
Оюутан байхаасаа л орос хүмүүс "баярлалаа" гэдэг үгийг ямар их хэлдэг болохыг анзаарсан. Өөрийн эрхгүй л монгол хүмүүстэй харьцуулсан. Жишээ: Метронд настай хүмүүс орж ирэх үед суудал тавьж өгөхөөр "баярлалаа" гэж сэтгэлээсээ хэлдэг. Энэ үгийг сонсох үед би гэдэг хүн чинь хүн баярлуулсанд өөрөө баярлаад эхэлнэ.
Монголд суудал тавьж өгөх юм бол албатай юм шиг ярвайгаад суудаг. Мэдээж орос эсвэл монгол хүн бүр ийм гэж хэлээгүй гэхдээ миний таарч байсан хүмүүсийн дийлэнх хувь нь ийм.
Хүүхдээ "баярлалаа" гэж хэлж сургах бол нэг том соёл. Гэхдээ манай аав ээжүүд хүчээр хэлүүлэх гээд байдаг. Жишээ: Чамд хүн юм өгсөн бол баярлалаа гэж хэл.
Хүнд бид яагаад "баярлалаа" гэж хэлж байгаа вэ?
Тэр хүнд баярласан болохоор. Тэгвэл та хүчлэхгүйгээр "баярлалаа" гэж хэлж сурахад туслаж болно.
Яаж?
1.Баярлаж байгаа эсэхийг асуух ( сэтгэл хөдлөлийг таних чадварыг хөгжүүлнэ). Жишээ:
Чамд чихэр өгсөнд чи БАЯРЛАЖ байна уу?
Чиний дуртай хоолыг хийж өгсөнд чи БАЯРЛАЖ байна уу?
2.Баярлаж байгаа бол тэрийгээ нөгөө хүндээ хэлэх юм бол нөгөө хүн маань ч гэсэн баярлана. Чи юу гэж хэлж болох уу?
Надад чихэр өгсөнд баярлалаа.
Миний дуртай хоолыг хийж өгсөнд баярлалаа.
3.Гэртээ ч гэсэн "баярлалаа" гэж хэлүүлж сургаарай. Бусад хүмүүстэй харилцахдаа "баярлалаа" гэж хэлэхийг заадаг ч аав ээждээ ерөөсөө хэлдэггүй тохиолдол их байдаг. Ийм байх ёстой юм шиг хүүхэд ханддаг.
Охин маань өөрт нь зориулж хийж буй жижиг зүйлд ч гэсэн талархах үед би өөрөө үнэхээр их баярладаг
Талархаж сурах юм бол байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх, өөдрөг үзэлтэй болох гээд олон талын ач холбогдолтой.
Та өдөр бүр юунд талархаж болохоор байна гэдгийг ажиглаад "баярлалаа" гэж хэлж байгаарай. Таны сэтгэл санаа ч гэсэн өөдрөг сайхан болох болно. Та бусдыг ч баярлуулна. Таны хүүхэд танаас суралцана.
Сэтгэл зүйч Г.Хулан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.