Бүсгүй цэцэг хоёр

Twitter Print
2019 оны 12-р сар 16-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

...Бүсгүй өмнөө дэлгэрэх гоёмсог савтай үзэсгэлэнтэй цэцэгсийг услангаа санаа алдана. Тэр цэцэгсийн дэлбээг булбарайхан гараараа илбэхүйеэ, зөөлхөн торгомсог энхрийхэн мэдрэмж сэтгэлд буух.

Цэцэгс хүртэл хайрыг мэдэрдэг аж. "Чи ямар гоё юм бэ?" гэж шивнэн хэлэх төдийд л "Тийм гэж үү? Би үнэхээр гоё харагдаж байна уу?" гэх шиг дэлбээ нь ишин дээрээ найгалзанхан "аалигүйтнэ". Цэцэгс дэлбээлсэн савны хар хөрсийг услах тусам улам л гоёхон болж, улам л дээшээ тэмүүлнэ. "Энхрийхэн минь дээ" гэж амандаа шивнэн хөрсийг услах тусам улам л нялхарна. Цэцэгс хайрын уярам үгсийг тааламжтайгаар сонсдог аж. Бодолдоо нялхарч санаа алдах төдийд аньсаганаас нь урсах бүсгүйн дусал нулимсыг цэцэгсийн дэлбээ тосон авч гудайх нь түүнийг аргадан тайтгаруулах мэт. Цэцэгс өөрийг нь хайрлан учирлах нэгний сэтгэлийг мэдэрдэг аж.

Бүсгүй зөвхөн түүгээр л өөрийгөө хайрлуулахыг хүснэ. Болзоондоо явах бүрдээ сэтгэл нь тэр гэхийн аргагүй сайхнаар догдолж, өөрийгөө байн байн тольдон "би түүндээ ямар харагдах бол?" гэж өөрөөсөө асуунгаа, түүнтэйгээ хамтад байгаагаар өөрийгөө төсөөлнө. Түүнтэй хамтдаа байх мөч бүхэн даанч сайхан. Өөрийг нь харангаа "чи минь ямар ч үзэсгэлэнтэй юм бэ?" гэж шивнэх төдийд л хайртай түүндээ "бүр ч илүү сайхан" гэдгээ мэдрүүлэхийг хүсэмжилнэ. Эрхлүүлэх тусам нь улам л аалигүйтэж, нялхарах. Сэтгэлд нь тэр гэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж "хэзээ ч салахгүйгээр, хаашаа ч явахгүйгээр" ингээд л хамтдаа байгаад баймаар.

Заримдаа түүний яриаг нь тасалж, гэнэт зөрүүдэлмээр. Гэнэт гайхсан харцыг нь харж, цаашлуулангаа шоолж инээмээр. Түүнийхээ ярих хөдлөх, дохиж зангах бүрийг нь хараад л баймаар. Харц салгамааргүй. Биеэ барьсан албархуу төрх, надад таалагдах гэж хичээж ярьсан бүхнийг нь ерөөсөө өөрчилмөөргүй.
Бүсгүй цэцэг хоёр яг л адилхан. Үргэлж хайрын үгсээр "услаад" л байвал өдөр болгон дэлбээгээ нээн, ишин дээрээ гоёмсог сайхнаар найгадаг. Өглөө болгон цонхон дээрээ гараа алдалж зогсоод л "Энэ дэлхий дээр чи минь байгаа минь ямар их аз вэ?" гэж сэтгэл догдлон хэлэхийг нь сонсоод, инээмсэглээд л баймаар. Цээжинд нь толгойгоо нааж, зүрхэнд нь ямар их хайр урсахыг сонсоод л, эрхлээд л баймаар.

Намайг хайрласандаа аяархан илбэхэд чинь цэцэгс бид хоёр хамтдаа л дэлбээгээ нээдэг. Намайгаа санаад утасдахад чинь хүртэл миний сэтгэлд баяр баясал урсана. Заримдаа зөрүүдлээд уурлахад минь тэврээд "аргадаасай" гэж л би хүсдэг, цэцэгсийн хөрсийг услах мэт. Хааяадаа ядарч, цөхөрсөн сэтгэлийг тань сэтгэлдээ тэврээд зөөлхөн аргадмаар. "Чи минь мундаг шүү дээ" гэж шивнэмээр. Хайр цэцэглэдэг энэ орчлонд нэг их юм хэрэггүй дээ. Миний сэтгэлийг цэцэгс мэт энхрийлж, миний шаналлыг хөрс мэт усалж байхад хангалттай. Цэцэгс бүсгүй хүн хоёр яг л адилхан. Тэгээд л бидэнд хайраа илчлэхдээ цэцэгс барьдаг юм шүү дээ," та хоёрыг ав адилхан хайрлана" гэж. Бүсгүй бидэнд тийм их юм хэрэггүй юм шүү дээ, цэцэгс шиг. Хайр халамж байхад.

Холбоотой Зураг

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.