Ар Монгол бол Ариун Иерусалем

Twitter Print
2019 оны 12-р сар 17-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Иерусалем  хот МЭӨ 4-р мянганаас хойш оршихдоо бүх дэлхийн Еврэй нарын эх үндэс, эрх чөлөөний бэлэг тэмдэг, тусгаар тогтнолын оршихуй болж Иудизм, Христын шашны хамгийн ариун газар, ОЮУН САНААНЫ НЭГДЭЛ болсоор иржээ.

Тиймээс 2000-д жилийн өмнөөс эх нутгаасаа салж, дэлхий даяар тархсан Еврэй үндэстэн ямарч газар нутаггүй байсан ч 1948 онд эргэн нэгдэж чаджээ. Зүйрлэвэл, Төв Азийн өндөрлөгийг эзэгнэн байрлах Ар Монгол дэлхий даяар тарсан Өвөр, Дээд, Хөх нуур, Цаст, Буриад, Халимаг гээд бүх Монгол үндэстэний АРИУН ИЕРУСАЛИМ юм.

Эл бодрол ӨВӨР МОНГОЛЫН Улаанцав аймгийн Дөрвөд хошууны Номгон сумын Бор-Ухаа гацаанд нутагтай бүх Хятадын хамгийн олон тэмээтэй Цэрэн гуайнд хонож, биднийг ирсэн сургаар гацаан дарга Ялалттай ирсэн бусад Монгол ахан дүүстэй бүтэн үдшээр хуучлан суухад өөрийн эрхгүй сэтгэлд хөвөрлөө. Цэрэн гуай, түүний үр хүүхдүүдийн амьдрал гаднаа үнэтэй машин, тохилог сууц, хувийн зочид буудал, малчдын хоршоолол гээд дутагдах зүйлгүй хангалуун харагдана. Гэхдээ ухаант Дөрвөд өвгөний үг бүр, дотночлон санаа алдах амьсгал бүхэн, сэтгэлээсээ нэгийг нэхэх харц нь цаанаа нэг зүйлээр дутуу санагдана.

Ярих өнгөн дээрээ харъяат Хятад улсын бодлого, төр засагт дургүйлэхсэн аяс огт гаргахгүй ч эрх чөлөө, тусгаар тогтнолын бүтэн агаараас хэмжээгүй амьсгалах бидний ярианаас хүчирхэг хийгээд, бие даасан мэдрэмжийг авч, цангасан сэтгэл нь дэвтэх мэдрэмжийг бидэнд өгнө. Аав ээж нутагтаа байхад нутаг дүүрэн, сэтгэл тэнэгэр байдаг шиг энэ л хүмүүсийн хувьд эргэж харих хүсэл, эвлүүлж нийлэх итгэл нь тусгаар тогтносон Ар Монгол байдгийг ухаарах мэдрэмж өрлүү цохиж өвтгөнө. Эдний хувьд Ар Монголын атга чулуу бүхэн домогтой, аялгуу эгшиг бүр нь амьтай, ахуй соёл бүр нь гайхамшигтай санагддаг ажээ.

Тиймээс ахан дүү бусад Монголоо барьц болгох гаслангаар тусгаар тогтносон бид хүлээсэн хариуцлагыхаа өмнөөс нэр хичээх тавиланг дагаж эдгээр хүмүүсийн өмнө муу явах, муухайг үлгэрлэх эрхгүй мэт. Хэрэв Ар Монгол бусад Монголчуудын хувьд АРИУН ГАЗАР юм бол Ар Монгол хүн бүр АРИУН ГАЗРЫН хүмүүс шиг байх учиртай санагдана. Үүний хамгийн эхний шалгуур Ар Монголын хүн бүр үлгэр жишээ шударга, сэтгэл нь жишээ уужим, хөдөлмөр нь жишээ махрашгүй, эв нь жишээ бат байх ёстой мэт.

Өвөр Монголдчуудын сэтгэлд Ар Монголын

Бурхан халдун уул Цаст Гималайгаас өндөр

Улаанбаатарын Төв Гандан Потолан хийдээс дагшин

Аялгуу дуу нь түгэх Харанга, Хурд, Жавхлан дэлхийн од

Аварга, Арслан, Заан бөхчүүд нь домгийн баатрууд ажээ

Бидний тэнэг нь тэдний хувьд ухаантай. Тэд биднийг бид тэднийг зочилж байгаагүйгээр зочилно. Бас бидэнд гомдоллоно. Учир нь бид Өвөр Монгол нэртэй үрээ алдсан Ар Монгол аав ээж. Нэгэнт аав ээж юм бол бүгдээрээ аав ээж шиг л шалгуур тавилгүй хайрлая. Хайрлах сэтгэлээ ажил хэргээр илрүүлж, Ар Монголоор аялах сэтгэлээр дүүрэн байдаг тэдэнд зориулж аялал жуулчлалын тусгай хөтөлбөр зохиоё. Ингэж чадвал холдоо алсын зорилготой, ойрдоо эдийн засгийн өндөр эргэлттэй 3 сая жуулчны нийлүүлэлт бий болох нь.

“Ар Монгол хүний чанар Замын-Үүдээс цааш танигдана” гэж үг Өвөр Монголд байх ажээ. Бид өнгөн дээрээ үгийг нь шоолж, харьцаан дээрээ дээрэлхэх маягтай, уулзаж ярих нь урт хугацааны биш наймаачин сэтгэлгээтэй, муу хужаа гэж ах дүүгээ дуудах хандлага зарим Өвөр Монголчуудыг ихэд эмзэглүүлжээ. Манай аялалын багийхан уг хандлагыг бүх Монголчуудын сэтгэл огт биш гэж уулзсан ах дүүстээ учирлалаа. Тэд биднээс мөнгө бус хөдөлмөрч, бүтээлч зан чанараар Азид шагшигдахыг харахыг хүснэ. Тэд биднээс дэлхийтэй холбогдсон эрх чөлөөндөө ташууралгүй Агуу Монгол соёлын улам хүчтэй эх ундарга байхыг хүсэмжилнэ.

Тэд биднийг Хамаг Монголыг нийлүүлсэн Нэгдсэн Монголыг байгуулах шалтгаан болж хөгжихийг хүлээнэ. Тэд биднээс өрсөлдөгчөөсөө айсандаа хоосон үзэн ядах бус, танин мэдэж, ойлгож, судалж хамтрах замаар өрсөлдөж ялахыг хүснэ. Мөн тэд Ариун газрын Ар Монголчуудад шүүмжлэлтэй хандаж чадна. Уулзсан цөөнгүй Өвөр Монгол биднийг сайнтай, муутай маань биднээс илүү мэдэж байлаа. Учир нь тэдний олонхи нь орчин үеийн стандартаар бизнес эрхлэгч Хятадуудыг хөрөнгө оруулуулахаар Ар Монголд авчираад олон удаа манайханд хулхидуулжээ. Тэгээд богино зайд гэнэтийн ашиг олсон бизнес тарваганы арьс, ямааны ноолуураар амиа тэжээдэг байсан хуучин цагтайгаа устсан шүү дээ гэж захиж байлаа.

Эцэст нь юу бодогдоно вэ. Монголчууд бид Өвөр Монголчуудын төдийгүй хамаг Монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг, итгэл найдвар, хүсэл мөрөөдөл болсон Ариун ИЕРУСАЛИМД суугаа азтай хүмүүс. Тэд язгуур Монголоо хайрласандаа биднийг сайнтай муутай нь шингээж хүндэлж байгаа болохоос бидний алдаа оноог бүрнээ мэднэ. Тиймээс бусад Монголчуудыхаа хажууд эрийн сайндаа бус хувь заяаны егөөдлөөр тусгаар тогтносоноо санаж, бусдын үгэнд хууртаж, хөөргөх үгэнд живэлгүй бид өөрсдийгөө үнэний шүүлтүүрээр харж чадаж байна уу.

Үнэндээ Хятадын мэдэлд байгаа Өвөр Монгол хүний нүдэнд бид эрх чөлөө, ардчилал, тусгаар тогтнолдоо бялуурсан, дур зоргоороо, амиа бодсон АРИУН ГАЗРЫН ЭРХИЙН ТЭНЭГ ЖААЛУУД юм байна. Ямар сайндаа биднийг үдсэн, Ар Монголын бүх тв сувгийг үзэж, бидний талаархи мэдээллийг биднээс илүү мэдэх нэгэн малчин Монгол ахан дүү хэлэхдээ: Та хэд маань битгий ЗӨВ ЗАМААР ШОРОО ТЭГЭЭД БАЙДАА гэж захих вэ дээ. Жинхэнэ ХҮЧИРХЭГ үндэстэн гэдэг ӨӨРТӨӨ ШҮҮМЖЛЭЛТЭЙ хандаж чаддаг үндэстэнг хэлнэ. Харин бид магтвал баярлаж, шүүмжилвэл өсөрхөж, бодож тунгаалгүй санасанаа хэлж, худлаа ярьсанаа үнэн болгох гэж улам худлаа амлах хархны тойрогт оржээ. Бид би би би-р өвчилж, намайг тойрон дэлхий эргэдэг гэх амьтаны оршихуйд хоригджээ.

Биднийг Өвөр Монголчууд минь АРИУН АР МОНГОЛЫН-ын иргэд гэж харж байхад бид АРИУН ГАЗРАА АРИУНААР АВЧ ЯВАХ ШУДАРГА НИЙГМИЙН хүчирхэг хувь хүмүүсийн нэгдэл байх ёстой. АРИУН АР МОНГОЛ гагцхүү ШУДАРГА ХӨРСӨНД СҮНДЭРЛЭХ БИЗ ЭЭ.

ХЯТАДТАЙ ХЭРХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ? номоос...

Буянаагийн Ган-Очир

2018.07.14

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.