Мал, махаа бид Оросод экспортлож дөнгөх үү?

Twitter Print
2014 оны 09-р сар 17-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад ажлын айлчлал хийж, хоёр орны хамтын ажиллагаанд түлхэц өгөх түлхүүр асуудлуудыг шийдвэрлээд буцсан. Оросын төрийн тэргүүний уг айлчлал хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор урьд өмнө яриа хэлцэлд хүрээд байсан гэрээ хэлэлцээрийг хурдавчлах үр дүнтэй айлчлал болно гэдэгт олон хүн итгэж хүлээж байсан бол одоо хоёр талаас зөвшилцөлд хүрсэн баримт бичгүүдийн хэрэгжилтэд анхаарал хандуулах цаг үе иржээ. Эдгээр гэрээ хэлэлцээрүүдийн дундаас хөрш улсуудын ард түмэн  хоёр асуудлыг илүүтэй сонирхож байсан. Энэ нь хоорондын визгүй хил нэвтрэх болон Монгол малын махыг Оросод гаргах боломжын тухай асуудал байлаа. Харин харилцан визгүйгээр зорчиж, зочлох асуудал нэгэнт тодорхой байсан гэж үзэхэд Монгол малын эрүүл махыг Оросууд хэдий хэр хугацааны дараа хүлээн авах тухай асуудал бүрхэг үлдэж байна. Учир нь импортын мах, махан бүтээгдэхүүн дээр Оросуудын тавих шаардлага тун өндөр, ярвигтай гэхэд болно. Харин Монгол улсын  хувьд мал мах бэлтгэхдээ хөгжингүй орнуудын үйлдвэрлэлийн стандартыг яаралтай оруулж ирэх шаардлагатай байгааг гадны шинжээчид тэмдэглэж байна.

Гурван сая хүн амтай энэ улс өнгөрсөн хорин жилийн ардчилалын үр дүнд малынхаа тоо толгойг хоёр дахин өсгөж өнөөдөр 60 гаран сая толгой малтай болжээ хэмээн гайхан шагшрах аж тэд.

ОХУ-ын хувьд хөрш зэргэлдээ улс орон нь мах экспортлодог бусад улсуудыг бодвол “ийм их потенциал”–тайн дээр Монгол малын махны амт чанар сайн, байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Орос улс өнөөдөр ЗХУ-ын үетэй харьцуулахад малын тоо толгой хэд дахин хорогдсоны дээр эргээд өсөхгүй төлөв ажиглагдаж байгаа учир махны эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байгаа, бүр мал аж ахуйн бүс нутгуудийн хөдөө тосгоны иргэд мах олж иднэ гэдэг “нүдний гэм” болсон гэж үздэг болсон аж.

Оросын гаалийн албаны сүүлийн үеийн статистик мэдээллээр бол жилд 59 тэрбум 177 сая долларын өртөг бүхий хоёр сая тонн мах, махан бүтээгдэхүүн тус улсад орж ирдэг байна. Нийт импортын бүтээгдэхүүний  80% хөлдөөсөн мах, 16% - малын дайвар хүнсний бүтээгдэхүүн, шинэ төхөөрсөн мах 4% тус тус эзэлдэг аж.

Уг мэдээллийг ОХУ-ын гадаад худалдааны зах зээлд эзлэх хувиар нь задалж үзвэл, хөлдөөсөн махны 40% гахай, 35% үхэр, 24% шувуу, тахиа, дөнгөж 1% хонины мах эзэлдэг байна. Тиймээс ОХУ-д гахайн мах импортоор авах сонирхол давамгайлдаг болох нь тодорхой, гахайн маханд шорлогонд дургүй орос гэж хаа байхав гэсэн сэтгэлгээтэй олон сая хүн байгаа учир бид ч энэ тал руу нь анхаарах шаардлага тулгарч байна. Энэ нь Оросын хүн амын хүнсний хэрэглээний онцлог Монгол улсын мал аж ахуйн бүтэцтэй зөрчилдөж байна гэсэн үг юм. Тиймээс ер гаруй хувь нь хонь ямаа эзэлдэг мал аж ахуйтай манай улсын хувьд Оросод их хэмжээний мах экспортлоно гэдэг асуудал ихээхэн маргаантай болж таарна. Монгол улсын бодит боломжийг тэнсэж үзэхэд ойролцоогоор ердөө 3-4 сая тоо толгой буюу нийт малын  хэмжээнд харьцуулахад тавхан хувьд хүрэх үхэр, үхрийн махан бүтээгдэхүүн экспортлож таарч байна.

Тиймээс Оросын хил залгаа хязгаар нутгийнханыг зөвхөн хонины махаар хангах боломж арай ойр харагдаж байгааг холбогдох мэргэжилтнүүд чухам юу гэж үзэх бол? Монгол малын махны экспорт дотооддоо ч сөрөг асуудал дагуулна. Жилээс жилд малын махны жижиглэн худалдааны үнийг хөөрөгдөн өсгөсөөр ирсэн ченж гэгчүүд аливаа сөрөг нөхцөл байдлыг овжин ашиглаж Оросын зах зээлээс дутахааргүй өндөр үнэ тогтоож өгөх нь дамжиггүй. Гэтэл энэ зэрэгцээ Оросын зах зээл дээр Монгол малын махыг оруулах сонирхолгүй хүчин оршин тогтносоор байгаа учир асуудал улам бүрхэг болохыг Оросын эдийн засгийн зарим шинжээчид тэмдэглэж байгаа аж.  Оросын засгийн газраас Монголоос авах мал, маханд квот тавих  хоригоо цуцаллаа ч мал аж ахуйн бүтээгдэхүүн хорио цээрийн асуудлаар олон бэрхшээл гарч ирнэ, дээр нь бэлчээрийн малын махыг зуун хувь ариутгаж зах зээлд нийлүүлэх боломж ердөө байхгүй гэж тэд үзэж байгаа гэнэ.

Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хяналт тавих алба Россельхознадзор-оос малын махыг зөвхөн их хэмжээгээр бэлтгэж, ариутгах үйлдвэрлэлийн дамжлагаас хүлээн авах шаардлага тулгана. Гэтэл Монгол улсад ийм хэмжээний үйлдвэрлэл байхгүй, ойрын ирээдүйд ч ийм үйлдвэрлэл бий болохгүй гэж Оросууд үзэж байгаа учир малыг хөлөөр нь тууж гаргах асуудал тавигдана. Энэ нь Буриадын Бүгд найрамдах улсад аль Зөвлөлтийн үеэс байгуулсан зөвхөн Монголоос хүлээн авах мал нядалгаа, мах боловсруулалтын үйлдвэрүүд өнөөдөр сул зогсож байгааг Оросууд тооцоолсон явдал гэдэг нь тодорхой. Харин ингэхдээ хүрвэл мах экспортлох асуудал бидэнд ашиггүй болж таарна.

Ийм л нөхцөл байдлын улмаас Оросын зах зээлд гарц олох асуудал бидэнд олон бэрхшээл тулгаж байна. Үүний оронд харин Оросуудад найдалгүй арабын орнуудад мах экспортлох гарц эртнээс давхар хайж байх байж. Арабын орнуудад мал мах гаргахад элдэв өндөр шаардлага тулгадаггүй гэдгийг бодолцож үзэх байсан юм биш үү? 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.