
01. Дэлхийн тэргүүлэх гүрэн Америкт ганц хоногийн дотор 2000 хол давсан хүн аюулт тахлаар эндэж нь Афганистанд явуулсан 18 жилийн дайны явцад амь үрэгдсэн цэрэг дайчдын нийт хохирлоос ч хол давсан үзүүлэлт юм.
02. Америк, Япон хоёр өмнөд хөршид байгаа өөрсдийн бүх компани, үйлдвэрүүдийг татан гаргах тухай мэдэгдлийг хийгээд эхлэж байгаа нь урьдаас ярьж тохирсон шийдвэр байж мэдэх юм. Энэ асуудал хаашаа эргэх нь ихээхэн сонирхолтой зүйл байж таарна. Дээрх асуудал нэгэнт хэрэгжээд эхлэвэл өмнөд хөршийн хувьд Америк, Хятадын худалдааны дайнаас ч илүү том цохилт амсаж таарна.
Эрх мэдэлтнүүд ямар шийдвэр гаргах нэг хэрэг. Харин дээрх хоёр орны ухаалаг бизнесмэнүүд 1 тэрбум 400 сая хүнтэй далай шиг том зах зээлийг тийм хурдан хаяад гарчих нь юу л бол? Тийм болохоор үйлдвэрүүдээ гаргах засгийн шийдвэр нь хэрэгжээд эхлэвэл Хятадтай хаяа залгаа Монгол руу үйлдвэрээ шилжүүлэх хувилбарыг сонирхож л таарна гэдгийг манай эрх мэдэлтэнгүүд мэдэж байгаа болов уу? Загдаа цагдаа хоёрын сөргөлдөөн, хотын дарга хотын иргэд хоёрын "Усан оргилуурын" тухай маргалдаанд дөжирч орхиод мэдээгүй мэлийгээд сууцгааж байж мэдэх л байх шүү.
03. ОХУ умардын дөрвөн арлын ойролцоо урьд хожид байгаагүй томоохон хээрийн сургуулийг зохион байгуулсан нь хижиг тахлын аюулд хирэндээ зүдэж байгаа Япончуудын хувьд сэтгэлзүйн хүнд дарамт болж байгаа нь тодорхой. Америкийн номхон далайн флотын хоёр ч нисэх онгоц тээгч дээр хор хөнөөлт өвчин дэгдээд юун япончуудыгаа хамгаалах манатай байгаа нь асуудлыг бүр ч даамжруулж байна. Оросуудын хувьд учиргүй япончуудтай дайтах буюу сүрийг үзүүлэх зорилготой гэхээсээ илүү цар тахлын хөнөөл даамжирч байгаагийн улмаас нийгэмд үүсэж мэдэх цочроог гадаад орчны нөхцөл байдал руу хандуулж зөөлрүүлэх арга байж болох талтай. ОХУ-д өвчлөлийн тоо түм даваад хяналтанд байгаа сэжигтэн 173 000 болчихоод байгааг орос хэлтэй нөхөд маань мэдэж байгаа буй за.
04. Манайд илэрсэн халдвар тээгчдийн ялгадаснаас титэм вирус илэрсэн тухай халдвартын мэргэжилтэн ярьж байна лээ. Угтаа бол энэ нь УБ хотын захиргаанд өгч буй маш том сануулга юм л даа. Хятадууд түр зуурын эмнэлэг байгуулахдаа цэвэр бохир усны шугам хоолойн битүүмжлэл, ариутгалын системийг онцгойгоос онцгой анхаарч шийдсэн талаар төв телевизээр нь ярьж байна лээ. Гонконгод л гэхэд бохирын хоолойгоор дамжиж халдвар тархсан тохиолдол илэрсэн тухай мэдээлэл гарч байсныг та бүгд ч мэдэж байгаа байх. Өөрөөр хэлбэл хотын дарга хүн усан оргилуур биш, халдвартын эмнэлгийн цэвэр бохирын системийн найдвартай байдлыг толгойдоо гашилгаж суух учиртайсан.
05. Халдвар онцгой хүчтэй тархаж байгаа бүс нутгаас татан авчирсан иргэдээ улс орны амин зүрх болсон УБ хотод оруулж ирээд байгаа нь манай дээдсийн хүнээ бодсон ямар мэргэн ухаан болохыг ойлгож чадашгүй нь.
Угтаа бол Монголчууд эрт дээр цагт цар тахал дэлгэрсэн үед гэрээ буулгаж эд хөрөнгөө хөсөр тарааж орхичихоод гэр бүлийн гишүүд бараа бараагаа харалцаж дуу дуугаа авалцах газар тарж байрлаад хээр гадаа хэц дэрлэн хоноглодог байсан аж. Тэгээд долоо хоносны дараа биед нь ямар нэгэн ажиг сэжиг мэдэгдэхгүй бол буцан ирж гэр бараагаа босгож төвхнүүлээд санаа амар амьдран суудаг байсан тухай Г.Рамстедийн дурсамж номонд өгүүлсэн нь буй. Тэр долоо хоногийн хугацаанд Монгол нутгийн нар салхи халдварт өвчний вирусийг бүрэн устгаж чаддаг байсан байж таарна. Ухаант өвгөдийнхөө дээрхи сайхан уламжлалын дагуу энэ дэлгэр сайхан цагт хөдөө хээр монгол гэрээ барьчихаад хяналтанд байлгах сэжигтэй хүмүүсийг ганц ганцаар нь байлгаж яагаад болохгүй байх билээ?
06. Ер нь муугаар бодоход манайд халдвар дэлгэрсэн тохиолдолд хол хол зайтай баригдсан монгол гэрүүдэд хээрийн нүүдлийн эмнэлэг байгуулах нь уламжлал хийгээд улсын онцлог зэргийг бодолцож үзэхэд ихэд таарсан хувилбар байж болох юм шүү. Харин хээрийн ариун цэврийн байгууламж зэргийг ч одооноос бэлдэж зэхсэн байхад буруудахгүй байх аа. Гэрийн мухарт сууж номын мөр хөөсөн миний бөндгөрт энэ мэт бодлууд эргэлдэж байхад Улаанбаатарын захирагч, УОК-ийн гишүүд болон улсын ерөнхийлөгч нар маань бүр ч холыг харж хоёрыг сэтгэдэг байгаасай даа.
Д.Болдбаатар
"Гэгээ" боловсролын төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.