Дүүжин тээвэрт гацсан иргэдийг аврах ажиллагаа амжилттай болжээ

Twitter Print
2023 оны 08-р сар 23-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Пакистаны баруун хойд зүгт гүн хавцлын дээр дүүжин тээвэрт олон цагийн турш гацсан 8 хүнийг аврах ажиллагаа амжилттай болжээ.

Олон цагийн турш үргэлжилсэн, аюултай уг аврах ажиллагааны үеэр байлдааны нисдэг тэргээр 1 хүүхдийг, үлдсэн 7 хүнийг нь зип лайны тусламжтай аварсан байна.

Осол орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөө 7 цагийн үед Хибэр Пахтунхва мужийн Баттаграм хотын ойролцоо гарчээ.

Тухайн үед дүүжин тээвэрт 10-16 насны 6 хүүхэд 2 том хүн зорчиж явсан ба хүүхдүүд Батанги тосгонд байрлах сургууль руугаа явж байсан аж. Гэнэт дүүжин тээврийн 2 төмөр олсны нэг нь тасарч, дүүжин тээвэр ойролцоогоор 274 м өндөрт гацаж, доош унах аюултай тулгарчээ.

Пакистаны Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Анвар ул Хак Какар аврах ажиллагаанд оролцсон албан хаагчдад талархснаа илэрхийлсэн бол Пакистаны зэвсэгт хүчнийхэн аврах ажиллагаа "асар хүнд бөгөөд аюултай" байсныг онцолжээ.

Дүүжин тээвэрт гацсан зүрхний эмгэгтэй нэг хүү айж сандарснаасаа болж ухаан алдаж, хэдэн цагийн турш ухаангүй байсан хэмээн дүүжин тээвэрт хамт гацсан хүн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярьжээ. Тус дүүжин тээвэр нь Жангри тосгоныг Батанги тосгонтой холбодог ба дүүжин тээвэр нь уулархаг замаар 2 цаг зорчих замыг 4-хон минутанд туулах, зардал багатай тээврийн хэрэгсэл аж.

Дүүжин тээврийн олс тасарсны дараа орон нутгийн иргэд цагаан хоолойгоор тусламж хүссэн ба аврах багийн эхний нисдэг тэрэг 4 цагийн дараа л иржээ.

Аврагчид зэвсэгт хүчний нисдэг тэргээр дүүжин тээвэрт хүрэх хэд хэдэн оролдлого хийсэн ч хүчтэй салхины улмаас зөвхөн цэвэр ус, хоол хүнсний зүйл дамжуулж чаджээ. Цаг агаарын нөхцөл байдлаас гадна нисдэг тэрэгний сэнс дүүжин тээврийн тэнцвэрийг алдагдуулж болзошгүй гэсэн шалтгаанаар нисдэг тэргээр аврах боломжгүй гэж үзсэн аж.

Ингээд аврагчид зип лайны мэргэжилтнүүд болон орон нутгийн иргэдийн тусламжтайгаар аврах ажиллагаагаа үргэлжлүүлжээ. Осол гарсан бүс нутаг нь далайн төвшнөөс 2000 м өндөрт байрлах уулархаг нутаг бөгөөд суурин газрууд нь хоорондоо хол зайтай, дэд бүтэц муутай бүс нутаг юм. Тиймээс нэг уулнаа нөгөө уул руу зорчихдоо иргэд дүүжин тээвэр ашиглах нь элбэг аж.

Цагдаагийн газраас дүүжин тээврийг сар болгон шалгадаг хэмээн мэдэгдсэн ч Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч Анвар ул Хак Какар хувиараа үйл ажиллагаа явуулдаг дүүжин тээврүүдийг бүгдийг нь шалгахыг даалгажээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.