С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэх хугацааг нэг жилээр хойшлуулсан

Twitter Print
2019 оны 12-р сар 25-нд 19:21 цагт
Мэдээний зураг,

Он гараад нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан ч ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан.

Энэ тухай салбарын сайд С.Чинзориг "Олон улсын валютын сантай хийсэн санхүүгийн өргөтгөсөн хэлэлцээрт хоёр удаа өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд дэмжлэг авч ажиллахаар болсон. Нийгмийн даатгалын алдагдлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэхийн тулд холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Тухайлбал,  гурван жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхэд засгийн газар хэлэлцээр байгуулсан.

Тэтгэврийн нас нэмэгдүүлсэн нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг судлахад жил бүр зургаан сараар нэмэгдүүлэх нь өнөөгийн нөхцөлд төдийлөн нийцэхгүй байгаа нь харагдсан. Сүүлийн 20 жилийн судалгаагаар монгол хүний дундаж наслалт жилд гурван сараар нэмэгдэж байгаа учраас тэтгэврийн насыг жилд зургаан сар биш гурван сараар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Нөгөө талаас хөнгөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэхгүй байх нь зүйтэй гэж үзэж, хуульд өөрчлөлт оруулсан. Энэ нь нийгмийн даатгалын хуультай холбоотой Олон улсын валютын сантай  хийсэн хэлэлцээрт өөрчлөлт оруулсан анхны алхам байсан. 

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан учраас 2020 оны нийгмийн даатгалын сангийн орлого дээр өөрчлөлт орж байна. Байгууллагын болон ажилтны төлөх шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэхэд 174 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд орох ёстой байв. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авчихсан тул үүнийг /174 тэрбум/ байгууллагын шимтгэлийн орлогоос хасаж тооцож байгаа юм. 2020 онд 2.6 их наяд төгрөгийн орлого оруулна гэж төлөвлөж байгаа нь хэвээр үлдэнэ. Үүнийг ирэх жил нийгмийн даатгалын хамрах хүрээг тэлэх, нийгмийн даатгалын сангийн өр авалгыг бууруулах замаар биелүүлнэ гэж зорьж байна.

Олон улсын валютын сантай өргөтгөсөн хэлэлцээр байгуулсны үр дүнд нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэж байна. Бид өмнө нь сарын хүүгүй, арилжааны банкуудаас зээл авч, тэтгэвэр тэтгэмжээ тавьж байсан. Одоо нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдсэн. Хоёр сарын тэтгэвэр тавих нөөцтэй явж байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор орлого мэдээж буурна.

Ирэх оноос бид тэтгэвэр тавих нэг сарын нөөцтэй явах нь ээ. Энэ жилийн нийгмийн даатгалын сангийн орлого 170 тэрбум төгрөгөөр давж явж байна. 160-аад тэрбум төгрөгөөр тэтгэвэр олгодог. Нийгмийн даатгалыг үе шаттайгаар нэмэгдүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, шимтгэл нэмэхгүйгээр орлогоо бүрдүүлэхээр болж байгаа тул нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг хоёр хувиар нэмэх хугацааг нэг жилээр хойшлуулж, 2021 онд үйлчлэхээр болгож, хуульд өөрчлөлт оруулсан.

Тиймээс олон улсын валютын сантай хийсэн хэлэлцээрт мөн өөрчлөлт оруулах байх. Хуулийг огт хэрэгжүүлэхгүй бус нэг жилээр хойшлуулсан гэдгийг ярилцах зайлшгүй шаардлагатай гэж бодож байна. Ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэл нэг хувь, байгууллагын төлөх шимтгэлийн хэмжээг нэг хувиар нэмэгдүүлэх байсан бол  үүнийг бусад орлогоор нөхөж олохоор ажиллаж байна" гэлээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.