Харь гаралтай ч монголчилсон зарим хоолнууд

Twitter Print
2019 оны 09-р сар 23-нд 15:56 цагт
Мэдээний зураг,

Монгол хуйцай

Хуйцайг хятад үндэстний хоолны төрөл гэх нь бий. Гэхдээ хятад хуйцаа бидний иддэгээс тэс өөр. Хятадын нутаг бүрт хуйцайны жоронд ордог материал олон янз, тухайн нутгийн онцлогт тохирсон мах ногооны зүйл, пүнтүүз, жан цуу мэтийн амт оруулагчийн  хольцтой.

Сонирхуулахад Өвөр Монголд хуйцайг “да-хуйцай” гэж нэрлэдэг. Энэ нь хоолны жор найрлагад тухайн нутгийн олон төрлийн хольц ордогоос ингэж нэрлэсэн аж. Хөх хотын “да хуйцаа”-гаас хамгийн олон тохиолдох нь гахайн тосонд хуурсан махаар хийсэн хуйцаа байдаг аж.

Харин манайд хуйцайг өөрийн гэсэн онцлог жор найрлагатай хийдэг. Энэ хоолны жоронд хөшиглөсөн мах, хонины сүүл, бөөрөнхий мах, цагаан мөөг зэрэг монголчуудын уламжлалт хүнсийг нэмж оруулсан байдгаараа онцлог, бас нүнжигтэй байдаг. Өөрөөр хэлбэл яг монгол жороор хийсэн хуйцайг манайхаас өөр хаана ч олж идэхгүй. Монголчууд энэ хоолыг “хуйцай” нэрээр нь таньж мэддэг. Уг нь найрлагатай шөл гэсэн монгол нэртэй юм шүү дээ.

Монгол жор, аргаар бэлтгэх хуйцайны нэг тавагт (грамм): хонины мах 270 , пүнтүүз 35-40, байцаа 100-110, сонгино 10, төмс 110, гахайн мах 60, бөөрөнхий мах 60-65, цагаан мөөг 10-15, төмсний гурил 5, хар мөөг 3, элсэн чихэр 10, цуу 5, саримс 3, бэлэн шөл 150 г, давс, амт оруулагч орно.

Бэлтгэх арга нь:

  • Махаа нимгэн далбагар хөшиглөж урьдчилан чанаж болгоно.
  • Гахайн өөх юмуу хонины сүүлийг нимгэн хавтгай хэрчиж  багавтар усанд чанаж болгоно.
  • Цэвэрлэж урьдчилан дэвтээсэн хар, цагаан мөөгийг бага шингэнд жигнэж болгоно.
  • Төмсийг саримс хэлбэртэй хэрчиж их тосонд шарж болгоно.
  • Байцааг жигнэж бэлтгэнэ.
  • Бөөрөнхий махыг тосонд шарж болгоно.
  • Хүрэн цуу, саримс, халуун ногоог шөлөнд найруулж төмсний гурилаар өтгөрүүлнэ.
  • Сайтар халаасан шанаган тогоо юмуу зузаавтар ёроолтой саванд бэлтгэсэн бүх зүйлээ хийж хоромхон зуур хольж хуурсны дараа шөлөө нэмж ширүүн галаар 4-7 минут буцалгасны дараа шингэлсэн амт оруулагчаа нэмж оргитол буцалгаж бэлэн болгоно.

Монгол хуйван

Хуйван нь бас л харь гаралтай гурилтай хоолны нэгэн төрөл бөгөөд бэлтгэх арга нь хуйцаатай үндсэндээ адил. Ялгаатай нь жигнэж хэрчсэн гурилтай бэлтгэх ба жоронд нь төмс, гахайн мах, бөөрөнхий мах, цагаан мөөг, төмсний гурил, мөөг ордоггүй, жигнэсэн гурилаа аягалсан шөлөн дээрээ тавьж өгдөг.

Жорын хувьд нэг тавагт мах 270 г, пүнтүүз 15, байцаа 40, сонгино 10, жигнэсэн гурил 100, цуу 10, элсэн чихэр 3, шөл 150 г, давс, амт оруулагч орно.

Бэлэн хоолны гаралт хуйцайтай адил.

Монгол пяртан

Пяртан нь бидний нэрлэж заншсанаар тасалсан гурилтай шөл юм. Харин пяртан гэдэг үгийг монгол хэлний тайлбар толиос эрээд олдсонгүй. Бас л хуйцай шиг харь үг бололтой.

Нэг тавагт мах 160-170 г, гурил 100-110, пүнтүүз 25, байцаа 45-50, сонгино 10-15, цагаан мөөг 10-15, цуу 10, хар мөөг 5, сарис 3, саахар 3, шөл 140 г, давс, амт оруулагч

Бэлтгэх арга нь хуйвантай адил. Гагцхүү буцалж буй шөлөндөө нимгэн элдэж дөрвөлжин хэрчсэн буюу тасалсан гурилаа хийж тогоонд 10 минут чанаж болгоно.

Мянтуузтай шөл

Монгол хэлний тайлбар тольд мянтууз гэдэг үгийг зуурсан гурилыг элдэж нимгэлэн нарийхан хэрчсэн нь хэмээн тайлбарласан буй. Ингэж хэрчсэн гурилтай шөлийг лавшаа, гийдаа ч гэнэ. Бүгд л харь үг.  Харин мянтуузны гурилыг  хэрчсэн биш  цувисан байдлаар, гийдааны гурилан зуурмагийг бантагнах маягаар зуурч хийдэг ялгаатай.

Бэлтгэх арга нь:

Нэг таваг шөлөнд мах 150 г, гурил 300, сонгино 6, жан 20, пүнтүүз 20, цуу 10, шөл 100 г, давс, амт оруулагч орно.

Мянтуузтай шөл, хуурганд зориулсан гурилыг бэлтгэх арга нь өвөрмөц байдаг. Гурилаа жорын дагуу зуурч бөөрөнхий хэлбэртэй нарийвтар цувимал болгоно. Уг цувималыг хоёр талаас барьж байгаад гогцоорсон хэсгээр нь вандан дээр цохилох маягаар 3-4 удаа сэгсэрэхэд уул цувимал нарийн бөөрөнхий болно. Үүнийг усанд чанаж болгоно. Дундад Ази, Хятадын Шинжаан уйгарт хийдэг ийм хоолыг лагман гэж нэрлэдэг.

Бэлтгэх арга нь хуйцаа, хуйван, пяртантай адил бөгөөд шанаган тогоонд бүх хольцыг шөлөнд хийж 10-15 минут чанаж болгоно.

Гийдаа

Бидний өдөр тутам шахам хэрэглэдэг хэрчсэн гурилтай шөл буюу лавшааг (лапша гэсэн орос үг) Завхан аймгийн баруун болон өмнө зүгийн сумын уугуул оршин суугчид <<Гийдаа>> гэж нэрлэдэг. Энэ хоол манайд хэзээ, хэрхэн орж ирж улмаар бүх нийтийн хамгийн дуртай түгээмэл хоол болсныг сонирхож үзье.

Чингис хааны их цэрэг XIII зууны эхэнд тэр үеийн Дундад Азийн хамгийн хүчирхэг гүрэн болох Хорезмтай дайтан ялж, Зүчийн эзэнт улс байгуулагдсанаар эндхийн олон мянган сартуул хүнийг олзолж Монгол нутагт авчирчээ.

Тэдгээр сартуулууд Монгол газар хөрсөн дээр хэдэн зууны туршид үе удмаараа суурьшин амьдрахдаа узбек буюу сартуул үндэстний энэ хоолоо хийж идэж улмаар энэ нь аажмаар <<монголчлогдон>> хэрчсэн гурилтай шөл, бүр сүүлдээ харь хэлнээс улбаатай лавшаа (лапша гэдэг орос нэр) нэрээр уламжлагдан өдий хүрчээ. Гийдааг монгол хэлний тайлбар тольд мах, тасалсан гурил хольж хийсэн шөлтэй хоол гэж тайлбарлажээ.

Сонирхуулахад Увс нутагт энэ хоолыг будаа гэж нэрлэдэг.

Жор: Мах, хайрч хэрчсэн гурил, төмс, шар лууван, булцуут сонгино, ногоон сонгино, ааруул, саримс, ногоо хуурах тос, яс, махны шөл, амт оруулагч

  • Махыг нимгэн далбагар, төмсийг гонзгой дөрвөлжин, лууван, сонгиныг жижиг хэрчиж тосонд хөнгөн хуурна.
  • Буцалж байгаа шөлөнд эхлээд хуурсан мах, дараа нь сонгиноос бусад ногоонуудыг хийж зөөлөн галаар чанана.
  • Дараа нь хэрчсэн гурил, хуурсан сонгино, амт оруулагчийг нэмээд үргэлжлүүлэн чанаж болгоно. Энэ хоолыг ааруултай бэлтгэх бол ааруулаа жижиглээд шөлөндөө хийж болгоно.
  • Гийдааг шинэ буюу хатаасан цагаан мөөгтэй бэлтгэж болно.

​Нийтлэлч: Ж.Октябрь

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.