
Украины Мариуполь хотын төрөх эмнэлэг ОХУ-ын зэвсэгт хүчний агаарын цохилтонд өртжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский төрөх эмнэлгийн нурангин доор иргэд гацсан байдалтай байгаа талаар мэдээлж, ОХУ-ын халдлагыг дайны гэмт хэрэг хэмээн тодорхойлжээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр ОХУ-ын агаарын цохилтын улмаас төрөх эмнэлгийн ажилчид болон тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс шархдсан байна.
Мариуполь хотын захиргаанаас мэдээлж байгаагаар ОХУ-ын агаарын цохилт асар их хэмжээний хохирол учруулсан ба нийгмийн сүлжээнд халдлагад өртсөн төрөх эмнэлэг болон эмнэлгийн гадаах нөхцөл байдлыг харуулсан олон тооны гэрэл зураг, видео бичлэг тавигдаад байна.
Цагаан ордон энгийн гэмгүй иргэдийн эсрэг хүч ашигласан ОХУ-ын "зэрлэг балмад" үйлдлийг буруушааж буйгаа илэрхийлсэн бол Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "өөрийгөө хамгаалах чадваргүй, жирийн иргэд рүү халдахаас өөр ёс бус үйлдэл гэж үгүй" хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Украины Мариуполь боомт хотын оршин суугчид тог цахилгаан, цэвэр ус, хоол хүнсгүй бүслэлтэнд олон өдрийг өнгөрүүлж байгаа ба шингэний дутагдалд орсон иргэдийн бие муудаж, нас барсан тохиолдлууд ч гараад байгаа юм.
Мариуполь хотын орлогч дарга С. Орловын мэдэгдсэнээр ОХУ-ын дайралт эхэлснээс хойш тус хотод 1170 хүн амиа алдсан ба өнгөрсөн лхагва гарагт л гэхэд 47 хүнийг оршуулсан хэмээн ББС агентлаг мэдээлжээ.
Харин Aljazeera мэдээлэхдээ "Украины Мариуполь хот дахь төрөх эмнэлгийг Оросын цэргүүд бөмбөгдсөн тухай мэдээлээд байгаа. Оросын тал уг мэдээллийг эрс няцааж, төрөх эмнэлгийг бөмбөгдөөгүй гэж мэдэгдсэн байна.
ОХУ-ын НҮБ дахь байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский энэ тухай өөрийн Твиттер хуудсандаа нийтэлжээ. Оросуудын бөмбөгдсөн гээд байгаа эмнэлэг нь өмнө төрөх эмнэлгийн зориулалтаар ашиглагдаж байсан ч уг барилгад цэргүүд байршаад удаан хугацаа өнгөрсөн гэж тэрээр мэдээлсэн байна. Полянскийн хэлж байгаагаар гуравдугаар сарын 7-ны өдөр гэхэд уг барилга цэргийн байгууламж болсон байсан ба украинчууд тус барилгаас гал нээж байсан" гэжээ.
Өнөөдөр Орос болон Украины Гадаад хэргийн сайд нар Турк улсад уулзах гэж байна. Дайн тулаан эхэлснээс хойш хоёр улсын Гадаад хэргийн сайд нар анх удаа уулзалтын ширээнд суух юм. Оросын сайд Сергей Лавров Украины сайд Дмитро Кулебатай уулзахаар Туркийн Анталия хотод газардаад байна".
Эх сурвалж: BBC, Aljazeera
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.9.40.49) 2019-12-17 03:13Дараагийн 30 жилд африкийг илбэн тохинуулах нь дээ.Янз нь
Хариулах