
БАХИАЛЫН НЭРШЛИЙН ТУХАЙ
Бидний бахиал, бакал гэхчлэн нэрлэдэг гутлыг яг үнэндээ "кирза гутал" гэдэг болохыг мэдэх үү? Оросуудтай бакал гэж ярилцвал ойлголцохгүй гэдгийг мэдэх үү?
Яагаадыг нь эртний түүхээс эхэлье.
Анхны бахиалны материалыг оросууд 1903 онд бүтээжээ. М.М.Поморцев гэж армийн инженер, зохион бүтээгч. Англиар kersey гэж нэрлэдэг бүдүүн нэхээст даавууг өндөгний шар, канифол, парафины холимогоор бүрж бэхжүүлсэн материал гаргаж. Кирси даавуу брезентээс юугаар ялгаатайв гэхээр, хонины ноос нэхмэлд нь ордог. Тийм ч учраас тухайн үеийн Хаант оросын армийн хувцсыг кирси даавуугаар хийдэг байжээ. Брезентнээс зөөлөн, өмсөхөд таатай, тэгчээд амар урагдахгүй бөх даавуу.
Ер нь бол нэхмэл даавуун материалыг өөр холимгоор бүрж бэхжүүлэх аргыг аль эрт маш олон төрлөөр ашиглаж ирсэн юм. Тухайлбал олсон даавуу (одоогийн брезент), хөвөн даавууг давирхайдаж завь хийх, хожим брезентийг тосон будгаар будаж нисэх онгоцны эх бие, далавчны гадаргуу хийдэг байв.
Кирси даавууг бүрж бэхжүүлсэн Поморцевын шинэ материалыг Оросын арми “кирза” гэж нэрлэн өргөнөөр ашиглаж байлаа. Буу сумны цүнх сав, мөрөвч бүс гэх мэтээр. Өмнө нь эдгээрийг брезентээр хийдэг байсан нь бат бөхийн хувьд хангалтгүй, ус нэвчдэг гэх мэт дутагдалтай байжээ.
Ингэж явсаар Дэлхийн 1-р дайнтай золгов. Хэдэн саяар тоологдох цэрэгт өмсгөх гутлын асуудал босож ирлээ. Тэр үед Оросын армийн нийт төсөв 12 сая рубль байсан бол, зөвхөн гуталд 3 сая рубль зарцуулах шаардлага үүсжээ. Гэтэл цаана нь буу сум авах хэрэгтэй байдаг? Хамаг мөнгөөрөө гутал авчвал, юугаараа байлдахав?
Ингээд арьсан гутлын зардлыг хямдруулахын тулд арьсны оронд кирза ашиглаж эхлэв.
Цэргийн гутал эдэлгээ даах өндөр чадвартай бат бөх байх ёстой гэхээр өмсөх боломжгүй зузаан хатуу арьс, шавар шавхай гэх мэтээс хөл хамгаалах ёстой гэхээр уртхан түрийтэй буюу ихээхэн хэмжээний арьс орох болчдог, олон бэрхшээл үүсдэг байсныг хямдхан, бөх бат кирза шийджээ. Жишээ нь жингийн хувьд кирзагаар хийсэн орос цэргийн гутал тухайн үеийн Англи, Америкийн цэргийн түрийтэй гуталнаас нэг дахин хөнгөн болсон байв.
Олон цаг, хол зайд алхахад гутлын жин ямар их нөлөөтэйг хэлүүлэлтгүй байлгүй. Ядарсан цэргийн байлдах чадвар чад пад шүү дээ.
Зардал, үнээс нь болж тухайн үед цалин хангамж сайтай офицерүүд урт түрийтэй гутал (бид хромон гутал гэдэг) өмсдөг байсан бол, цэргүүд энгийн хагас түрийтэй ботинк өмсөж, гуталд чулуу шороо орохоос сэргийлэн гутлын түрий, хөлийн шилбээ брезентэн даавуугаар ороодог байв.
Хожим 1934 онд кирзаг бүрдэг холимгийн найрлагыг дахин шинэчилж, хиймэл каучук резины найрлагатай болгож өөрчилсөн нь үнийг нь бүүр хямдруулсан ба бас бараг шатдаггүй болгожээ.
Ус нэвтрэхгүй, галд шатахгүй, хямдхан, хөнгөн, тэгсэн мөртлөө маш бат бөх. Цэргийн гуталд бол орлуулшгүй материал. Гэм нь, агаар нэвтрүүлэхгүй учраас хөлөргөх, шивэртүүлэх хандлагатай. Тиймээс кирза гутлын толгой, зулагийг цэвэр арьсаар хийсэн. Харин доторлогоог нь зузаан даавуун жийрэг ороолтоор шийдсэн. Жийрэг ороолт нь хөлийг хатуу гуталд холгогдохоос хамгаалдаг. Бас хүйтэнд өмсөхөд дулаалга болдог. Гутлыг бат бөх болгосон өөр нэг шийдэл нь улыг оёлгүйгээр шууд төмөр хадаасаар хадсан.
Ингээд кирза гутлаар оросууд Дэлхийн 2-р дайныг туулж, дараа нь социализмын бүтээн байгуулалтдаа өргөнөөр ашиглажээ. Нийтдээ 150 сая гаруй кирза үйлдвэрлэсэн гэгддэг. Жинхэнэ хар ажлын мангас болсон гутал байв. Юуг ч няц дэвсэх чадалтай, баргийн юманд урагдаж гэмтдэггүй. За тэр ул бол хэзээ ч салж унахгүй. Үйлдвэрийн тостойгоо шинээрээ үедээ ус туулахад ямар ч асуудалгүй. Тиймээс байнга тосолж өмсдөг бол тэгээд усны гутал гэсэн үг.
Ийм айхтар сүрхий гутал болсон тул 1942 оны 4 сард кирза гутлыг шинэчилсэн инженер Александр Хомутов, Иван Плотников нарыг “Сталины нэрэмжит” шагналаар шагнажээ. Энэ нь манайхаар “Төрийн соёрхолт” шагнал юм.
Харин энэ “кирза гутал (кирзовые сапоги)” яагаад манайд “бахиал” нэртэй болчив оо?
Ухаад үзэхээр, бууны замаг шиг юм. Бид замаг гэж нэрлэдэг боловч, оросууд үүнийг замок (түгжээ) гэдэггүй затвор гэж нэрлэдэг.
Бахилы гэж оросоор гутлын гадуур угладаг хамгаалалтыг хэлдэг юм байна. Эртний оросууд сүлжмэл дэрсэн шаахайтай байдаг ба ус шавартай газраар явах бол дэрсэн шаахайн гадуур арьс боож угладаг байж. Энэ арьсан хамгаалалтыг бахилы гэдэг байж.
Орчин үед бахил хэрэглэхээ больсон тул одоогийн орос хэллэгт эмнэлгийн 1 удаагийн гялгар улавчийг голдуу бахилы гэдэг байна.
Мэдээж хэрэг, аяллын гутлын гадуур давхар угладаг түрийг бас бахилы гэж нэрлэнэ. Монголоор бол дэгтий гэсэн үг л дээ.
Манайхны дэгтий бол хүйтнээс хамгаалах зорилгоор нэхийгээр оёж өмсдөг. Тиймдээ ч дах дэгтий гэсэн хоршоо үг хэлэлцдэг.
Орос цэргүүд кирза гутлаа хөлийн хамгаалалт гэсэн утгаар бахилы гэж жаргон үгээр нэрлэж байсныг манайхан өөриймшүүлж авахдаа бахиал гэж ойлгож хоцорсон байх магадлалтай.
Бага калибрын бянтат буу гэсэн (мало калиберный винтовка) нэрийг өнөөдөр манайхан калибр, халиавар гээл тууж яваа. Тэгчээд бас болоогүй ээ, халиавар гэж хэлсэн нэгнээ “-ээ мангараа, халиавар гэдгүйен. Калибр гэдгийн за!” нтр гэцэн шоолоол нааж яваа. Угтаа калибр гэдэг чинь цилиндр биетийн дотоод диаметр гэсэн л үг.
Тэрэн шиг бахиал гэдгийг “оросоор бол бакал гэдгийм за!” гээд, бүр тэгж бичээд яваа улс ч бишгүй нэг. Бүр нэг оросоор хэлмээр байгаа бол бакаал биш, бахилы шүү.
Бахиалтай зэрэгцээд “яалуу” гэж айхтар гутал бас бий. Уг нь бол оросууд нь тэр гутлыг бас л манайхны хэлдэгээс өөрөөр буюу юфть гэж нэрлэдэг. Юфтевые сапоги. Яалуу гэдэггүй.
Анх офицерийн хэрэгцээнд бүтэн арьсан гутал хийж байж. Цэргийн кирзаг бодвол түрий нь цэвэр арьс гэсэн үг.
Бидний орос хороом гэж нэрлэдэг тэр гутлыг яг үнэндээ юфтевые сапоги гэнэ.
Манайд бол нимгэн арьсаар хийсэнг нь "хром" гэх ба зузаан арьсаар хийсэнг нь "яалуу" гэдэг. Харин эх нутагтаа бол хоёуланг нь юфтевые гэнэ.
Юфть гэж юу вэ?
Эрт үеэсээ арьсан гутал өмсөж ирсэн персүүд, түрэгүүд 1500-аад оны үед Орост ирэхдээ хөлдөө өмссөн арьсаа “juft” гэж танилцуулж. Хос гэсэн үг юм гэнээ. Түүхий шир биш, боловсруулсан ширээр хийсэн эд байсан тул оросууд юфть гэсэн үгийг цааш нь өөриймшүүлж ашиглахдаа боловсруулсан ширийг юфть гэх болж.
Ингээд юфтээр гутал ч хийнэ, гадуур хувцас ч хийдэг. Тэгээд юфтевые сапоги буюу боловсруулсан арьсаар хийсэн гутал гэдэг хэрэг. Одоо дэлхийн аль ч хэлээр joufte, yuft, юфть гэвэл “орос шир” гэж орчуулдаг болсон байна.
Ширийг боловсруулж идээлэхдээ хром (химийн бодис шүү. гутлын нэр биш) ашиглан тосыг нь арилгадаг. Энэ химийн процессыг хромсинтанный гэнэ. Хар үгээр хэлэхэд, хромонд чанаж боловсруулсан арьсаар хийсэн гутлыг бид өнөөдөр “орос хороом, герман хороом” гэж нэрлэдэг болсон хэрэг. Адуу, бугын нимгэн шир үндсэн материал нь. Боловсруулалтын арга нь ижил ч, үхэр, гахайн зузаан ширээр хийсэн гутлыг бид “яалуу” гэдэг.
Яагаад яалуу?
Слав хэлэнд “яловый” гэж зулбасан төлийн арьсыг хэлдэг гэнэ. Жишээ нь, гараад мал болоогүй үхсэн тугалны арьсыг элдэж ашигладаг байж. Маш зөөлөн, торгон савхи шиг болдог байж лдээ. Манайд бол тийм хурганы арьсыг ашигладаг явдал бий.
Ийм яловые арьсаар хийсэн юм шиг зөөлөн арьстай гутал гэж хэн нэг нь манай хэн нэгэнд хуучилсан байх. Тэгээл манайд “яалуу гутал” гээл нэрлээд явцан хэрэг. Тэрнээс биш яалуу гутлыг яловые арьсаар хийдэггүй. Цэргийн гутал хийх гээд зулбадас цуглуулж өвчөөд суух боломжгүйг ойлгож байгаа байх.
Дублёная шкура буюу идээлсэн нэхий гэсэн орос үг бий. Гэтэл идээлсэн арьсаар хийсэн дээл гэсэн урт нэрнээс нь манайхан идээлсэн гэдгийг нь тасалж аваад дублёнк, нэхий дээл гээд бүр албан ёсны нэр болгоцон.
Заза, cүүлдээ гутал биш, хэл шинжлэл рүү орчихлоо.
Эх сурвалж: Migga Ace
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ард
(202.179.21.215) 2023-09-16 19:52цааш нь бичээд байгаарай баярллаа
Хариулах
дэлээ
(139.5.216.211) 2023-09-15 12:27Сайхан л мэдээлэл бна. Баярлалаа.
Хариулах