөн адил энэ нутгаас төржээ. Ийнхүү үеийн үед уртын дуу, морин хуураа мөнхлөн үлдээх зорилгоор Дундговьчууд “Уяхан замбуу тивийн наран” уртын дууг гэрэлт хөшөөнд сийлэн Н.Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөөг ч бас бүтээжээ. Морин хуур, уртын дуу хоёр салшгүй нэгэн цогц урлагийн ертөнц билээ.

6. Өөш манхан

Дундговь аймгийн төвөөс урагш 130 гаруй км яваад  Өөш манханд хүрнэ. Өлзийт сумын нутаг дахь  энэ манхан олон жилийн элсний нүүдэл, цөлжилтийг үл ажран  нэг км урт, зуу гаруй метр өндөр элсэн уул хөндөлсөн шаргалтсаар заг, бударганат говио чимэглэж байна. Хөлийн аясаар урсан нурах  элсэн уулын оройд мацан гарвал  оройн ирмэг хутганы ир шиг агаад  хялгана ч үл хөдлөх салхигүй атал шар торгон мяндас  хийсэх адил торгон элс намиатан байх аж.  

Элсэн уулын оройгоос загийн шугуй бүхий Өөш, Номгоны их говь, Загийн усны хоолой  алсран цэлийж  харагдана. Энд бөөрний сувилалын газар байдаг. Халуун элсэнд булж, ингэний сүү уулгах мэтээр бөөр нь өвчтэй хүнийг эмчилдэг. Нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг эмчилдэг гэнэ. 

Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. Элсний найрлага нь их өөр бөгөөд нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна. Зөвхөн бөөр, дотоод таван цул ч бус үе мөч, хөл, гар, нуруу нь татсан хүмүүс эмчлүүлэх гэж зорьдог. 

Элсэн эмчилгээг манай эриний өмнөх үеэс эхтэй гэж үздэг. Дээр үеийн ноёд хатад хүртэл дандаа элсэн эмчилгээ хийлгэдэг байсан гэсэн түүх байдаг. 

Энэхүү Өөш манханы элс нь үе мөч, дотоод эрхтний өвчнийг эдгээхээс гадна бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээчихдэг увидастай ажээ. Монголын бөөр, үе мөчний нэртэй эмч нар хүртэл өөрсдөө очиж энэхүү элсний “ид шид”-ийг гайхацгааж байсан гэдэг.

Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээрийн гайхамшигтай юм.

Монголын их говийг үзэх гэсэн  жуулчдын  сонирхол татах  энэ манхныг зорин ирэгсэд ч нэмэгдэж байна. Аймгийн нутаг дахь цорын ганц энэ элсэн уулыг түшиглэн  нутгийн унаган хүү Ж.Наранцацралт агсны санаачилга зүтгэлээр “Өөш тур”  бөөрний сувилал байгуулагдсан бөгөөд зургаа, долоодугаар сард үйлчлүүлэгчдээ хүлээн авдаг.  Нарны идэвхижил хамгийн тохиромжтой энэ үед халуун элсний  эмчилгээний үр дүн илүү тул сувилуулагсад халуун элсэнд нүцгэн биеэ булж бас ингэний сүү, хоормогоор ундаалж өвчин, эмгэгээ эмчилнэ. 

7. Дэлгэрхангай уул

Дундговь аймгийн нутагт байх Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Инэл гэдэг нь энгүй их, маш их, их юмны таг гэсэн утгатай үг байгаа юм. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий (хэвтэш) маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэдэг юм.

Гэсрэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онох Үйзангийн хүү Автай (1534-1586) Далай ламаас Очирбат түшээт хан цөл хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэн тахилгат уул Инэлд “уулсын хаан” (түвдээр Даржаажалба) буюу Дэлгэрхаан цол зарлигаар олгож түүнээс хойш төрийн тахилгатай болгосон бөгөөд Дэлгэрхангай гэж нэрийдэх болжээ. Энэ уулнаа их хааны шарилыг онголсон байж болох хэд хэдэн баримт таамаглал байна.

Дэлгэрхангайн энгэр биед “Тэвшийн” хэмээх салбар жижиг уул буй. Түүний Шүүт (Хөшөөт гэсэн үг байж болох)-ийн амны зүүн хярд онцгой нууц хонхорт нэгэн том булш бий. Тэр хярын дэргэдүүр их тод улбаа зам байдаг. Их эртний зам байж болохоор санагддаг. Түүнийг одоо “Хүрээ зам” гэдэг юм.

Булшнаас зүүн тийш орших бэсрэг хярын орой дээр нэгэн цооног агуй (нүх) байх бөгөөд доогуураа булштай холбогддог гэсэн яриа байдаг. Дэлгэрхангай уулын лус савдаг нь 20-иод метр урт, ханцуйтай гарын чинээ бvдvvн том могой байдаг гэдэг. Тэр могой Тэвшийн ууланд байдаг байж магадгүй гэж нутгийнхан ярьдаг.

Дэлгэрхангай уул төв халхын есөн их хан уулын гол дунд оршдог бөгөөд их эрт төрийн тахилгатай болсон юм. Дэлгэрхангай уулыг тахихдаа баатар хүний хөө хуяг, илд мэс, эрхэм хvний хувцас чимэг, суудал ширээ, хэрэгсэл зэргийг өргөдөг байсан тухай брагри ёнзон Дамцагдоржийн “Их газрын эзэн Дэлгэрхангай уулын сан тахилга тус амгалангийн хурыг буулгагч” хэмээх сударт өгүүлсэн байдаг. Дэлгэрхангай уулын ар хөндийд жилийн жилд олон мянган адуу отроор нутагладаг Онгон хэмээн газар бий. Онголсон газрыг тvмэн адуугаар талхлуулсан гэдэг шүү дээ.

Архангай аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/12193

Баян-Өлгийн аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12257

Баянхонгор аймгийн байгалийн 10 гайхамшигт газар http://mongolcom.mn/read/12393

Булган аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12634

Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг http://mongolcom.mn/read/12755

Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/24546

Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/23438

Дорнод аймгийн 10 гайхамшигhttp://mongolcom.mn/read/13221

Дорноговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13007

Завхан аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14009

Өвөрхангай аймгийн 8 гайхамшиг http://mongolcom.mn/read/14270

Өмнөговь аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14550

Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/14862

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15170

Төв аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15844

Увс аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/16501

Ховд аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/21534

Хөвсгөл аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/22266

Хэнтий аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/22499

Эх сурвалж: www.mongolcom.mn

Бэлтгэсэн:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • (49.0.160.81) 2016-11-22 12:40
      • 0
      • 0

      Хар овоо гэж нэрлэгдэх энэ овоог залуу үеийхэн хайр дурлалын уул ч гэж нэрлэдэг. учир нь энэ уулыг тойрсон үзэсгэлэнт зүйлс сэтгэл булаадаг биз ээ.

      Хариулах

    • "

      (49.0.160.81) 2016-11-22 12:32
      • 0
      • 0

      түүнийг тойроод хөшөө дурсгалууд , азын хонх бас азын бөмбөр байдаг надад их таалагддаг.

      Хариулах

    • -

      (49.0.160.81) 2016-11-22 11:49
      • 0
      • 0

      би дундговиос ирсэн. Дундговь бол миний гэрь миний гэрийн хамгийн сайхан хэсэг бол морин хуур

      Хариулах

    • Helene

      (188.143.232.27) 2016-11-18 12:12
      • 0
      • 0

      Charlie, I’m looking forward to trying them ou&028#3t;and reviewing as honestly and objectively as always. Will leave it for a while until things have settled. Cheers, Bill

      Хариулах

    • даагий даагий

      (27.123.214.88) 2016-08-07 11:45
      • 0
      • 0

      Аавын минь нутаг

      Хариулах

    • зочин

      (202.5.206.69) 2016-03-29 08:54
      • 0
      • 0

      гоё юмбэээ

      Хариулах

    • Алтанцэцэг

      (203.91.117.4) 2015-06-17 00:54
      • 0
      • 1

      Бид ирэх өдрүүдэд говийн нутгаар аялахаар аян замдаа бэлэн болоод байна.

      Хариулах

    • Ц Сайнтуяа

      (202.126.89.211) 2014-12-31 13:43
      • 0
      • 1

      Сайхан мэдээлэлийг хараад баярлалаа Эх орон байгалаараа бахархаж байна,сүм хөх бүрд алга байна шүү

      Хариулах

    • Sergelenbaatar

      (202.70.34.114) 2014-09-21 15:36
      • 0
      • 1

      Bi ene uuliin ard tursun bulguu . . . .

      Хариулах

    • Sergelenbaatar

      (202.70.34.114) 2014-09-21 15:36
      • 0
      • 2

      Bi ene uuliin ard tursun bulguu . . . .

      Хариулах

    • zochin

      (202.179.11.122) 2014-09-19 16:18
      • 0
      • 2

      erdenedalain ih tsogchin dugan mongold hosgvi shvv dee yagaad ordoggvi yum boloo yumaa sain medehgvi l bna daa

      Хариулах

    • DUUGII

      (202.72.245.150) 2014-09-19 12:51
      • 0
      • 3

      Saihan gazar yum aa

      Хариулах

    • зочин

      (182.160.33.122) 2014-09-19 10:24
      • 0
      • 2

      ӨӨШ МАНХАН үнэхээр эмчилгээний элстэй. Баярлалаа, гоё мэдээлэл багтжээ

      Хариулах

    • о

      (103.9.91.146) 2014-09-19 09:42
      • 0
      • 4

      Сүм хөх бүрдийг яагаад оруулаагүй байдаг билээ. Сүм хөх бүрд бол яах аргагүй говийн дундахь хөх сувд даа. Түүх талаасаа ч сонин зүйл их бий байх. Хөх бүрдийн Сүм сэргэхийн цагт олон хүн сэтгэл дүүрэн жаргалтай амьдрах цаг давхцах учир бийг нууц сударт бичиглэн үлдээсэн бий гэдэг.

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.247) 2014-09-19 09:22
      • 0
      • 0

      ZOOMLION үйлдвэрийн Албан ёсны дистрибьютор Монмач ХХК нь Автокран, Цамхагт кран, Бетон зуурмагийн үйлдвэр, Миксер, Авто помп, суурин помп үйлдвэрийн үнээр худалдаалж байна. Баталгаат хугацаа, засвар үйлчилгээ. Утас 99081752

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.59) 2014-09-19 09:16
      • 0
      • 0

      Mal hehereh gej yadag yum???

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.85) 2014-09-18 20:02
      • 0
      • 3

      Дэлгэрхангай уулын бэлчээрт таана, хөмүл, хялгана багсайгаад л адуу мал тарган цатгалан хэхрээд л, айраг цагаа элбэг, уртын дуутай оригиналь боржигон Монгол ахуй мөн ч сайхан даа.

      Хариулах

    • adilbish ganbold

      (112.72.11.120) 2014-09-18 19:33
      • 0
      • 3

      bor ovoonii oroi deer baidag huurtai hushuu anh 1977 oni 11 r sard orosuud barij baisan.

      Хариулах

    • adilbish ganbold

      (112.72.11.120) 2014-09-18 19:33
      • 0
      • 1

      bor ovoonii oroi deer baidag huurtai hushuu anh 1977 oni 11 r sard orosuud barij baisan.

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.254) 2017-04-10 23:23
      • 0
      • 0

      шаагаарай

      Хариулах

    • Зочин

      (61.178.245.161) 2014-09-18 17:22
      • 1
      • 0

      Setguulchee deed zurag ni Tuv aimgiin zurag bna shdee

      Хариулах

    • zochin

      (27.123.215.222) 2014-09-18 16:49
      • 0
      • 2

      saihaan

      Хариулах

    • Зочин

      (203.194.113.58) 2014-09-18 15:07
      • 0
      • 3

      сайхан нутаг шүү. тал шигээ сайхан уужим сэтгэлтэй ард түмэн амьдардаг хүн чанар сайтай газардаа

      Хариулах

    • zochin

      (92.94.119.58) 2014-09-18 13:54
      • 5
      • 0

      yug ni uzeh yum heden balgas deer ochood yah yum heden nutsgen uuls els shoroo

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.105) 2014-09-18 13:54
      • 0
      • 3

      Ene 7 gazraas 6 g mi uzjee

      Хариулах

    • худлаа бичээд байхийн их газарын чулуу гурвансайхан суманд байдаг ш дэээ

      Хариулах

    • Зочин

      (203.91.117.2) 2016-04-12 13:23
      • 0
      • 0

      юу гэнээ

      Хариулах

    • Зочин

      (122.254.127.80) 2014-09-18 09:31
      • 0
      • 4

      үнэхээр сайхан газар байнаа ийм сайхан газар нутгаа алдахгүй байх л хэрэгтэй байна монголчуудаа

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.5) 2014-09-17 15:25
      • 0
      • 3

      Баярлалаа

      Хариулах