
АНУ-ын Сенат Украин болон Украины түнш орнуудын зэвсэгт хүчин, эдийн засгийн салбарт 40 тэрбум ам. долларын тусламж дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг дэмжжээ.
Гурван долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд 33 тэрбум ам. долларын тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг сенатад өргөн барьсан ба уг хуулийн төслийг сенат дахь Ардчилсан намын гишүүдээс гадна Бүгд Найрамдах намынхан ч мөн дэмжсэн байна. Энэ талаар Ерөнхийлөгч Жо Байден, "Ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй Украины зоригт ард иргэдийг АНУ дэмжиж байгааг харуулж чадсан Конгресст талархаж байна." хэмээн онцолжээ.
ОХУ-ын Украинд явуулж буй дайн хэдий болтол үргэлжлэх нь тодорхойгүй байгаа нь Украинд нэмж олон хүний амь эрсдэж, эвдрэл сүйрэл нэмэгдэж, Вашингтон болон барууны орнуудаас тусламж дэмжлэг хүсэх нь гарцаагүй хэмээн Америкийн эрх баригчид үзэж байгаа аж. Сенатын гишүүн Чак Шумер Украинд үзүүлэх тусламжийн тухай хууль батлагдсаны дараа, "Тусламж дотроо хамгийн чухал тусламж замдаа гарсан. Украинчуудад энэ дайнд ялахад нь туслах тусламж." хэмээн ярьжээ.
Сенатын гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Америкийн талаас Украин руу 100 сая ам. долларын үнэ бүхий зэр зэвсэг, байлдааны машин техник илгээж буй тухай мэдэгджээ.
ОХУ Украин руу довтолсноос хойш Вашингтон Киевт нийт 3.9 тэрбум ам. долларын тусламж дэмжлэг үзүүлээд байна.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.