Ц.Элбэгдорж: Монголд газар тариалангийн шинэ эринг эхлүүлэх цаг ирлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 16-нд 08:43 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ есдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад ажиллаж ургац хураалтын байдал, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй танилцан тариаланчид, ногоочид, зөгийчид, иргэдийн санал бодлыг сонслоо. Түүнийг дагалдан УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат, албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийн ажилтнууд ажиллалаа.

Төрийн тэргүүн Сэлэнгэ аймагт хэрэгжүүлсэн томилолтынхоо эхэнд Баянгол суман дахь “Майнд Тэч” ХХК-ийн тослог ургамлын үр боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцав.

Тус ХХК нь Германы технологиор тосны ургамал рапсын үрийг боловсруулан хүнсний зориулалттай ургамлын тосыг дотооддоо үйлдвэрлэж, шахдасаас нь малын тэжээл гаргахаар хоёр үе шаттай төсөл хэрэгжүүлж байна. Эхний шатыг 2012 оны дөрөвдүгээр сараас энэ 2014 оны дөрөвдүгээр сар хүртэл хэрэгжүүлсэн бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай гарчээ. Ирэх аравдугаар сарын 15-наас үйлдвэрийг ажиллуулж эхлэх бөгөөд арваннэгдүгээр сарын 15-наас үйлдвэрлэл жигдрэх юм байна.Тус үйлдвэрт тариаланчид энэ жил 18 мянган тонн рапс нийлүүлэхээр төлөвлөжээ. Түүнийг бүрэн хэмжээгээр нийлүүлбэл үйлдвэр зургаан сар ажиллах нөөцтэй болох аж. Төслийн нэгдүгээр үе шатанд хоногт 100 тонн рапс боловсруулах бол 2016 он хүртэл хэрэгжүүлэх хоёрдугаар шатанд хоногт 300 тонн болгон нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ.

Уг үйлдвэрт ургамлын тосноос гадна маргарин, масло, майнеоз, биодизель үйлдвэрлэх боломжтой гэдгийг үйлдвэрийн удирдлага танилцуулж байлаа. Ургамлын тосны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, алсдаа хэрэгцээнээс илүү гарсныг экспортлох зорилт тавиад байгаа гэлээ.

Үйлдвэрийг Герман, Швейцарь, Туркийн дэлхийд тэргүүлэх технологиор иж бүрэн тоноглож байгаа юм байна. Тариалж байгаа рапсын үрийг Германы RAPOOL компаниас авч байгаа бөгөөд тэр нь 1974 оноос хойш хөгжиж ирсэн сайн чанарын гибрид үр аж. Тариалангийн талбайн хөрсийг хамгаалах үүднээс рапсын үрийг сэлгээний журмаар, нэг талбайд гурван жилд нэг удаа улаанбуудайтай сэлгэн тариалахаар компаниудтай гэрээлжээ.

Тус үйлдвэрийн удирдлагын зүгээс  Герман рапсын үрийн тариалалтыг стратегийн болгох чиглэлээр бодлогод тусгаж өгөхийг хүсч байв. Герман рапсыг хятадууд өндөр үнээр цохин худалдаж авах зэрэг бэрхшээл учирч байгааг мөн дуулгалаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч дагалдан яваа хүмүүсийн хамт Шаамар суманд хүрэлцэн очиж сумын аварга ногоочин Б.Гансүхийн талбайд зочлон төмс, хүнсний ногооны хураалтын байдалтай танилцаж иргэдийн санал, бодлыг сонсов.

Шаамар сумын Засаг дарга М.Баярбатын танилцуулснаар тус сумынхан нийт 3600 га эргэлтийн талбайтай, үр тариа бага хэмжээтэй тариалдаг. Төмс, хүнсний ногоо түлхүү тариалдаг юм байна. Нийт 21 мянган толгой малтай. Одоогийн байдлаар нарийн ногооны хураалт 60 гаруй хувьтай байгааг танилцууллаа. Нийт 2400 гаруй тонн үр тариа хураан авч байгааг мөн хэллээ. Га-гийн дундаж ургац 12 центнер хүрчээ. Хадлан 5000 гаруй тонн бэлтгэж байгаа аж.

Улсын хэмжээнд хүнсний ногоо тариалдаг томоохон сумын нэгийн хувьд хэд хэдэн хүсэлт байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчид сумын Засаг дарга танилцуулав. Төмс, хүнсний ногоо тариалагчдад төрийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байгааг нэн түрүүнд дурдлаа. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн дэмжлэгтэйгээр төмс, хүнсний ногоог Улаанбаатарт худалдан борлуулах ажлыг 2012 оноос эхлэн явуулдаг болсон нь маш чухал болохыг дурдаад, хэдий тийм ч борлуулалтад учир дутагдал байгааг хэлж байв. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр техник, хөрөнгө оруулалтад анхаарч өгөхийг мөн хүслээ. Шаамар сумын зөгийчид зөгийн цэвэр балны борлуулалтад анхаарч өгөхийг хүсч байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр хэлэхдээ малчдыг мэргэжлийн үнэмлэх, бүтээгдэхүүнээ борлуулах тамга, тэмдэгтэй болгож байгаа. Ногоочдыг ч мөн адил ийм зарчимд хамруулж,өрхийн аж ахуйг бүртгэлжүүлж болно гэж байлаа.

Зүүнбүрэн суманд ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч “Арвин хур” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанид рапс, гурвалжин будаанаас хүнсний зориулалттай ургамлын тос гаргаж, зөгийн бал, малын тэжээл үйлдвэрлэж, гурвалжин будааны хальс ашиглан эрүүл ахуйн зориулалттай дэр хийж байна. Мөн махны чиглэлийн хонь үржүүлж байгаатай танилцлаа. Хонио өвөл төллүүлж, хургыг таваас найман сартайд нь нядалж арвин мах, чанартай арьс бэлтгэж, их ашиг олж болохыг тус компанийн удирдлага танилцуулж байв.

“Арвин хур” ХХК-д “Мак Дональдсын” гэх тусгай зориулалтын төмсөөр хөлдөөсөн төмс үйлдвэрлэж KFC-д нийлүүлэхэд бэлэн болжээ.

Цагааннуур суманд очих үеэрээ “Гацуурт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.Тус компанийн ерөнхий захирал Л.Чинбат Монгол Улсын Ерөнхийлөгчид төмс, нарийн ногоо, үр тарианы хураалтын байдлыг танилцуулав. Тус компани нь дотоодын хэрэгцээний төмсний 10 хувь буюу жилд 16-20 мянган тонн төмс, 2000 орчим тонн лууван, 1000 орчим тонн сонгино хурааж авдаг юм байна. “Гацуурт” ХХК нь 1400 га-д усжуулалттай тариалан эрхэлдэг бөгөөд 40 гаруй мянган га-д үр тариа, 500-600 га-д төмс, 60 га-д лууван, 50 га-д сонгино тариалж байна. Мөн 500-800 га-д малын тэжээл, даршны ургамал, овъёос тариалдаг юм байна.

Үүний дараа махны зориулалтаар үржүүлж байгаа “Лимузин”, улаан “Ангус”, хар “Ангус” үүлдрийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагаатай танилцуулав. “Гацуурт” ХХК-д ажиллах үеэр тариаланчид, салбарын яам, хэрэглэгчдийн хооронд үнийн бодлогыг хэрхэн зохицуулах, тариаланчдад урамшуулал хэрхэн олгох талаар санал бодлоо солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Сэлэнгэ аймгийн сумдад ажиллаж байх үеэрээ Монголд газар тариалангийн шинэ эрин эхлэх цаг ирснийг хэлж, энэ ажлыг эхлэх газар нь Сэлэнгэ, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймаг, эхлүүлэх эзэд нь хувийн хэвшлийнхэн болохыг онцолж байлаа. Газар тариаланг мал аж ахуйтай хослуулж, малын тэжээл бэлтгэж цогц үйлдвэрлэл явуулахыг газар тариалангийн шинэ эрин хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байсан юм.

Тус салбарт ажиллагсдын санаа бодлыг сонсч, бодлогод тусгаж, дэмжлэгээ зөв томъёолоод явбал болно гэдгийг бас хэллээ. Хоёр хөршид бүтээгдэхүн гаргах боломж нээгдэж, илүү нээлттэй ажиллавал Монголын хөдөө аж ахуй хөгжинө гэдгийг мөн онцолж байв. “Заавал уул уурхайн баялгаа гаргах биш, хөдөө аж ахуйгаа хөгжүүлж, илүү олон ажлын байр гаргаж, хүнсээ дотоодоосоо хангаж, бусдын хангалтад тодорхой нөлөө үзүүлдэг байвал Монгол Улсын бие даасан байдал нэмэгдэнэ. Монголын давуу тал бол цэвэр органик бүтээгдэхүүнээр хоёр хөршөө хангаж, тэднээр дамжуулж сонирхсон талуудыг мөн хангаж, Монгол гэсэн брэнд нэрийн хүнсийг гадагш гаргах боломж олох хэрэгтэй. Нэг хүнд ногдох газраараа Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. Хоёр том хөрштэй. Урд хөрш бол дэлхийн хамгийн том зах зээл. Үүнийг ашиглаж, төр дэмжлэг үзүүлж, хөдөө аж ахуй, газар тариалангаа хөгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.