Лал шашинтнууд болон тэдний ирээдүй

Twitter Print
2015 оны 07-р сар 16-нд 19:51 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дээрх томоохон гурван шашны нэг болох исламын шашны талаар буруу ойлголт аль хэдийнээ тархжээ. Терроризм алан хядах ажиллагаа бүрийн цаана исламын шашины нэр байнга дагалдаж байдаг нь энэ шашины талаарх буруу ойлголтыг бий болгоод байгаа юм.

Исламын ертөнцөд болж буй үйл явдлыг дэлхий нийтээр “Арабын хувьсгал”, “Арабын хавар”, “Лалын хувьсгал” гэх мэт олон янзаар нэрлэж дарангуйлалын эсрэг ардчилал шударга ёсны тэмцэл хэмээн ойлгож ирсэн. Яг үнэндээ бол энэ дүр зураг нь исламын ертөнц дотроо тэс өөр ойлголтыг бий болгож байгаа юм.

Монголчуудын хэрэглэдэг "Лал" хэмээх үг нь Төвд хэлний "Лало" (Монголчилбол “Буруу номтон”) гэх үгнээс гаралтай буруу ойлголт бөгөөд дэлхийн бүх хэлэнд Исламын шашин, мусульман хэмээн хэлэгддэг. Ислам гэдэг нь шашиных нь нэр, мусульман гэдэг нь шүтэн бишрэгчдийг нь хэлнэ. Мусульманчуудын тайлбараар бол Ислам гэдэг нэрийг Аллах Эзэн өөрөө хайрласан гэх бөгөөд ислам нь энх амгалан, зөв шударга, өөгүй сайхан, хор нөлөөгүй гэсэн утга агуулдаг байна. Харин өнөөдөр олон нийт тэр чигээрээ лал, лалын шашин хэмээн бичиж ярьж тэмдэглэж байгаа нь буруу бөгөөд нөгөө талаас лал гэх нь ислам шашинтуудын хувьд томоохон доромжлол юм. Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистан, Судан гэсэн исламын шашинт улсуудад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа өнөө үед энэ асуудалд анхаарах хэрэгтэй.

Исламын шашинг дотор нь Суннит-Шийт хэмээх хоёр үндсэн том урсгалаар нь бид ойлгож ирсэн. Исламын шашин дотроо Суннит-Шийт-Харижит гэсэн 3 томоохон урсгал, 20 гаруй чиглэл, хэдэн зуун сэкт бүлэглэлтэй юм.

Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж Ханафи, Ханабали, Малики, Шафий гэсэн 4 хэсэгт хуваагддаг.

Дараагийн том урсгал нь Шийт (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол). 4-р халиф Алиг шүтэн бишрэгчид. Мухаммед нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммедийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь Исмайлийн бүлэг, Жафарын бүлэг, Зейдитын бүлэг гэж хуваадаг. Эдгээрээс салбарласан олон урсгалууд байдаг.

Харажит дотроо ибадитын бүлэг гэсэн салбартай. Голчлон Йемен, Оман улсуудад энэ урсгал тархсан. Мусульман хүний мөрдөх ёстой хууль ёсыг бүхэлд нь шариат гэх ба Шариат нь мусульман орнуудын хууль, шүүх байгууллагын үйл ажиллагаанд чухал байр эзэлдэг.

Дэлхий даяар хүн бүрийн толгойд шингэсэн харамсалтай нэгэн үзэл бодол байдаг нь Мусалман хүн л бол террорист буюу алан хядагч гэж үздэг нь үнэхээр харамсалтай том эндүүрэл юм. Тухайлбал ислам шашны хуульд зааснаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, хэрүүл зодоон үүсгэх, нийгмийн хэв журам, төр хуулийн цаазыг зорчих, үймээн самуун дэгдээн хүчирхийлэлийн үйл ажиллагааг зохион байгуулагч этгээдийг хуулиар хатуу шийтгэн, маш том нүгэлтэн хэмээн тооцдог.

Ислам шашны номлолд сургахдаа: Дайн байлдаан, алан хядах, хүчирхийлэл бол Мусалмаанчуудын зорилгодоо хүрэх арга зам огт биш хэмээн тодорхой сургасан байдаг. Исламчуудын өөрсдийнх нь тодорхойлсноор Исламын шашин нь: Ард түмэн, нийгэм, улс төр, нийт хүн төрлхтний энх тайван, амар амгалан байдал, тогтвортой хөгжил дэвшилийг дээдлэн эрхэмлэдэг байна.

Куран сударт айлдахдаа :

“Аллах Эзэн та нарт; Та нартаа шашны хэрэг явдлын талаар дайтаагүй бөгөөд та нарыг эх нутгаас чинь хөөж гаргаагүй тохиолдолд, тэд нартай эв найртай, эрх тэгш хандахтун!! Яагаад гэвэл Эзэн тань энх тайван, эрх тэгш байдлыг таалан соёрхдог юм”. ( Мүмтахина бүлэг 8-р ишлэл )

Гэхдээ ислам шашины Куран сударт дайны талаар айлдахдаа :

“Дайн бол Мусалмаанчуудын хувьд огтхон ч хүсмээргүй жигшүүрт гэмт хэрэг мөн боловч, зайлшгүйн эрхээр та нарт үүрэг болж оногдсон болой” хэмээн айлдсан байдаг. Энэ нь зайлшгүй гарцаагүй тохиолдолд дайн тулалдаан хийхийг үүрэгдсэн хэмээн ойлгож болно. Энэ айлдвараар исламчууд дайн тулалдаан мөргөлдөөнөө зөвтгөх гэж оролддог.

Дэлхий дахинд сүсэгтэн мусалмаанчуудын талаар террорист хэмээх ойлголтод автагдан, ислам шашны тухай нэн тодорхой мэдээлэл эерэг зан араншин, хүнлэг ёс суртахууныг нь мэдэрч чадахгүй байгаа нь харамсалтай билээ. Шашны хэт итгэл үнэмшилээсээ болж амьдрал дорой хэн нэгэн нь амиа золиослогч болон хувирдаг. Түүнээс бүх исламчууд хэн нэгэний дайсан бишээ.

“Арабын хавар”-ын хувьсгалаас болж исламын ертөнц тэр чигээрээ хөдөлгөөнд орсон. Хувьсгал гарсан ихэнх улс оронд исламын радикалууд гарч ирсэнээр олон улсын харилцаанд ээдрээтэй байдал үүссэн. Үүний хамгийн тод жишээ нь Египет улс юм. Сүүлийн гуч гаруй жилийн турш төрийн хатуу хяналт онцгой байдлын дор байсан исламын радикал үзэлтнүүд төрийн эрхэнд гарсанаар синонизмын эсрэг үзэл хүчээ авсан гэхэд болно.

Арабын ертөнцөд болж буй үйл явдал ардчилал шударга ёсны төлөө мэт харагдаж байгаа боловч асуудлын гүндээ исламын шашны үзэл суртлын төлөөх тэмцэл явагдаж байгаа юм. Тухайлбал Сири улсад болж буй үйл явдлыг нэг талаас нь харах гэж оролдвол. Сирийн нийгэм маш олон үндэстэн ястнаас бүрдсэн холимог нийгэм. Суннит шашинтай Арабчууд хүн амын 75 хувийг, Христийн шашинтнууд 10 хувийг, Друз, Күрд үндэстнүүд үлдсэн цөөн хувийг эзэлдэг. Сири дэхь үйл явдлыг ихэнх хүмүүс ерөнхийлөгч Башир Ал Асадын тоталитар дэглэмын эсрэг чиглэсэн гэж үзэж дэмжиж байгаа юм.

Башир Ал Асадын ургын бүх эрчүүд нь Нусайритүүд буюу алавитууд гэгддэг шашны бүлэглэлд хамаардаг. Лалын шашны энэ бүлэглэлийн гишүүд нь Сирийн лалын шашинт хүмүүсийн 12% бүрдүүлдэг үндэсний цөөнх ч гэсэн засгийн газар, арми, хүчний байгууллагуудыг хянадаг. Алавитууд нь сүнс дахин төрдөг гэдэгт итгэдэг, нар сар од эрхэсийг шүтдэг төдийгүй загалмайн шашны Исусыг бурханчлан тахидаг, Христийн шашны Зул сарын баяр, улаан өндөгний баяр зэргийг тэмдэглэдэг гээд уламжлалт исламын шашинтнуудын хувьд бол байж боломгүй гаж гэмээр (буруу номтон тэрслүү ) үзэл баримтлалтай.

Иймээс суннит ба шийт гэсэн лалын шашны үндсэн хоёр том урсгалын төлөөлөгчид нь алавитуудыг ямагт тэрс үзэлтэн, буруу номтон гэж үзсээр ирсэн. Алавитууд нь хасса буюу сахилтан, амма буюу сахил хүртээгүй гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагддаг. Хасса нэр нь бүлэглэлийнхээ нууц ном судрыг хамгаалдаг, нууц мэдлэгэтэй хүмүүсийг хэлдэг бол амма гэдэг нь гүйцэтгэгч, дагагчдийг хэлдэг бөгөөд Асадын овог нь энэ амма хэсэгт нь багтдаг ажээ. Тиймээс ч олонхи нь цөөнхдөө үл захирагдах зарчмын дагуух үйл ажиллагаа явагдаж байна.

Исламын ертөнцийн ихэнх улс оронд суннит ба шийт гэсэн энэ хоёр том бүлэглэлийн хооронд дайн мөргөлдөөн байнга гардаг бөгөөд Сири дахь энэ 2 бүлэг үндэсний цөөнх болсон Алавитуудыг дарж аваад дараа нь өөрсдийн ноёрхолын төлөө дахиад л байлдах нь гарцаагүй юм.

Ислам шашин зөвхөн цэвэр шашин шүтлэг биш, Арабын болон ислам шашинт бусад бүх улс орнуудын цаашдын хөгжил, замнал, соёл иргэншил, нийгмийн амьдралын бүх хүрээ салбарт ихээхэн нөлөө оролцоотой эдийн засаг, нийгэм, улс төр, үзэл суртал гэх мэт бүх зүйлийг харгалзан үздэг юм.

Исламын шашинаас зарим нэг авах сайн тал ч байна.

Нэгэн нийтийн төлөө , нийт нь нэгийн төлөө гэдэг үг байдаг. Тэрний адил исламд хамт олноороо нэг зүгт алхах нь ашиг тустай бөгөөд түүний зарим давуу чанарууд бий.

Ислам шашин өнөөдөр дэлхийн Мусалмаанчуудийн зөвхөн шашин шүтлэг нь төдийгүй, шинжлэх ухаан, тэдний иргэншил, эдийн засаг, улс төрийн амьдралын зохион байгуулалтын үндэс, хэрхэн аж төрөх, ёс уламжлал, ёс заншил, ертөнцийг үзэх үзэл нь өргөжин тэлж чадсан байна.

Тэрээр өмнө, дорно зүгийн бодол санааг нэгтгэн хуучин ба шинийг нийлүүлж эмнэлэг, анагаах ухаан, математик, физик, одон орон, газар зүй, хөдөө аж ахуй, урлаг, уран зохиол, түүхийн шинжлэх ухааныг өндөр түвшинд хөгжүүлж чаджээ.

Дундад зууны Европ болон исламд тэг (0) хэмээх тоог алгебрт оруулсанаараа тэд шинжлэх ухааны маш олон шийдвэрлэгдээгүй асуултанд хариулт өгч чадсан байна.

Европчуудын нээлт дэд чухал үүрэг гүйцэтгэсэн газрын зураг, луужин, квадрат зэргийг Мусалмаанчууд нээж хөгжүүлсэн юм.

Эх сурвалж: Asuultserver.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.